Categories
мэдээ улс-төр

ЧУУЛГАН: Төрийн болон төрийн өмчит хуулийн этгээдийн ашигт ажиллагаа 5.9 хувьтай байна DNN.mn

УИХ-ын чуулганы баасан гаригийн хуралдаан Төрийн болон орон нутгийн өмчит компанийн тухай хуулийн төслийг үргэлжлүүлэн хэлэлцэж байна.

Төрийн болон орон нутгийн өмчит компанийг байгуулах, өөрчлөн байгуулах, татан буулгах, тэдгээрийн хувьцаа эзэмшигчийн хувь хэмжээ, эрх үүрэг, компанийн удирдлагыг томилохтой холбоотой харилцааг Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулиар зохицуулж ирсэн. Гэвч төрийн болон орон нутгийн өмчит компанийг үүсгэн байгуулах үндэслэл, шаардлага тодорхой бус, төрийн зохицуулах болон өмчлөлийн бодлого салангид байх зарчим алдагдсанаар зах зээлийн нөхцөл байдал, ирээдүйд үүсэж болох эерэг, сөрөг үр дагаврын талаар үндэслэл бүхий иж бүрэн судалгаанд суурилалгүйгээр эдийн засгийг зохицуулах чиг үүрэг бүхий төрийн байгууллагууд харьяандаа аж ахуйн үйл ажиллагаа эрхлэх хуулийн этгээд үүсгэн байгуулж, зах зээлийн өрсөлдөөнд оролцож, хувийн хэвшлийн гүйцэтгэх боломжтой бизнесийн үйл ажиллагааг өндөр зардлаар эрхэлж байгаа нь төрийн болон орон нутгийн өмчит хуулийн этгээд үр ашиггүй, алдагдалтай ажиллах, авлига, ашиг сонирхлын зөрчил үүсэх, төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгө үнэгүйдэх, төр, орон нутагт үүсэх зардлыг нэмэгдүүлэх, төр, орон нутгийн зохицуулах болон өмчлөгчийн чиг үүрэг холилдох үндсэн шалтгаан болж байна. Тухайлбал, төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой хуулийн этгээдийн 2019 оны нийт орлого 9.7 их наяд төгрөг, үүнээс зардал нь 7.6 их наяд төгрөг, нийт ашиг нь 1.5 их наяд төгрөг байсан бол 2021 оны нийт орлого 11.8 их наяд төгрөг, үүнээс зардал нь 9.3 их наяд төгрөг, нийт ашиг нь 705 тэрбум төгрөг гарсан байна. Гэвч нийт ашгийн ихэнх хувийг “Эрдэнэс Тавантолгой” ХК, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын олсон цэвэр ашгаас бүрдүүлсэн байна. Бусад 160 гаруй төрийн болон төрийн өмчийн оролцоотой хуулийн этгээдүүдийн дийлэнх нь 5-10 хувийн ашигтай ажилласан боловч зардал нь өндөр, орлогынхоо 90-95 хувийг зардал нь бүрдүүлж байгаа аж.

Хуулийн этгээдийн зардал өндөр байх тусам ашиг багасч, төсөвт төлөх татвар, ногдол ашгийн хэмжээ буурахаас гадна үйл ажиллагааны цар хүрээ, эзэмшиж буй хөрөнгө, санхүүгийн эх үүсвэртэй харьцуулахад ашигт ажиллагаа, өгөөжийн түвшин бага байна. 2021 оны байдлаар төрийн болон төрийн өмчит хуулийн этгээдийн ашигт ажиллагаа 5.9 хувьтай байгаагаас “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ, “Эрдэнэс таван толгой” ХК-иас бусад нь 4 хувийн алдагдалтай ажилласан байна. Хөрөнгийн өгөөжийн хувьд 2021 онд 1.3 хувьтай гарсан бол Дэлхийн банкны судалгаагаар төрийн өмчит компаниудын хөрөнгийн өгөөжийг 0 хувьтай үнэлсэн байна. Мөн төрийн болон орон нутгийн өмчит хуулийн этгээдүүд улс, орон нутгийн төсөвт татвар, хураамж, төрөл бүрийн төлбөр хэлбэрээр 2019 онд 2.0 их наяд төгрөг, 2020 онд 1.3 их наяд төгрөг төвлөрүүлсэн байна. Энэ нь улсын нийт татварын орлогын 16.3 хувьтай тэнцэх бөгөөд үүний 8.8 хувийг “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ, 5.4 хувийг “Эрдэнэс тавантолгой” ХК тус тус бүрдүүлсэн байна. Түүнчлэн төрийн бодлогыг уялдуулах нэрийдлээр төрийн өмчит компанийн бизнесийн үйл ажиллагааны удирдлагад хэт оролцох, хөндлөнгөөс нөлөөлөх, удирдлагыг сонгон шалгаруулах, тэдгээртэй гэрээ байгуулах, сунгах, ажлын үр дүнг үнэлэх үйл ажиллагаа нь нээлттэй бус, улс төрөөс хамааралтай байгаа нь компанийн сайн засаглалын тогтолцоо бүрдэх, санхүүгийн сахилга баттай ажиллах нөхцөлийг хааж байна. Иймд төрийн болон орон нутгийн өмчит компани үүсгэн байгуулах үндэслэл шаардлагыг тодорхойлж, төрөөс эдийн засгийн харилцааг зохицуулахын зэрэгцээ хууль тогтоомжийн хүрээнд стратегийн ач холбогдол бүхий салбар, хувийн хэвшил гүйцэтгэх боломжгүй, зах зээлийн төвлөрөл өндөртэй нийтийн зориулалттай дэд бүтэц, нийтийн үйлчилгээний тодорхой салбар болон үндэсний аюулгүй байдлыг хангах чиг үүрэг бүхий батлан хамгаалах, хил хамгаалах, хууль сахиулах, шүүхийн шийдвэр гүйцэтгэх үүргийг хэрэгжүүлэгч байгууллагын үйл ажиллагааг дэмжих үйлчилгээний салбарт компани үүсгэн байгуулахаар хуулийн төсөлд тусгажээ.

Ингэснээр эдийн засгийн тооцоо, судалгаагүйгээр, хувийн хэвшил хийх боломжтой салбарт төр, орон нутаг хүссэн салбартаа төрийн болон орон нутгийн өмчит компани байгуулах боломжгүй болно. Түүнчлэн стратегийн ач холбогдолтой салбарын жагсаалтыг 4 жил тутамд Улсын Их Хурал, харин нийтийн зориулалттай дэд бүтэц, нийтийн үйлчилгээний тодорхой салбарын жагсаалтыг Засгийн газар баталж, төр ямар салбарт аж ахуй эрхлэх талаар тодорхой чиглэл гарч, бизнес эрхлэгчдэд урьдчилан тооцоолох боломж бүрдэнэ гэж төсөл санаачлагчид үзжээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *