Categories
мэдээ нийгэм цаг-үе

Г.Мөнгөнбаатар: Зургадугаар сард тариалангийн бүс нутгаар хур орох төлөвтэй байна DNN.mn

Цаг уур орчны шинжилгээний мэргэжилтэн Г.Мөнгөнбаатартай ярилцлаа.


-Энэ зуны цаг агаарын төлөв ямар байх нь вэ. Малчид, тариаланчдын зүгээс онцолж байгаагаар бол нийт нутгийн дийлэнх нь хуурай, гандуу байна гэх юм.

-Ерөнхий төлөв олон жилийн дундажтай харьцуулахад нийт нутгаар хуртай харагдаж байна. Харин тавдугаар сарын тухайд нийт нутгийн 90 орчим хувьд нь хуурай байлаа. Олон жилийн дундажтай харьцуулахад бага хур тунадас орлоо. Өнгөрсөн жил намар орой болтол хур тунадастай байсан. Тэр нөөц нь сая хэрэг боллоо. Цаашид нөхцөл байдал хүндэрч мэдэхээр байгаа юм. Гэхдээ зургадугаар сарын урьдчилсан төлөвөөр тариалангийн бүс нутгаар хур орохоор харагдаж байна. Үүнд найдаж байгаа. Энэ хаврын тухайд онцлоход нийт нутгийн 60 орчим хувь нь гандуу байлаа. Мэдээж үүний дийлэнх нь говийн аймгуудад хамааралтай. Яг одоогийн байдлаар бол ихэнх нутаг хуурайшилтын байдалтай байна.


-Нийт нутгийн дийлэнх нь хуурайшилттай байгааг та онцолж байна. Цаг уурын байгууллагаас хур тунадас оруулах тал ямар ажиллагаа явуулж байна вэ?

-Манайд цаг агаарт зориудаар нөлөөлөх үйл ажиллагааг сүүлийн 30 орчим жил явуулж байна. Энэ ажил Засгийн газрын тогтвортой хөтөлбөрт 2007 онд орсон байдаг. Өнөөдөр улсын хэмжээнд 46 ширхэг экспедиц ажиллаж байна. Цаг агаарт зориудаар нөлөөлөх энэ үйл ажиллагааг буруугаар ойлгодог хандлага манайд нийтлэг байдаг. Аливаа дусал цөмтэй байж үүсдэг.

Тэр цөмийг нь үүлэнд хүргэж байгаа л үйл явц юм. Манайх далай тэнгисээс хол, хуурай уур амьсгалтай орон. Дээрээс нь дэлхийн дулаарал, уур амьсгалын өөрчлөлт нөлөөтэй холбоотойгоор үүлний усархаг чанар илэрхий муудсан. Үүнтэй тэмцэх гол ажил нь цаг агаарт зориудаар нөлөөлөх үйл ажиллагаа гэж харж байгаа. 1999-2000 оноос хойш Монгол орны газар нутгаар хуурайшилт идэвхжиж ирсэн. 2006 онд малчдын санаачилгаар цаг агаарт зориудаар нөлөөлөх ажлын суурь тавигдсан. Үр дүнд нь сүүлийн жилүүдэд боломжийн ургац хурааж байна. Засгийн газраас ч ач холбогдол өгч байгаа.

-Энэ жилийн тухайд цаг агаарт нөлөөлөх үйл ажиллагаа явуулав уу. Хаана ямар байршилд экспедиц ажиллуулав. Ямар үр дүн гарав?

-Тавдугаар сарын 5-наас эхэлж экспедицийн үйл ажиллагаа явууллаа. Одоогийн байдлаар 15 аймагт давхардсан тоогоор 28 экспедиц ажиллаж байна. Говийн аймгуудын тухайд процесс орж ирэхгүй юм. Орж ирсэн тохиолдолд хүчтэй салхилаад үүл нь тогтохгүй зэрэг бэрхшээл гарч байна. Гол төлөв Сэлэнгэ, Булган гээд тариалангийн бүс нутгуудад экспедиц ажиллаж, үүл буудсан. Саяхан л гэхэд Булганд ажиллуулахаар төлөвлөсөн ч хүчтэй салхилаад ажиллуулж чадсангүй.

-Энэ үйл ажиллагаанаас бодит үр дүн байна уу. Энэ ажил бага биш хэмжээний төсөв зарцуулдаг болохоор л тодруулж байна л даа. Та бүхэн үр дүнгийн судалгаа хийж байсан уу?

-Хуучин байгалийн үүл ирээд л бороо ороод өнгөрдөг байлаа. Бидний зүгээс явуулж байгаа үйл ажиллагаа бол тодорхой хэмжээнд орж байгаа тунадсыг нэмэгдүүлэх, орохгүй байгааг нь оруулахад чиглэж байна. Төв суурин газар болон говийн зарим сумдад жаахан үүл ирэхэд л салхилаад хөөгөөд явуулдаг. Ийм тохиолдолд бид албадлага хэрэглэж хур тунадас оруулж байгаа юм.

Бидний зүгээс 2016 онд ХХААЯ-тай хамтарч газар тариалангийн бүс нутагт үйл ажиллагаа явуулсан юм. Тэр жил хангалттай хэмжээний ургац хураасан. Гарсан үр дүнд судалгаа хийхэд орох хур тунадсыг 1 мм-ээр нэмэгдүүлэхэд 2 центр ургац нэмэгдсэн үр дүн гарсан. Үүнээс гадна бэлчээрийн ургамлын тухайд хамгийн багадаа л 4-5 мм хур тунадас унаж байж тодорхой хэмжээгээр өндөр нь нэмэгддэг. Үүнийг шинжлэх ухааны тооцооллоор гаргаж ирсэн.

-Экспедицийн үйл ажиллагаа явуулахад цаг уурын хүчин зүйл бэрхшээл учруулдаг юм байна.

-Тийм. Тодорхой хэмжээний бороо оруулдаг. Гэтэл тухайн бүс нутагт өдөртөө халаад шөндөө хасах хэм рүү орж сэрүүсэх тохиолдол бий. Энэ тохиолдолд шөнөдөө хайрагдана. Ингэхэд ургамлын өндөр нэмэгддэггүй. Мөн хур ороод байхад салхилаад байвал хэцүү. Таримал ургамлын үндсийг нь сунгачихдаг. Үрийн боловсруулалт явагдахад үндэс нь бага байвал авах ургацын хэмжээ багасна л гэсэн үг. Ийм бэрхшээлүүд бий. Мөн гайгүй ургац аваад хураах болоход зогсоо зайгүй бороо ордог хүндрэл бий. Нэг бол гэнэт цас ороод дарчихдаг. Энэ мэтийн хүндрэлүүд сүүлийн жилүүдэд түгээмэл гарч байна. Үүнд үндэслээд хэлэхэд газар тариалангийн технологио сайжруулах цаг ирсэн. Өөрийн орны хөрсөнд тохиромжтой ургамлуудыг богино хугацаанд ургуулах тал дээр анхаарах хэрэгтэй байна л даа. Уур амьсгалын өөрчлөлт газар тариалангийн салбараас технологийн шинэчлэлтийг шаардаж байна. Монгол орны уур амьсгалд тохирсон бордоог ашиглах нь чухал. Юм хөгжсөн шүү дээ. Тариалангийн салбарынхан маань хур хүлээгээд л суудаг, цасанд даруулаад л уруу царайлж суудаг цаг ард үлдсэн.

-Энэ жил цаг агаарт зориудаар нөлөөлөх пуужингийн нөөц ямар хэмжээнд байна вэ?

-Өнгөрсөн жилийн тухайд ковидын нөхцөл байдлаас шалтгаалаад пуужингуудаа авч чадаагүй. Бидний тухайд урд хөршөөс авдаг юм. Энэ жил авахаар Засгийн газар, Байгаль орчны яам зэрэг холбогдох газруудад хандсан байгаа. Оруулж ирэхэд тодорхой хэмжээний асуудал үүссэн. Энэ маань тэсэрч, дэлбэрэх бодисын ангилалд багтдаг нь нөлөөлсөн болов уу. Одоогоор тэдийд орж ирнэ гэсэн сураг гараагүй л байна. Энэ жилийн тухайд өнгөрсөн жилийн нөөцдөө тулгуурлаж хэмнэлтийн горимоор ажиллаж байгаа. Энэ нь бидний цаашдын үйл ажиллагааны үр дүнд тодорхой хэмжээнд нөлөөлөхөөр болчихоод байна л даа.

-Буудсан үүл бүрээс хур тунадас ороод байхгүй болов уу. Үүнд та бүхэн тандалт хэрхэн хийдэг вэ?

-Бид цаг уурын мэргэжлийн улс. Ямар хэмжээний процесс ирж байна вэ, ямар фронт явж байна, ямар үүл үүсэв, харвах ёстой мөн үү, биш үү гэх мэт зүйлсийг судална. Хамгийн гол нь гурваас тавдугаар сард их салхитай байдаг. Үүнтэй холбоотойгоор “Эд нар гарч ажилласангүй, үүлээ хөөгөөд явуулчихлаа” гэх зэргээр шүүмжлэх нь бий. Тийм зүйл байхгүй. Үүлэнд гурван грамм бодис очоод л тардаг. Уурыг өөртөө нэгтгэх дуслын цөмийг бий болгож байгаа юм. Усны дуслуудыг өөртөө нэгтгээд томорч эхэлнэ гэсэн үг л дээ. Ингэснээр доош унах хэмжээнд хүрнэ. Унагаж чадахгүй бол бороо орохгүйгээр салхинд хөөгдөөд л яваад өгнө. Энгийнээр тайлбарлахад ийм л үйл явц.

-Манай орны дээгүүр дамжин өнгөрч буй үүлний усархаг чанар ямар байна вэ?

-Уур амьсгалын дулаарлын өөрчлөлтөөс шалтгаалж багассаныг би дээр онцолсон. Тодорхой хэмжээний албадлага зайлшгүй шаардлагатай. Экспедиц ажиллахгүй л бол дамжин өнгөрөх үүлнээс хур авч чадалгүй өнгөрүүлэх эрсдэл бий блчихоод байна л даа. Ингэхдээ бид хамгийн хямд технологи ашигладаг. Хүн барьж очоод л ажиллуулдгийг та бүхэн мэдэж байгаа шүү дээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *