Categories
мэдээ нийгэм

Архи “Баасан гариг“ гэж хөөрөхөө байя аа, залуус аа DNN.mn

Архины хэрэглээ “аймар” байгаа нь үнэн. Анзаараад байхад сүүлийн үед “цэмбэгэр” уугчид, “Залуу нас шүү дээ”, “Нэг л амьдарна”, “Орой яах юм”, “Баасан шүү дээ” гэх хөнгөхөн үгсээр далдалж өөрийгөө архины хамааралтай болсонд үл итгэгчид олширчээ.

“Долоо хоногийн баасан гараг болгонд шар айраг, согтууруулах ундаа хэрэглэмээр санагдаж байвал та архины эмгэгтэй болжээ гэсэн үг” гэж Нархологийн эмнэлгийн дарга ярьж байсан.

Гэтэл энэ улсад баасанд л гарахгүй бол болдоггүй сэтгэхүй давамгайлж байна. Залуус цэнгэн хөгжилдөж болно. Гэхдээ өөрөө ч мэдэлгүй архины хамааралтай болж, тэндээсээ гарч чадалгүй сэтгэлийн тэнхээ дутаж, хүчгүй сул дорой нэгэн болж эцэст нь дээвэр рүү гүйж гарах хүмүүс байна.

Дүүргийн эмнэлэгт ажилладаг эмч найз маань “Хүмүүс маш их архи ууж байна. Эмчилгээ хийлгэж байгаа хүмүүсийн нүдэнд нь хий юм харагддаг бололтой, цонхоор хараад ганцаараа хэр нь одоо гарлаа, очлоо гэх мэт зүйл яриад байдаг” гэж ярьж байлаа. Энэ худлаа үг, орхих сэдэв биш.

Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвийн ерөнхий захирал Л.Насанцэнгэл “Монголд 93 мянган хүн архинд донтох эмгэгтэй байна. Нийт насанд хүрэгчдийн тэр дундаа эрэгтэйчүүдийн 51 хувь нь архины хэтрүүлэн хэрэглээтэй байна. Манай төвд жилд 1800 хүн архинд донтох эмгэгээ хэвтэн эмчлүүлдэг. Жилд 3000-4000 хүн л ямар нэгэн байдлаар эмчилгээ хийлгэсэн бол 80 гаруй мянган хүн огт тусламж үйлчилгээ аваагүй явж байна. Архинд донтох эмгэг маш олон төрлийн өвчлөл үүсгэдэг. 60 гаруй өвчний эх үүсвэр, нас баралтын гол шалтгаан, зүрх судасны эмгэг, хавдар, осол гэмтлийн шалтгаан болж байна” хэмээсэн.

Гудамжинд унтаж л байдаг согтуу хүмүүсийн тоо цөөрсөн ч мансуурч, донтоод байгаагаа өөрөө өөртөө хүлээн зөвшөөрч чадахгүй “Би архичин биш” гэж гүрийсээр үнэнтэй нүүр тулахдаа “Би ингээд л архичин болчихсон гэж үү” гэж өөртөө гутарсаар орчлонгоос буцах тухай бодох хүн их болсныг үүгээр анхааруулмаар байна. Архи бол хүний сэтгэлзүйг хамгийн доод цэгт хүртэл унагаж чаддаг муухай ундаа.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *