Бүгд Найрамдах Польш Улсын Гадаад хэргийн сайд бөгөөд Европын Аюулгүй Байдал, Хамтын Ажиллагааны Байгууллагын/ЕАБХАБ/ 2022 оны дарга З.Рау-гийн Монгол Улсад хийсэн албан ёсны айлчлал амжилттай болж өндөрлөлөө.
Айлчлалын хүрээнд З.Рау сайд Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд бараалхаж, Гадаад харилцааны сайдтай албан ёсны хэлэлцээ хийж, ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатартай уулзалт хийсэн.
Энэхүү айлчлалын хүрээнд Монгол, Польшийн найрсаг харилцааг өргөжүүлэн тэлэх, хоёр талын хамтын ажиллагааг эрчимжүүлж, шинэ агуулгаар баяжуулах талаар талууд өргөн хүрээнд санал солилцож, эдийн засаг, соёл, боловсрол, эрчим хүч зэрэг салбарын хамтын ажиллагааны зарим тодорхой тохиролцоонд хүрчээ.
Тавантолгойн дулааны цахилгаан станц, түүний дэд бүтцийн бүтээн байгуулалт зэрэг төслүүдэд хамтран ажиллах боломж байгаагаа илэрхийлсэн.
Польш улсын шинжлэх ухааны архивт хадгалагдаж байгаа Богд Хаант Монгол Улсын 1915 оны хүн амын тооллогын баримтыг эх хувиар нь авах саналыг Хууль зүй дотоод хэргийн сайд Х.Нямбаатар тавьсан. Уг асуудлыг 2022 оны есдүгээр сард тус улсын ерөнхийлөгч Монгол Улсад хийх айлчлалын үеэр шийдвэрлэнэ гэдгийг сайд З.Рау мэдэгдсэн юм.
Польш улсын Гадаад хэргийн сайд З.Рау “Миний энэ айлчлал ЕАБХАБ-ын бүс нутгийн хувьд аюулгүй байдлын томоохон сорилттой тулгарч буй цаг үетэй давхцаж байна.
ЕАБХАБ нь цэргийн мөргөлдөөнөөс урьдчилан сэргийлэх эрхэм зорилготой байгууллага юм.
Өнгөрсөн 50 гаруй жилийн хугацаанд хөгжиж ирсэн энэ байгууллагыг аюулгүй байдлыг хангах тухай Хельсинкийн зарчмуудыг баримтлах түүний эрхэм зорилго, онцгой горимыг хүндэтгэх анхдагч зорилгоо хэрэгжүүлэхэд нь чиглүүлэхийг зорьж байна” хэмээн байр сууриа илэрхийлэв.
Түүнчлэн БНПУ Улаанбаатарт Элчин сайдын яамаа сэргээн нээснийг Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг сайшаан тэмдэглэсэн юм.