Чуулганы хуралдаанаар Төрийн албаны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцэв. УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэн хуулийн төслийн талаар танилцуулав.
Улсын Их Хурлын 2010 оны 48 дугаар тогтоолоор баталсан Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлалд “төрийн залгамж чанар, төрийн албаны мэргэшсэн тогтвортой байдал, хууль ёсыг дээдэлсэн авлигагүй төрийн алба, төрийн албаны үйлчилгээний чанар хүртээмж”-ийн талаар тусгаж, шинэ үеийн төрийн албаны хөгжлийн чиг баримжааг тодорхойлсон. Түүнчлэн засаглалыг сайжруулах, авлигаас урьдчилан сэргийлэх, төрийн албаны ил тод, хариуцлагатай, шударга үйл ажиллагааг бэхжүүлэх, төрийн албан тушаалтан албан үүргээ гүйцэтгэхдээ төрийн ашиг сонирхлыг хувийн ашиг сонирхлоос дээгүүрт тавих зэрэг шаардлага байгааг үндэслэн төрөөс Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийг батлан мөрдүүлж байна. Гэвч бодит байдал дээр улс төрийн албаны томилгоо нь ямар нэгэн шалгуургүй, хувийн болон улс төрийн ашиг сонирхлын үүднээс хандаж шийдвэр гаргах, томилогдсон улс төрийн албан тушаалтан нь ёс зүй, мэргэжил, ур чадварын хувьд хангалтгүй байх үзэгдэл хэвээр байна. Улс төрийн албанд ямар нэгэн хууль зүйн шаардлага тавихгүй байгаа учир төрийн албанд сүүлийн жилүүдэд хүнд суртал нэмэгдэж, төрийн үйлчилгээний чанар, хүртээмж, үр дүнд ноцтой доголдол гарах нөхцөл нэмэгдэх боллоо. Энэ байдал даамжирвал нийтийн эрх ашиг, хэрэгцээ, сонирхолд нийцүүлэн нийгмийг удирдан чиглүүлэх, аж ахуй, нийгэм, соёлын байгуулалтыг удирдах, хууль тогтоомжийг хэрэгжүүлэх төрийн чадавх сулрах, иргэдийн төрд итгэх итгэл буурах зэргээр манай улсын үндэсний аюулгүй байдалд сөргөөр нөлөөлөх байдал бий болсон учир Төрийн албаны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж үзжээ.
Хуулийн төсөлд тусгасан улс төрийн албан тушаалтанд тавигдах нийтлэг болон тусгай шаардлагыг баталснаар төрийн гүйцэтгэх эрх мэдэл, орон нутгийн удирдлагын мэдлэг, ур чадвар, ёс зүйн хариуцлага нэмэгдэх, төрөөс баримталж буй бодлого хэрэгжих бөгөөд иргэд төрд итгэх итгэлийг нэмэгдүүлэх, төрийн үйлчилгээг үр дүнтэй болгох, шийдвэр гаргалт, хэрэгжилтийг удирдлагаар хангах, хэрэгжүүлэх зэрэг нийгэмд эерэг үр дүн гарна хэмээн хуулийн төсөл санаачлагчид үзэж буй аж.
Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх буюу 60 хувь нь төслүүдийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэхийг дэмжсэн хэмээн УИХ-ын гишүүн Ж.Сүхбаатар танилцуулсан.
Хуулийн төсөлтэй холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт асууж, байр сууриа илэрхийлсэн бөгөөд өдгөө хэлэлцүүлгийн шатанд байгаа Төрийн албаны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төслүүдтэй уялдуулж болох эсэх, улс төрийн албан тушаалд тавигдах тусгай шаардлагын талаар тодруулж байлаа.
Хуулийн төсөл санаачлагч төрийн улстөрийн албан тушаалд тавигдах шаардлагыг хуульчилснаар улс төрийн албан хаагчдын мэдлэг, ур чадвар дээшлэх, төрийн албаны нэр хүнд сэргэх, ёс зүй хариуцлага нэмэгдэх бөгөөд ашиг сонирхлын зөрчил, мэдлэг ур чадварын дутагдал хариуцлагагүй байдал зэрэг сөрөг үр дагаврууд багасна гэж үзэж байгаагаа илэрхийлсэн.
Хуулийн төслийг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх хэлэлцэхийг дэмжсэн учир анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Төрийн байгуулалтын байнгын хороонд шилжүүллээ.
УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэгийн өргөн мэдүүлсэн “Төрийн албаны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай” хуулийн төслийг хэлэлцэж эхлэв
Үргэлжлүүлээд УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэгийн өргөн мэдүүлсэн Төрийн албаны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцэж эхэлсэн юм.
УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэг, Монгол Улсын Их Хурлаас Төрийн албаны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг 2017 оны 12 дугаар сарын 07-ны өдөр баталж, 2019 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөхөөр тогтсон билээ. Төрийн албаны тухай хуулийн шинэчилсэн найруулга батлагдаад дариу 3 жил 9 сар, хүчин төгөлдөр мөрдөгдөж эхлээд 2 жил 9 сарын хугацаа өнгөрсөн боловч төрийн албаны шинэтгэлийн дараагийн үе шатыг эхлүүлэх, төрийн албыг иргэдийн эрх ашигт илүү нийцсэн, мэргэшсэн, тогтвортой, хариуцлага, ёс зүйтэй, үр ашигтай тогтолцоонд шилжүүлэх чухал ач холбогдолтой хуулийн зарим зохицуулалтын биелэлт хангалтгүй байна хэмээн хуулийн төсөл хэмээн танилцуулсан. Төрийн байгууллагын үйл ажиллагаа цалгардах, эзэнгүйдэх, төрийн албаны хууль зөрчигдөх нөхцөл зарим тохиолдолд үүсч байгааг тэрбээр дурдаад энэ нь төрийн захиргааны ахлах түшмэлээс эхлэн тэргүүн түшмэлийн ангилалд хамаарах албан тушаалд томилогдох иргэнд төрийн алба болон төрийн захиргааны албанд ажилласан байх хугацаа тогтоож, төрийн захиргааны албанд шинэ менежмент, мэдлэг хандлага нэвтрэх, хөгжихийг хязгаарлаж, төрийн улс төрийн, тусгай, үйлчилгээний албан тушаалд ажиллаж байгаа болон тухайн салбарт мэргэжлээрээ ажиллаж байгаа иргэн төрийн захиргааны албанд ажиллах боломжгүйд хүргэсэнтэй шууд холбоотой гэж үзэж байгаагаа илэрхийллээ.
Түүнчлэн, төрийн жинхэнэ албаны ерөнхий шалгалтыг жилд нэг удаа зохион байгуулж байгаа нь төрийн жинхэнэ албан хаагчийн нөөцийг бүрдүүлж төрийн албаны сул орон тоо гарсан даруйд нөхөх, төрийн байгууллагын хэвийн, тасралтгүй үйл ажиллагааг хангах шаарлагыг хангахгүй байна. Иймд төрийн албаны хөгжил, шинэтгэлийг бодитойгоор шуурхай хэрэгжүүлэх эрх зүйн орчныг бүрдүүлэх шаардлага, төрийн албаны хүний нөөцийн удирдлагыг гүйцэтгэх эрх мэдлийн байгууллага хэрэгжүүлж байгаа дэлхийн нийтийн чиг хандлагыг харгалзан Төрийн албаны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг боловсрууллаа гэлээ.
Төрийн улс төрийн, тусгай, үйлчилгээний албан тушаалд ажилласан болон тухайн салбарт мэргэжлээрээ ажилласан хугацааг төрийн албанд болон төрийн захиргааны албан тушаалд ажилласан хугацаанд тодорхой хувиар дүйцүүлэн тооцох, ийнхүү дүйцүүлэн тооцох журмыг Засгийн газар батлах, улмаар төрийн жинхэнэ албан тушаалын сул орон тоог төрийн улс төрийн, тусгай, үйлчилгээний албан тушаалд ажиллаж байгаа болон мэргэжлээрээ ажиллаж байгаа иргэнээс нөхөх зохицуулалтыг хуулийн төсөлд тусгасан байна. Мөн төрийн албаны хүний нөөцийн удирдлагын чиг үүргүүд Засгийн газарт байх талаар Монгол Улсын Засгийн газрын тухай хуульд заасан зохицуулалтад нийцүүлэн төрийн албаны төв байгууллагын үндсэн чиг үүрэгт үл хамаарах бүрэн эрх, үйл ажиллагааг хасаж, төрийн жинхэнэ албаны ерөнхий шалгалтыг улиралд нэгээс доошгүй удаа зохион байгуулж байх зохицуулалтыг тусгав. Төрийн албаны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлтэй холбогдуулан Авлигатай тэмцэх газраас хувийн ашиг сонирхол үүсэх эсэхээс бусад асуудлаар дүгнэлт, мэдэгдэл гаргахыг хориглох зохицуулалт бүхий Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг боловсруулсан хэмээсэн юм.
Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх хуулийн төслүүдийг хэлэлцэхийг дэмжсэн хэмээн УИХ-ын гишүүн Ц.Мөнх-Оргил танилцуулсан.
Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт асууж, үг хэлсэн бөгөөд төрийн албаны шатлан дэвших буюу мерит зарчим, төрийн албаны шалгалтыг зохион байгуулах цаг хугацааны талаар, хуулийн төсөлд тусгасан төрийн жинхэнэ албан тушаалын сул орон тоог төрийн улс төрийн, тусгай, үйлчилгээний албан тушаалд ажиллаж байгаа болон мэргэжлээрээ ажиллаж байгаа иргэнээс нөхөх зохицуулалтын талаар асууж тодруулан, байр сууриа илэрхийлснээр үдээс өмнөх хуралдаан өндөрлөлөө. Хуулийн төслийг хэлэлцэх эсэхийг үдээс хойших хуралдаанаар санал хураан шийдвэрлэнэ хэмээн УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.