Бээжин хотын захиргаа “Ковид-19” цар тахлын эсрэг хязгаарлалтаа сулруулж, ресторан, хоолны газруудыг заалаар үйлчлэхийг энэ даваа гарагаас зөвшөөрч байна. Бээжинд сүүлийн хэд хоногт цар тахлын халдварын шинэ тохиолдлын тоо буурч байгаатай холбогдуулан хотын эрх баригчид халдварын зарим бүсээс бусад дүүргүүдэд хоригийг цуцлахаар шийдвэрлэжээ.
Өнгөрсөн дөрөвдүгээр сарын сүүлчээр Хятадын нийслэлд цар тахлын халдварын тоо нэмэгдэж эхэлмэгц ресторан, хоолны газрын үйлчилгээг хориглосон юм.
Хориг арга хэмжээг сулруулсантай холбогдуулан Бээжин хотын ихэнх дүүрэгт иргэдийг ажлын байрандаа ажиллахыг зөвшөөрчээ. Ингэхдээ төрийн болон арилжааны, бизнесийн байгууллагууд ажилчдаасаа сүүлийн 72 цагт өгсөн “Пи си ар” шинжилгээний сөрөг хариуг нь үзэж, ажлын байранд нэвтрүүлж байгаа юм байна.
Өмнө нь байгууллага, ажлын байр руу нэвтрэхэд 48 цагийн дотор өгсөн “Пи си ар” шинжилгээний сөрөг хариутай байхыг шаарддаг байсан юм. Мөн аялал жуулчлалын байгууллага, цэцэрлэгт хүрээлэн, кино театр болон бусад газрууд үйлчлүүлэгчийн тоо хязгаартайгаар үйл ажиллагаагаа сэргээж байна.
Түүнчлэн бага, дунд, ахлах сургуулиуд цахим хичээлээ зогсоож, ирэх 7 хоногоос танхимаар хичээллэхээр төлөвлөж байна. Бээжингийн эрх баригчид хөл хорио хязгаарлалтаа сулруулснаар эдийн засаг, бизнес, үйлдвэрлэл сэргэнэ гэж найдаж байна.