Мягмар гарагт Их Британийн нийслэл Лондон хотын баруун хэсгийг зүүн хэсэгтэй холбосон шинэ метроны шугам ашиглалтад оржээ.
Нийт 100 орчим километр урттай уг шугамыг хатан хааны нэрээр Elizabeth Line хэмээн нэрлэсэн байна.
Шинэ шугамыг бүтээн байгуулахад 13 жилийг зарцуулж, $25 тэрбумыг зарцуулжээ. Ашиглалтад орох хугацааг хэд хэдэн удаа хойшлуулж байсан юм.
Лондон хотод хамгийн сүүлд 1979 онд газар доорх төмөр замын шугам шинээр нээгдэж байв.
Элизабетын шугамаар жил бүр 250 сая зорчигч үйлчлүүлэх тооцоо гаргасан байна. Шинэ шугам 40 өртөөг дайрах ба үүний 10-ыг шинээр байгуулсан бол 30 нь засаж сайжруулсан хуучин өртөөнүүд ажээ.
Лондон хотын баруун хэсгийг зүүн хэсэгтэй холбох төмөр замын санаа анх 1830 онд яригдаж эхэлсэн гэнэ. Ийнхүү бараг 200 жилийн дараа энэ санаа бодит биелэл болжээ.
Элизабетын шугамын бүтээн байгуулалтыг Crossrail Ltd компани гүйцэтгэсэн байна. Уг ажлыг гүйцэтгэхэд тус бүр 1,000 тонны даацтай найман ширхэг хонгил ухагч машин ашиглажээ.
Мөн хонгилоос 100 сая литр ус шавхаж гаргасан нь 40 ширхэг Олимпын стандартын усан санг дүүргэх хэмжээтэй болсон байна.