Categories
гадаад мэдээ

Гурван зууны өмнө Карибын тэнгист живсэн хөлөгт их хэмжээний алтан зоос байжээ DNN.mn

Карибын тэнгисийн ёроолд гурван зууны өмнө живсэн домогт Сан Хосе хөлгийн дотор их хэмжээний алтан зоос хадгалагдаж байгааг Колумб улсын зэвсэгт хүчний тараасан гэрэл зураг харуулжээ.

Тус улсын эргээс холгүй тэнгисийн 950 метрийн гүн ёроолд уг хөлөг байгаа ба саяхан алсын удирдлагатай шумбагч машин илгээж, гэрэл зургуудыг буулгасан юм байна.

Гэрэл зурагт бас шаварт булагдсан үхэр буунууд, Хятад хийцийн аяга таваг, ваар, шилэн сав суулга дүрслэгджээ.

“Өндөр технологийн багаж хэрэгсэл, Колумбын тэнгисийн хүчний явуулсан ажиллагааны үр дүнд бид урьд өмнө нь хэзээ ч харж байгаагүй нарийвчлалтай гэрэл зургуудыг буулгаж чадлаа” гэж Колумб улсын ерөнхийлөгч Иван Дюк мэдэгдсэн байна.

Живсэн хөлгийн бүрэн бүтэн байдлыг хангаж, ирээдүйд татаж гаргах төлөвлөгөөтэй байгаагаа тэр бас хэлжээ.

зураг

Испанийн эзэн хааны эзэмшлийн Сан Хосе хөлөг 1708 онд Их Британитай хийсэн тэнгисийн тулааны үеэр живж байсан юм.

Хэрвээ уг хөлгийг Колумб улс уснаас гаргаж чадвал Испани улсаас гадна Боливи улсын уугуул иргэд эзэмшлийн асуудлаар маргаан үүсгэх нь тодорхой болоод байгаа.

Тухайн үед Сан Хосе хөлөг шинэ тивээс их хэмжээний эрдэнэс ачаад Испанийн эзэн хаан Тавдугаар Филипийн ордныг зорьж явжээ.

Хөлөг дээр ачиж явсан зүйлсийн үнэлгээ одоогийн ханшаар олон тэрбум доллар болно гэж үздэг. Мэргэжилтнүүдийн тооцоолсноор уг хөлөг хамгийн багадаа 200 тонн алт, мөнгө, үнэт чулуу ачиж явсан юм.

Хөлөг живэх үедээ 600 хүнтэй байснаас маш цөөн тооны хүн амьд үлдсэн гэдэг.

Үе үеийн эрдэнэсийн эрэлчид Сан Хосе хөлгийг хайгаад олж чадаагүй байсан бөгөөд 2015 онд л хаана байгааг нь тогтоож байжээ.

Колумб улс хөлгийг өөрийнх нь эзэмшлийн уснаас олдсон тул соёлын үнэт олдвороо хэмээн үзэж, эд зүйлсийг нь худалдахгүй гэсэн байр суурьтай байгаа.

Испани улс хөлгийг өөрийнхөө эзэмшил гэж үзээд агуулж буй эрдэнэсийг нь шилжүүлж авах хүсэлтэй байна. Өмнөд Америкийн Боливи улсын Кара Кара омгийн уугуул иргэд колоничлолын үед испаничууд тэднийг уурхайд боолчлон ажиллуулж байсан тул эрдэнэсийг эзэмших эрхтэй гэж бас үздэг юм.

Гэвч тэнгисийн гүн ёроолоос хөлгийг татаж гаргах нь өнөөдрийн техник, технологийн хүчин чадалтай харьцуулахад нэлээд бэрхшээлтэй асуудал болоод байгаа.

Колумбын эрх баригчид Картагена хотын эргээс холгүй энэ газарт живсэн хөлгийн өөр 13 олдворыг илрүүлсэн байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *