Categories
мэдээ онцлох-нийтлэл соёл-урлаг туслах-ангилал

Б.Пүрэвсүх: Ард түмэн намайг маш сайхан хүлээж авсан DNN.mn

Ерөөлч, магтаалч Б.Пүрэвсүхтэй ярилцлаа.


-Таны сүүлийн үеийн уран бүтээлийн олз омгийн талаар ярилцлагаа эхэлье?

-Миний хувьд Монголынхоо зан заншил, ардын язгуур урлаг аман зохиол буюу ерөөл, магтаалыг өөрийн хэмжээнд орчин цагийн залууст ойлгомжтой байдлаар хүргэхийн тулд дуу гэхээс илүүтэй аялгуут ерөөл гэдгээр гаргаж байгаа. Зарим хүмүүс дуу гэж ойлгож байна. Хүмүүст ойлгомжтой байлгахын тулд “Энх явж мөнх жарга”, “Ерөөе өө” буюу “Ертөнцийн наранд ивээгдэж есөн үеэрээ жаргаж яваарай” зэрэг аялгуут ерөөл гаргасан. Хамгийн сүүлд “Ай хө зэ хө” гэсэн Ганнам стилийн дуу гаргалаа. Тун удахгүй мөн нэгэн аялгуут ерөөл гаргах гэж байна. Энэ нь үсний найр, унаганы тамга, эсгий хийх, гэрийн ерөөл, бэр гуйх ерөөл гээд бүгдийг багтаасан дүрстэй, аялгуутай сонирхолтой аялгуут ерөөлийг гаргах гэж байна. Хүүхдийн даахь үргээхэд хамгийн эхэнд хаанаас нь авдаг, унага тамгалахдаа ямар өдөр тамгалдаг зэрэг яг дүрсээр нь харуулж, хажууд нь ерөөлөө тавьж аялгуут ерөөл хийхээр төлөвлөж байна. Ардын мартагдах гэж буй өв соёлыг орчин цагийн залуучуудад сонирхолтой хэлбэрээр хүргэхийн төлөө явж буй энгийн нэгэн залуу байна даа.

-Та саяхан орон нутгуудаар аялан тоглолт хийж явсан уу. Ард түмэн хэрхэн хүлээн авч байв?

-Энэ тоглолт нь миний ганцаарчилсан тоглолт биш. Орон нутгаар дуучин Б.Уранзаяагийн аялан тоглолтод хамтран оролцож ирсэн. Ард түмэн намайг маш сайхан, бараг миний тоглолт юм шиг л хүлээж авсан. Нэг, хоёр жилийн дараа өөрийн тоглолтоо хийвэл их гоё хүлээж авах байдалтай байна лээ.

-Таны аав, ээж мөн бэлэн цэцэлж шүлэг зохиодог хүмүүс байдаг гэсэн үү?

-Манай Өмнөговь аймгийнхан их сайхан ерөөлч ард түмэн байдаг. Бусад эгэл жирийн сайхан ард түмэн минь нутагтаа чимээгүй амьдарч байдаг. Манай аавын хувьд сайхан дуулдаг хүн бий. Ээж минь монгол хэл, уран зохиолын багш, мөн шүлэг зохиодог. Дуулж буй нь аавыгаа дуурайсан, шүлэг зохиодог нь ээжийгээ дуурайсан. Аав, ээж минь нутагтаа ажиллаж амьдарч байгаа.

-Ерөөлч хүн их ном уншдаг байх ёстой гэдэг шүү дээ. Таны хувьд сүүлийн үед ямар ном уншсан бэ?

-Ном унших завдал олдохгүй л байна. Сүүлд “Ногоон нүдэн лам” номыг эхлүүлэн талд нь оруулаагүй орхисон. Уншиж дуусгах гэж үзэж байна. Саяхан “Тамгагүй төр” жүжгийг үзлээ. Үнэхээр их зүйл бодогдуулж, нүд, сонорыг нээсэн уран бүтээл байлаа. Тоглолт хийвэл тийм хэмжээний тоглолт хиймээр юм байна даа гэж харсан. Тайз засалт, үг хэллэг, үгийн яруу үнэхээр сайхан байсан. Ерөөл дотроо ч шингээмээр текстүүд их байлаа. Ер нь драмын жүжиг үзэж, ном сайн уншиж баймаар юм байна. Тэгснээр үг хэл илүү уран яруу болно. Ерөөлч хүний бэлтгэгдэж ерөөлч болохын гол үндсэн суурь нь ажиглалт. Мөн ном унших. Ном уншсанаар ой тогтоолт сайжрахын зэрэгцээ ухаан тэлж уран яруу болдог. Үүнийг мундаг ерөөлчид л хэлдэг байлаа. Би өөрийн амьдралдаа хэрэгжүүлэн өөр дээрээ мэдэрч байна. Урлагийн замаар явж буй залуус ном сайн унших хэрэгтэй.

-Ерөөлч хүнийг гярхай байж эргэн тойрноо сайн ажигла хэмээдэг гэсэн үү?

-Ер нь ажигласан байхад цаанаасаа орж ирдэг.

Бид хоёрын ярилцаж буй өрөөг ерөөлөөр илэрхийлж буй нь:

“Харж ажиглаад байвал

Хананы нүдэн дээрээ алтан шармал тоног тоноглосон байна

Агуу дээдсийн өлгий алдар цуутай хаадуудын зураг хөргийг

Ард түмний мэлмий сонорыг баясгахаар

Алдар нэр, үүх түүх, удам судартай нь үнэхээрийн гайхалтай үгүй л дутуугүйн гачаалгүй ханан дээрээ суурилуулжээ

Хүй нэгдлийн үеэс улбаатай

Хүн болгоны дээдэлж байдаг бодол санаа нь гүйцсэн босоо Монгол бичгээ

Жаран жарандаа жаргалтай сайхныг бодолцож

Жаазанд хийн шилэн хоргонд байрлуулжээ” Энэ өрөөг ажигласан байсан учраас шууд хэлж байна. Тухайн орчин, нөхцөлөө ажиглаагүй байсан ч хурдан сэтгэж, харсан зүйлээ мөр толгой холбон хэлэх хэрэгтэй. Эртний ховор нандин хэллэгтэй түүхэн номуудыг сайн уншвал сонин содон, хүн хэлдэггүй үг хэлнэ. Хүн болгоны хэлдэг үг онц сонин биш гэж боддог.

-Та өөрөө ерөөлөө зохиодог учраас таны хэлсэн ерөөл давтагддаггүй гэж сонссон. Өмнө нь хэлж байсан ерөөлөө санадаггүй гэсэн үү?

-Ямар нэгэн үйл ажиллагаа болохоос өмнө тухайн үед нь зохиож ерөөлөө хэлдэг. Миний ерөөл давтагддаггүй. Нэг ерөөл нэг л хэлэгддэг. Тухайн үед орж ирээд л гараад явчихдаг. Энэ бол манай Өмнөговь аймгийн нутаг газар, усны онцлог юм. Дундговиос дуучин ард төрдөг бол Өмнөговиос ерөөлч ард түмэн төрдөг. Үүнийг ууж буй ус, уул, ургамал газарзүйн онцлог гэж би ойлгож боддог.

-Ерөөл гэдгийг та хэрхэн ойлгож авч үздэг вэ?

-Ерөөл гэдэг бол амны билгээс ашдын билэг учраас үг их хүчтэй байдаг. Ерөөл маань ирээдүйд болох гэж буй зүйлийг дуудаж биелүүлдэг. Тиймээс урт настай удаан жаргалтай, эрүүл энх саруул сайхан, элбэг дэлбэг баян хангалуун элэг бүтэн амьдраарай гэж энэ бүрийг дуудаж биелүүлж байдаг учраас ерөөл их хүчтэй. Үг гэдэг өөрөө их шидтэй. Чи муу, муухай хүн гэвэл тэр хүн муу л байна. Чи сайн, сайхан, эрдэм номтой болоорой гэж хэлбэл тийм л байна. Өөрийн амнаас муу үг гаргаж хэлээд хэрэггүй. Хүнд муу үг битгий хэлж байгаарай. Миний хувьд ерөөл гэдэг ардын аман зохиолыг барьж авч дэлгэрүүлж буйн хувьд аль болох хүнтэй эетэй эвтэй, мэндтэй устай сайн сайхан зүйлийг ярьж явбал биелнэ гэж боддог. Би ерөөл биеллээ олдог гэдгийг өөрийн биеэрээ мэдэрсэн. Би хэдэн жилийн өмнө гэр бүлийнхэндээ “Би олны танил болно, би од болно” гэж хэлэхэд тэд тоодоггүй байсан. Чи ажил олж хий гэж хэлдэг байсан. Тухайн үед амьдрал хэцүү мөнгө, орлогогүй байсан. Урлагийн сургууль төгссөн хүн, би урлагийн хүн, урлагаар л амьдарна гэдэг байсан. Эхнэртээ ч анх танилцаж байхдаа, найзууддаа ч би од болно гэж хэлдэг байсан. Тэгээд одоо биеллээ олж олон түмэндээ танигдан ерөөл билгээ тавин хүндлэгдэж явж байна.

-Та цаашид юуг төлөвлөж байна вэ?

-“Ерөөе өө” гэсэн есөн аялгуут ерөөлтэй цомог энэ намар гаргах бодолтой байна. Цомгийн баяраа хийсний дараагаар ирэх жил мартын 8-ны үеэр бие даасан тоглолтоо хийх бодол байна.

-Ерөөлч болохоор сонирхож буй хүн юунд анхаарах хэрэгтэй вэ?

-Ер нь аливаа зүйлийг ажигладаг, сэргэлэн, яриа хөөрөө сайтай, бэлэн цэцлэх урлагт ном их уншдаг л байгаарай гэж хэлмээр байна. Ажиглалт сайн хийх хэрэгтэй. Урьдчилан харж нүдээрээ тархиндаа хадгалсан зүйлээ амаараа уран яруу үг холбон гаргадаг. Ерөөлийг өнгөрсөн, одоо, ирээдүй гэсэн гурван цагт зангиддаг зарчимтай.

-Та манай уншигчдад зориулан ерөөлийн үгээ хайрлана уу?

-За “Өдрийн сонин”-ыг уншигч олон түмэндээ эрүүл энхийн ерөөлийг тавья. Эрүүл байвал бид бүгдийг амжуулж бүгдийг үзнэ.

Жаргалан жаргалан жаргалан

Энэ ертөнцийн түмэн жаргалан

Түүний дотроос чухам жаргалан

Эрүүл энхийн нэгэн жаргалан гэж их зохиолч Б.Нацагдоржийн эшлэлийг би хэлэх их дуртай. Тиймээс эрүүл байх хэрэгтэй. Би сүүлийн үед хандивын тоглолтуудад маш их оролцож байна. Ходоодны хорт хавдар, элэгний хорт хавдар, цусны өвчин зэрэг маш их өвчин байна. Тийм учраас монголчууд минь идэж буй хоол хүнсэндээ анхаарч шарсан хуурсан хоол битгий идээрэй. Хүүхдүүддээ шарсан хуурсан хоол бага өгөөрэй гэж хэлье. Эрүүл энхийн жаргалыг эрхэм олон монгол түмэндээ өргөн дэвшүүлье. Эрүүл энх, саруул сайхан, элгээрээ энх амгалан, төрлөөрөө төвшин жаргалтай, энх явж мөнх жаргаарай. Ертөнцийн наранд ивээгдэж, есөн үеэрээ жаргаж яваарай гэсэн ерөөлийг өргөн дэвшүүлье.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *