Categories
мэдээ нийгэм

Хууль бусаар мөрийтэй тоглосон иргэд дунд эрэн сурвалжлагдаж байсан этгээд байжээ DNN.mn

Эрүүгийн цагдаагийн албаны Зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсээс энэ сарын 17-ны өдөр Хан-Уул дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт “Ш”, “Б” нар нь 13 хүний дунд хуулиар хориглосон мөрийтэй тоглоом зохион байгуулж байсан үйлдлийг шуурхай илрүүлжээ.

Энэ талаар Эрүүгийн цагдаагийн албаны зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн мөрдөгч, Цагдаагийн ахмад А.Уугантуяа мэдэгдэхдээ “Хэргийн газраас 230 мянган төгрөг бэлнээр, 200 орчим читан, 10 гаруй гар утсыг хурааж авсан.

Мөн иргэн Ш-ийн ХААН банкны дансанд байсан 3 сая гаруй төгрөгийг царцааж, Хан-Уул дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэст мөрдөн шалгах ажиллагааг явуулж байна. Шалгалтын явцад тухайн хүмүүс дотор гэмт хэрэгт сэрдэгдэж, эрэн сурвалжлагдаж байсан иргэн А-г олж тогтоон цагдаагийн байгууллагад хүлээлгэн өглөө.

Мөн удаа дараа гэмт хэрэгт холбогдсон гурван иргэн тэдний дунд байсан” гэв. Цаашид иргэн та хуулиар хориглосон энэ төрлийн тоглоом тоглохоос сэргийлж, ойр тойрны хүмүүстээ мөн хэлж анхааруулж байхыг Цагдаагийн байгууллагаас санууллаа.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *