Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

Төрийн наадмыг аймаг хоорондын тэмцэл мэт хөөрөгддөгөө зогсоох хэрэгтэй DNN.mn

Үндэсний их баяр наадмын тухай хуульд өөрчлөлт оруулахаар Засгийн газраас төсөл өргөн барьж, УИХ хэлэлцэхийг дэмжсэн. Ирэх долоо хоногоос УИХ-ын байнгын хороогоор хэлэлцэгдээд явчих шинжтэй. Лавтай наадмаас өмнө батлах биз.

Уг хуулийг 2003 онд баталснаас хойш нийт зургаан удаа өөрчлөлт оруулсан бөгөөд бөх, уяач, харваачдад цол чимэг олгох, допингийн шинжилгээ авах, хариуцлага тооцох зэрэг зохицуулалтуудыг тусгаж өгчээ. Энэ удаагийн төсөлд мөн л допингтой холбоотой асуудлыг төгөлдөржүүлэх, хурдан морины сэрвээний өндрийн стандарт тогтоох, наадмыг нэг өдөр орон даяар хийх зэрэг олон өөрчлөлтүүд урьдчилсан байдлаар ороод байна. Гэхдээ хууль санаачлагчид хамгийн чухал нэг зүйлийг орхигдуулсан харагдаж байна. Тэр юу вэ гэвэл, төрийн наадамд барилдаж байгаа бөхчүүд, харваачдыг аймаг сумаар нь цоллон зарладгийг хориглох заалт хуульд зайлшгүй оруулах ёстой юм. Баяр наадмын тухай хуульд “Үндэсний их баяр наадам нь Монгол Улсын тусгаар тогтнол, бүрэн эрхт байдлыг бэлгэдсэн үндэсний уламжлалт их баяр мөн” хэмээн тодотгон зааж өгсөөр байтал аймаг, сумдын хоорондын өрсөлдөөн,тэмцэл, наадаан мэтээр үзэж, зохион байгуулж иржээ. Ялангуяа энэ нь бөхийн барилдаан дээр маш тод харагддаг. Бөх эхлэнгүүт тэр аймгийн тэр сумын харьяат тийм бөх гээд л барилдаж буй бөхчүүдийг нэг бүрчлэн аймаг, сумаар нь зарладаг. Тухайн аймагт төрж өссөн энэ тэр бол огт хамаагүй, аав ээжийнх нь нутгийг хүүхдүүдэд нь шууд залгамжлуулан дуудуулдаг. Ийм нэг жалга довны үзэл нь Төрийн их баяр наадмыг 21 аймаг, 300 гаруй сумдын өрсөлдөөн, бие биенээ давж илүү гарах гэсэн мөчөөрхөл болон хувиргаж, буруу тийшээ улам л утга төгөлдөр болон хөгжиж байгааг бид харж байна. Юун үндэсний их эв нэгдэл байхав, тарж бутарсан, таарч тохирохгүй улс л бие биенээсээ илүү гарах гэж үзэж тарж байх шив.

Улсын наадмын дараа хаанахын бөх түрүүлснээс улбаалан монголчууд халх, увсаараа хуваагдан сүрхий зөрчилддөг. Увс аймгаас бөх их гардаг ч юм байгаа, наадамд түрүүлсэн бөхөө увсынхан толгой дээрээ суулган “Увс нуур”-аа дуулан, цагаачилж ирсэн бага ястны царай гарган гүйлддэг. Хэрэв төвийн аймгуудаас наадамд бөх түрүүлбэл мөн л иймэрхүү ааш аяг гаргана.

Жил жилийн наадам дандаа ийм уур амьсгалтай болдог. Наадмаас наадмын хооронд үүнийг л ярьдаг. Тиймээс бөхчүүдийг аймаг, сумаар нь нэрлэн зарладаг ийм байдлыг хуулиар хориглож өгөх цаг нь болжээ. Хэрэв жилийн жилд ийм эв эегүй, аймаг сумаараа бие биенээ давах гэсэн хандлага газар авсаар байх юм бол Үндэсний их баяр наадмын үзэл баримтлал эсрэгээрээ эргэж мэдэхээр байна.

Үнэндээ Улсын наадам бол төв халхынхан ч юм уу баруун аймгийнхны наадам биш билээ. Улсын наадам бол Монгол төрийн их наадам юм. Монгол Улсын бүхий л иргэд эн тэнцүү, тэгш эрхтэй, эв нэгдэлтэй оролцох үндэсний их баяр юм. Баяр бол хүмүүсийг эвлэлдүүлэн нэгтгэх үндэстэн нэгтэндээ эергүү сэтгэл төрүүлэхэд хэрэглэгддэг зан үйл юм. Манай наадмын бөх л лав энэ тал дээр тийм биш улам л хагалаад байх шиг санагддаг. Тэр нь энэ их сум аймгаар нь онцлон дууддагаас болоод байх шиг.

Өөр нэг зүйл гэвэл, бөхчүүдийг анхандаа өөрийн төрсөн нутаг юм уу, аавынх нь нутгаар харьяалуулан дууддаг байснаа одоо бүр аав, ээж, ах дүүгийнх нь нутгийг бүгдийг нь хаман хэлж байгаа нь үнэн утгаа алдаж байна. Тухайлбал, Оргихын Хангай гээд бөхийн аав нь Говь-Алтайнх, ээж нь Ховдынх бөгөөд өөрөө Ховдод төрж. Тэгэнгүүт нь бөхийн барилдаан дээр Говь Алтай аймгийн уугуул, Ховд аймгийн харьяат гэж зарлаж байгаа нь нутаг усаараа биенээсээ илүү гарах гэсэн үзэл хэт хавтгайрч, аймаг хоорондын талцал тэмцэл болсныг харуулна. Бөхийн засуулууд нь ч наад цаад захын ойлголтгүй хүмүүс байдаг бололтой. Тэд бөхийн удам судрыг айхтар мэддэг гэдгээ гайхуулан, барилдаан бүр дээр түүнийгээ зарлаж явдаг хүмүүс. Тухайлбал “Энэ бөхийн аавынх нь талын авгууд тэгж барилдаж амжилт гаргаж байсан, нагацууд нь ингэж барилдаж давж байсан хүмүүс. Тиймээс энэ бол ингэж барилдахаас аргагүй, удамт бөх….” энэ тэр гээд л явж өгнө. Арай л бөх удамгүй бол барилдах хэрэггүй гээд хэлчилгүй хадуурна. Ийм нэг биеэ өргөх, өөрийгөө хэт тоох үзэл хандлага давраад бусдыг байнга доош хийж, басамжилж эхэлдэг. Өдгөө өөрийгөө хэт тоох үзэл хувь хүнээс халиад аймаг, сум хоорондоо ийм хандлагатай болоод байгаа. Бөх тайлбарлагч нар нь энэ үзлийг байнга өрдөж, дэвэргэж байдгаа өөрсдөө ч анзаардаггүй биз ээ. Тэд бараг ой гутмаар цус ярьдаг. Тэр цусны тэр удмын бараг аавынх нь сүүлэрч байгаад гаргасан хүүхдийн тэд дэх удам гэх нь халах юм болцгоон амаа урах шахдаг болжээ.

Монгол бөхийн хөгжил ийн урвуугаараа эргэж, нутаг ус, жалга довны үзэл нь үндэсний эв нэгдлийн эсрэг, ард олныг хагалж бутаргах хэмжээнд хүрч байгаа учраас Баяр наадмын тухай хуульд үүнийг заавал хориглох хэрэгтэй байна. Социализмын үед бөхчүүдийг ингэж нутаг усаар нь дууддаггүй байв. Тэр үед зүгээр л “Хоршоолол нийгэмлэгийн бөх”, “Алдар нийгэмлэгийн бөх тэр” гэх мэтчилэн дууддаг байлаа. 1989 оноос хойш үндэсний бүхнээ сэргээнэ гэсэн хийрхэл энэ салбарыг өнөөгийн байдалд хүргэжээ. Үүнтэй зэрэгцээд монгол бөхийн жудаг гэдэг зүйл алга болсон гэдгийг бөхчүүдийн ам авалтаас харж болно. Сүүлийн үед допинг хэрэглэдэггүй бөх гэж байхаа больсон гэж ярьцгааж, хүлээн зөвшөөрч байна. Ингэтэл доош унаж, хоцрогдож байна, монгол бөх, Монголын бөхчүүд. Тиймээс гадны спортынхон шиг амжилт гаргавал цол, мөнгө нь нэмэгдээд явдаг, ахихгүй нэгний цолыг нь доошлуулдаг дүрэм журамтай болгосон ч болохгүй юмгүй.

Хурдан морины тухайд сэрвээний өндөр энэ тэр гээд бөөн хэрүүл байх юм. Ер нь бол аль хурдан адуугаа л шалгаруулдаг уралдаан биз дээ. Адуугаа хурдлуулахын тулд үүлдэр угсааг нь сайжруулж, эрлийзжүүлэх нь уяачийн үүрэг. Тэнд бас л нутаг нуга, сум аймгаар нь дууддаг. Одоо бүүр уяачийг нь дуудах ч бага хэрэг болж морьдыг нь угшил удмаар нь дуудаж аймаг суманд хуваадаг болсон нь инээдтэй ч юм шиг эмгэнэлтэй ч юм шиг сонсогддог. Жижиг сажиг хэрүүлийг уул мэт өргөж хуульчилж байхаар үндэсний эв нэгдлийг чимх чимхээр нурааж байгаа зүйлсийг углуургаар нь өөрчилж, болохгүйг нь хориглох хэрэгтэй.

Ямартаа ч Монгол төрийн наадмыг жалга довны үзэлд баригдуулж, аймгуудын хоорондын өрсөлдөөн наадаан мэт үздэгээ зогсоох хэрэгтэй. Улсын наадмаас эхлээд том жижиг бүхий л барилдаан дээр үндэсний бөхчүүдийг аймаг, сумаар нь дуудахыг хориглон хуульчилж өг. Харин ивээн тэтгэгч компанийг нь, харьяалагддаг спорт клуб бөхийн галаар нь дууддаг болох хэрэгтэй. Өөрийн аймаг сумын нэрийг гаргах нь тухайн сум аймагтай сайхан л байдаг байж таарна. Харин бусдад нь тийм ч сайхан байдаггүй. Бид танай аймаг, танай сумаас илүү гэдгээ зарлаад байхаар таатай санагдахгүйгээр барахгүй бяцхан атаархал тэр нь яваандаа үзэн ядалт болоход ядах юмгүй. Юун биет өв мөв. Нэг бүтэн улс наадмын дараа бараг хагас жил баруун зүүн өмнө хойдоороо хуваагдан түрүүлсэн бөхийн нутаг найр наадам болоод л шилээ шөргөөн ханхалзах. Унасан аймгийн хүмүүс нь зэвүүцэнгүй тэрнийг нь харж байх сайхан байх уу. Ийм юман дээр л хууль санаачлагчид бодлого уралдуулах хэрэгтэй бус уу. Улсын наадмыг Монгол Улсын бөхчүүдээс гадна Өмнөд Монгол, Тува, Буриадын бөхчүүд, ард түмэн ирж хамтдаа цэнгэдэг Монгол туургатны эв нэгдлийн их наадам болгох талаас нь ярьж, бичиж, хуулиндаа тусгах нь зөв билээ.

Г.ГЭНДЭНДАРАМ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *