Эрх баригчид төрийн албан хаагчдыг барлаг мэт санаж, боол мэт харилцаад их удаж байна. Манай сонин өмнө нь энэ асуудлыг хөндсөн удаатай. Жанжин хүн цэргээ хайрлах ёстой гэж ирээд бичиж байлаа. Тэр нийтлэлийн “Цэргээ хайрладаггүй жанжин ямар ч тулаанд ялах боломжгүй” гэсэн агуулгыг анзаарч уншсан эрх мэдэлтэн хэд бол. Сүүлийн үед өрнөж буй үйл явдлуудыг анзаарах нь ээ төрийн албан хаагчдыг барлаг мэт үздэг том дарга нарын авир хэрээс хэтэрлээ. Төрийн толгойд гарсан эрх мэдэлтэн, ямба яндартан бүхэн төрийн албан хаагчдыг элдвээр хэлж гоочлох юм.
Популист удирдагчдын дээрэнгүй авираас гадна олон нийтийн шуурсан үзэн ядалт гэж айхавтар хандлага бас байна. “Муусайн төрийн албан хаагчид” гэж ирээд элдвээр зүхэж чичилцгээх нь яав ч эрүүл үзэгдэл биш. Саяхан сошиалаар сэвсэн дээ, нэг байгууллагын хэдэн ажилтан даргатайгаа ажил дээрээ архи задлаад сууж байна гэж. Сүүлд сонсох нь ээ өнөө газрын дарга ажлаасаа халагдах дээрээ тулчихсан сураг дуулдсан. Дараахан нь нэгэн хорооны даргыг бүлтэлзүүлсэн бичлэг цацагдаж, цалингаараа настай ээж, жаахан охиноо тэжээдэг хорооны дарга бүсгүй ажлаасаа гарах өргөдлөө өгч байв. Ер нь төрийн албан хаагчид руу илт дайрсан иймэрхүү өнгөтэй бичлэг байсхийгээд цацагддаг нь гэм биш зан болчихсон. Олны энэ хандлагаас болж ажлаасаа халагдаж, амьжиргаагаа алдсан төрийн албан хаагчид өчнөөнөөрөө бий. Зүгээр л нэг дэмий хийрхлээс болж ажлаа алдана гэдэг өр өвдмөөр хэлмэгдэл.
Хамгийн өрөвдмөөр нь юу гээч. Төрийн албан хаагчид нийгмийн хамгийн хэцүү давхарга болж хувирч байгаа нь. Тэднийг удирдаж залдаг, боолоо мэт санаж гар хөлийнхөө үзүүрт гүйлгэдэг, сонгуулиар өндөр сэнтийд хүрчихсэн эрх мэдэлтэй том дарга нар авлига хахууль гээд албан тушаалаараа арилжиж болох бүхнийг атгаж, халаасаа зузаалсаар аж төрдөг. Төдийгөөс өдий хүртэл ийм л байсан. Одоо ч тийм байгаа. Ирэх өдрүүдэд ч том дарга нар л мөнгөтэй мэдэлтэй амьдрах тогтолцоотой нийгэмд бид амьдарч яваа. Гашуун ч гэлээ бодитой, булзах аргагүй үнэн гэвэл энэ. Харин төрийн албан хаагчдад ийм “боломж” үгүй. Тэд бол цөөхөн төгрөгийн цалинтай, “иргэд хаан, та муусайнууд боол барлагаас өөр хэн ч биш” гэсэн олны хандлагад нуруугаа авахуулчихсан жирийн л иргэд.
Хувийн хэвшилд ажилладаг иргэдийн хувьд чадалтай чадвартай л бол хөлс хүчээ дажгүй үнэлүүлчих бололцоо бий. Харин төрийн албан хаагчдын тухайд тийм биш. Ажилласан жилээсээ хамаарч цалин нь бага багаар өсдөг хууль журамтай. Өргөн хэрэглээний барааны ханш өдөр өдрөөр өсч байхад тэдний цалин хэдэн жил тутамд цөөхөн төгрөгөөр өсдөг графиктай. Инфляц цойлж байгаа ийм үед төрийн албан хаагчдын гар дээрээ авдаг мөнгөөр амьдарна гэдэг амаргүй даваа.
“Муусайн төрийнхөн л авлига авдаг” гэсэн шүүмжлэл бий. Энэ шүүмжлэлийн гол эзэд нь төрийн албан хаагчид гэж нийтээрээ адлах нь их тод анзаарагддаг. Үнэн хэрэгтээ төрийнхөнд өгдөг авлигын мөнгө том дарга нарын л халаасыг зузаалдаг. Жирийн албан хаагч авлига авбал сошиал орчинд өнөө хорооны дарга бүсгүй шиг бүлтэлзүүлээд хэн ч биш болгох нь нэг дээр нэгийг нэмэхэд хоёр гардаг шиг тодорхой зүйл. Дахиад онцлоход, төрийн албан хаагчид эрх мэдлээрээ түрий барьж ахуй амьдралаа дээшлүүлдэг дарга нараасаа тэс өөр орчинд ажиллаж амьдарцгаадаг. Ажлаа гартаа оруулчихсан, ажилдаа дуртай, ажлаасаа өөрийг мэддэггүй чин зүтгэлтэй төрийн албан хаагчид хэдэн зуу, өчнөөн мянгаараа бийг энэ дашрамд зориуд онцолмоор байна. Яамдын ажил яг ийм зүтгэлтэй, сэтгэлтэй, мэргэшсэн төрийн албан хаагчдын нуруун дээр явдаг гэсэн яриа оргүй үг биш. Төрийн албан хаагчдын хувьд том дарга нар нь л хаа нэг архи сархад болж, хонь ямаа боож зугаалганд авч явдгаас өөрөөр гялайх гялтайх урам, дэмгүй аж төрцгөөдөг гэчихэд дэгсдүүлсэн болохгүй. Шуудхан хэлэхэд нуух юмгүй ил үнэн л дээ, энэ.
Манай том дарга нар, популист улстөрчид төрийн албан хаагчдад эр бярыг үзүүлнэ гэж жигтэйхэн харагдах юм. “Бид ард түмнээ аягүй гоё хайрлаад, аймаар гоё бодлого шийдвэр гаргах гээд байхад эдний байгаа царай нэг л биш ээ. Тэднээс болоод л бид…” гэж ирээд өнөө хэдэн төрийн албан хаагчид руугаа чичилдэг нь сүүлдээ бүр “моод” болчихлоо. За тэгээд юм л болбол төрийн албан хаагчид руу дайрцгаана. “Иргэд вакцин хийлгэхгүй байна, та нар эхлээд хийлгэ” гэж шахна. “Хүмүүс автобусаар үйлчлүүлэхгүй юм. Та нар ажил руугаа машин барьж ирэхгүй шүү. Ямар ч үед заавал автобусаар үйлчлүүл” гэж захиргаадна. Нэг сайд бүр тушаал гаргачихсан байл уу, яалаа.
Ерөнхийлөгчийг тэрбум мод тарина гэж амласнаас хойш амралтын өдрөө мод тарьж өнгөрөөх нь төрийн албан хаагчдын тухайд бүр үүрэг нь болчихсон. Хуулиар олгосон эрхийнхээ хүрээнд гэр бүлтэйгээ цагийг өнгөрөөх хоёрхон өдрийг нь “Мод тарь” гэсэн тушаал доор булааж авдаг болсныг манай Ерөнхийлөгч ингэхэд мэдээ болов уу. Төрийн албан хаагчдыг “Ажилтайгаа байя гэж боддог бол ирээрэй, хэрвээ ирж мод тарихгүй бол ажил, цалинтай чинь ярина шүү” гэж дарамталж байгаад мод тарих үйлсэд дайчилдаг болоод удаж байна. Махтай холбоотой дуулиан шуугиан дэгдсэнээс хойш нөөцийн махны борлуулалт эрс муудаад буй. Нөөцийн махны борлуулалт огцом унангуут “муу л бол захын хар овоохой” гэдэг шиг өнөө хэдэн төрийн албан хаагчдаа дарамтлаад эхэлж байгаа юм. “Мах ав, авахгүй бол…” гэж сүрдүүлэх жишээний. Эмээлтийн өчнөөн тонн өмхий махыг хүртэл өнөө дадсан сүрдүүлэг, дарамтаараа айлгаж тарааж мэдэх өнгө янз ажиглагдаад эхэлчихлээ.
Төрийн албан хаагч учраас өртдөг, хэлмэгддэг, хохирдог байдал ингээд зогсохгүй. Манай дарга нар эрх мэдэлд хүрэх тэмцэл, тулаандаа хүртэл төрийн албан хаагчдыг чадмаг ашигладаг башир аргатай. “Шударга тав” гэж анх гарч ирээд сүүлдээ хамаг том суудалд хүрцгээсэн нөхдийн жагсаал цуглаанд гэхэд л яг ийм сүрдүүлэг дарамтаар өчнөөн төрийн албан хаагч ажлаа хийдүүлээд талбай дээр очицгоосон түүх бий. Үр дүнд нь нэг бүлэглэл нь нөгөөгийнхөө эрх нөлөөг булааж, өдгөө төр түшицгээж, хамаг буруу, хамаг хүнд хүчрээ төрийн албан хаагчдад тохсон шигээ яваа. Төрийн албан хаагчдыг “залхаан цээрлүүлдэг” кейс ингээд зогсохгүй. Урлагийн үзлэг, элдэв тэмцээн зохион байгуулна гэж хүртэл цаг завыг нь бардаг бололтой анзаарагддаг. Харамсалтай нь төрийн албан хаагчдыг ингэж илт ашиглаж, тэгж ил цагаан дарамталж сүрдүүлж байхад эсэргүүцэж дуугарах хэн ч алга.
Эцэст нь хэлэхэд төрийн албан хаагчид бол хэн нэгэн том даргын амны зоргоороо сүрдүүлж, чичилдэг субьект биш. Нийт олноороо “Бид хаан, та нар бол бидний зарц барлаг” гэж чичилдэг хүмүүс ч биш. Ууж суугаа архины шилийг нь тоолдог, өмхий мах тараана гэж дарамталдаг, амралтын өдрөөр нь мод тариулах гэж цуглуулдаг хэсэг бүлэг бүр ч биш. Төрийн албан хаагч бол Монгол гэдэг улсын тусгаар тогтнолын эд эс, монгол төрийн эрэг шураг, тулгуур багана. Товчхондоо тэд ажлаа хийж яваа жирийн л иргэд. Эцэст нь нэг зүйл хэлмээр байна. Төрийн албан хаагчидтай боол мэт харилцмааргүй байна.