Categories
мэдээ нийгэм

Хилээр нэвтэрч буй чингэлэгт тээврийн 50-60 хувийг барилгын материал эзэлж байна DNN.mn

Бүтээн байгуулалт ид өрнөж буй энэ үед барилгын материалын нийлүүлэлт, хангамжийг тасалдуулахгүй байх талаар БХБЯ анхаарч ажиллаж байна. Тус яамны Барилгын материалын үйлдвэрлэлийн хэлтсээс мэдээлж буйгаар улсын хилээр чингэлэгт тээвэр тасралтгүй явагдаж, өдөрт 80 орчим чингэлэг бараа бүтээгдэхүүн орж ирж байна. Үүний 50-60 хувийг овор хэмжээ багатай барилгын материал эзэлж байгаа аж.

Ховд аймгийн Булганы боомтоор сүүлийн саруудад автотээврээр барилгын туслах материал, шаардлагатай багаж хэрэгслийг татан авч барилгын нөөц материал бүрдүүлж байгааг мэдээллээ. Бүтээн байгуулалтын улиралд өдөрт дунджаар 300 орчим машин барилгын материал орж ирж байж эргэлтийг хангадаг байна.Түүнчлэн салбарын яам цементийн нийлүүлэлтийг нэмэгдүүлэх чиглэлээр тээврийн зохицуулалт хийж байна. Тодруулбал, тус яамны Барилгын материалын үйлдвэрлэлийн хэлтсээс “МАК цемент”, “Монцемент билдинг материалс” зэрэг компани болон “УБТЗ” ХНН-ийн төлөөлөлтэй уулзан цементийн нийлүүлэлтийн талаар хэлэлцлээ. Уулзалтаар цементийн үйлдвэрүүдэд вагон нэмж гарган 150-300 вагоноор ханган тээвэрлэлтийг нэмэгдүүлэхээр тогтлоо. Ингэснээр цементийн нийлүүлэлт нэмэгдэж, цементийн үнэ буурах боломж бүрдэнэ гэж үзэж байна. Өнөөдрийн байдлаар “МАК цемент” ХХК-д 22 вагон тавьж өгсөн бол “Монцемент билдинг материалс”-д 21 вагон тавьж, ачилт хийгээд байна.

Өнөөдөр болж буй барилга угсралт, барилгын материалын “BIM forum-2022” салбарын хэлэлцүүлгээр мөн барилгын материалын нийлүүлэлт, хангамжийн талаар ярилцаж байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *