Categories
мэдээ утга-зоxиол

До.Цэнджав: Монгол хүн монгол хүндээ хамгийн увайгүй, балмад, зэрлэгээр ханддаг болсон нь ёс суртахууны сүйрэл юм DNN.mn

Монгол Улсын соёлын гавьяат зүтгэлтэн, зохиолч, сэтгүүлч До.Цэнджавтай ярилцлаа.


-Монголчууд хоорондоо дайсагналцдаг, нэгнийгээ үзэн яддаг, монгол хүн монгол хүндээ хайргүй болжээ. Улс үндэстэн нэгнээ хайрлах, монгол хүн монгол хүнээ хайрлах ур ухааныг та юу гэж хардаг вэ?

-Монгол орон гэдэг нь үндэстэн хоорондын зөрчил байхгүй, хамгийн эв нэгдэлтэй байх ёстой улс. Ер нь бага орны ард түмэн гэдэг биенээ хайрлах, хүндэтгэх, бусдынхаа үгийг сонсох, бурууг бусдаас эрэхээс өмнө өөрөөсөө эрж хайх, нэгэнтэйгээ эелдгээр харилцах зэрэг харилцааны урлаг монгол хүнд туйлын дутагдалтай болжээ.

Харилцаа гэдэг хүн төрөлхтний хамгийн чухал зүйлийн нэг. Хүн хооронд үг ярианы харилцаа, сэтгэл зүрхний харилцаа явагддаг. Сүүлийн үед монгол хүний зан харилцаа хувирч, маш догшин болсон. Бүтэн үг сонсох байтугай үгний үзүүрт л уурсаж гомдох, эрх чөлөөнд халддаг, заналхийлдэг байдал бий болсон байна. Айл өрх, саахалтын харилцаа гэхэд л тун эвгүй байдалд хүрлээ. Энэ бол ёс суртахууны сүйрэл. Нийгмийн оюун санаа болсон нийгмийн харилцаа гэдэг ёс суртахууны хэм хэмжээн дээр байх ёстой. Энэ харилцаа сахигдахаа байж, насны ялгаа үгүй болж, хүмүүс хоорондын ялгаа ч арилчихаж. Залуус нь ахмадаа хүндэтгэхгүй, үр хүүхэд нь аав ээжээ үл тоодог болсон. Ийм болоод ирэхээр нийгмийн харилцаа тэр чигээр дампуурлын байдалд орно. Энэ бол туйлын аюултай үзэгдэл.

-Хөгжил цэцэглэлт, нийгмийн өөрчлөлт бидний нэгнээ хайрлах, энэрэх сэтгэлийг үгүй хийж байна уу даа?

-Нийгэм хөгжихийн хэрээр хүмүүс хоорондын зан харилцаа төгсрөх болов уу гэтэл улам дордлоо. Гудамжны сэтгэлгээтэй, хэрүүлийн сэтгэлгээтэй, бие биенээ жадлан эсэргүүцэх сэтгэлгээтэй, атаа хорслын сэтгэлгээтэй хүйтэн харьцаа ноёлж байх шиг санагдаж байна.

Хуучин цагт монголчууд хоорондоо ихэд сайхан харилцдаг байлаа шүү дээ. Биенээ хүндлэх уламжлал монголчуудад байсан хамгийн үнэт зүйл. Нэгэнтэйгээ жигтэйхэн сайхан харилцдаг, ярилцдаг. Нэг гэр бүл гэдэг тэр чигээрээ хүний сургууль байв. Аав нь аав шиг, ээж нь ээж шиг, ах нь ах шиг. Тэдний үгнээс багачууд гарна гэж үгүй. Хүмүүжил гэж тусгай үг хэллэг ярихгүйгээр, аяндаа мах цусандаа шингэсэн харилцаа тэр байлаа. Нутгийн өвгөд гэж ёстой л жинхэнэ алт шиг хүмүүс байв шүү дээ. Ерөөсөө л тэд чинь тэр чигээрээ ёс суртахууны зарчим байсан. Нутгийнхан тэдний үгийг маш сайхнаар хүлээж авдаг. Биднийг бага байхад нутгийн өвгөчүүлээс хамгийн их айдаг. Тэдэнд хүний хүүхэд гэж байхгүй. Бүхий л айлын хүүхэд тэдний л хүүхэд. Хүүхдүүдийг зэмлэнэ. Тэгэхэд аав, ээж нь учиргүй их баярлана. Харин ч “Энэ мууд үг хэлээд өгөөрэй” гэдэг. Хүүхдээ өмөөрнө гэж байхгүй, тийм л сайхан байсан.

-Монгол хүн нэгнээ үзэн ядах, өөрөөсөө дээш гаргахгүй гэх аминч үзэл ихэд дэлгэрч байна гэж шүүмжлэх хүмүүс их бий. Бас л энэ цаг үед ярих, хөндөх ёстой асуудал мөн биз, багш аа?

-Үгний эхэнд сайхныг хэл гэсэн өвгөдийн сургаал байдаг. Яриа хөөрөөг сайхан зүйлээр эхэл гэсэн санаа. Сайхан үгийг түрүүнд хэлнэ гэдэг харилцааны дээд уран хэлбэр. Энэ бол нялуун нялцгай асуудал биш. Энэ чинь монгол хүнд байсан мяндсан ухаан шүү дээ. Монголын зүйр цэцэн үг гэдэг гадаадын философиос дутахгүй их зүйлийг агуулдаг. Тэнд монгол ухаан ч бий, монгол хүн ч бий. Харамсалтай нь өнөө цагт монгол хүнийг эрээд олоход хэцүү болсон. Бүгд америк, солонгос, япон хүн болчихсон. Даяарчлал гэдэг олон сайхан талтай ч хүний зан суртахуун, үндэсний уламжлалд асар их их нөлөөлдөг юм байна.

Монголчууд эх орноо хайрлаж байгаа юмуу даа. Эх орныхоо эсрэг юм хэлдэг, нэгнээ дээд зэргээр гутаан доромжилдог болж шүү дээ. Харийнхантай үг, санаа нийлж Монгол орноо, монгол хүнийг гутааж байна. Монгол хүн шиг бүдүүлгүүд байхгүй, дээрэмчин, хулгайч, ална, хядна, буудна, цаазал гэх зэргээр хүний амнаас гарахааргүй үгийг ердийн үг шиг хэлдэг болчихсон.

-Ингэж гажуудаж, буруудаж байна гээд хэлээд өгөх, чиглүүлэх сэхээтэн нь ч алга болж шүү?

-Засч залруулаад хэлээд өгдөг хүн байхгүй байна. Ийм үед ардын багш нарын үүрэг асар их. Хүнийг хүн болгох тухай ярьж байгаа бол өлгийтэй байхаас нь хичээх ёстой. Тодорхой цагт хөхүүлдэг, тоглуулдог, хайрладаг, зөөлөн харьцдаг. Ингэхээр аяндаа мах цусанд нь шингэдэг. Дайн гэдэг энэ цаг үед ганц зэвсэг биш, харилцааны дайн хийдэг болсон.

Олон нийтийн сүлжээ гэдэг садар бузар үгийн, гүтгэлгийн, өшөө хорсол, атаархлын хогийн сав болчихсон. Хуучин цагт матаас гэж ярьдаг байсан. Одоо бол тэр матаас сэтгэлийн жаргал эдлүүлдэг болчихсон юм биш үү. Сайхан хүнээс дуурайл авч сэтгэлийн жаргал эдэлдэг гэдэг бол одоо муу муухай үг авч түүндээ баясан цэнгэж жаргадаг болжээ.

-Түүхийн хуудас сөхөхөөр аль ч цаг үед монголчууд дундаа хагаралтай, нэгнээ л зэмлэдэг, цөлмөдөг, хөнөөдөг байсан юм шиг. Эсвэл энэ зөвхөн монголчууд биш хүн төрөлхтний нийтлэг төрх юм уу?

-Ер нь манай монгол үндэстний яс цусанд нь нэг зүйл бий. Тэр бол атаархуу, өөнтөгч байдал. Тэгэхдээ монголчууд жигтэйхэн сайхан харьцаатай үндэстэн гэдгийг гадаадын жуулчид онцлог тэмдэглэсэн байдаг шүү. Би жуулчдын тэмдэглэлийг ихээр уншдаг. Монголд ирээд буцсан жуулчдын ихэнх нь монгол хүний ариун сайхан шуналгүй сэтгэлийг гайхан биширсэн байдаг.

Нэг жуулчны тэмдэглэлээс дурдъя л даа. Нүүдэл суудлын явцад авдарнаас нь баахан алт цуваад дуусаж. Дараа нь холоос ирсэн нэгнээсээ асууж байна гэнэ. Тэгэхэд өөдөөс нь “Алт юм уу мэдэхгүй, баахан шар юм цувж хэвтэнэ лээ” гэж юу ч болоогүй дэргэдүүр нь өнгөрөөд явчихсаныг жуулчин ихэд бахархалтай тэмдэглэж үлдээсэн байдаг. Монголын нэг булангаас нөгөө булан хүртэл туулахад нэг ч муу хүнтэй таарахгүй. Дандаа тусалдаг, гэнэн цайлган, халуун сэтгэлтэй гэж. Үнэхээр монгол хүнд тийм халуун дотно сэтгэл бий. Гэвч маш амархан эвдэрч байна. Ийм цаг үед хэрсүү, үг дуулах чанар тун хэрэгтэй.

-Хэрсүү монгол олон болох тухай бид ч их хөндөж бичдэг шүү?

-Тийм болох ёстой. Үг өнгөрөөж сур гэж аав, ээжүүд ярьдаг. Одоо бол шууд тосч аваад дайран давшилж, хамгийн муухай үгээр хариулдаг. Тэртэй тэргүй түүхээс үзэхэд Их Монгол Улсын үед монгол үндэстэн нэгдэж дэлхийг эзэлсэн түүхтэй. Дараа нь бага хаадын үе бутарч сарнин, баахан олон монголчууд тарсан. Монгол бол нэг үндэстэн гэдгийг үргэлж бодож нэгнээ хайрлах хэрэгтэй. Баруун монгол, бага ястан гэж ярьж болохгүй, амнаасаа ч унагаж болохгүй.

-Монголчууд дотроо нэгнээ хэмлээд зогсохгүй хилийн чанадад байгаа мах цусны тасархайнуудаа ч чичилж харагддаг. Өмнөд монголчуудыг хужаа гэж ирээд л. Оросын буриадууд ч монголчуудад ихээхэн дургүй гэлцдэг?

-Би нэг удаа өмнөд монгол шавь нараа дагуулаад Хэнтийн Дадал, Биндэрээр явсан. Сумын төв дээр баахан согтуу залуус. Ааш аяг гэж араатан болчихсон. Нөгөө муу хэдэн шавийг маань “Муусайн хужаа нар монгол нутаг дээр шээх ч эрхгүй” гэж ирээд орилж чарлаад. Шавь нар “Бид монголчуудыг ямар их хайрладаг билээ, яаж ирсэн билээ” гэж уйлаад буцацгаасан. Би ч тайтгаруулж дийлээгүй.

Япончууд нэгэндээ тийм ч хайртай ард түмэн биш. Гэхдээ нэгнийгээ хэзээ ч муулдаггүй. Япон хүний ёс суртахуун, сахилга бат дэлхийд яаж гайхагдаж байна?

-Япон гэдэг үндэстэн нэг амь юм шиг л хөгждөг гэж боддог. Бидэнд тэр чанар дутагдаж байна уу?

-Би олон газрыг удирдаж явсан хүн. Хамт олон дотор хов жив яригддаг. Түүнд барих хариулт нэг л байх ёстой. Энгийн. Хов жив гарлаа. Хариуд нь “Би өөрөөр боддог юм шүү дээ, аа тэр тэгж байна уу. Арай тэгэх хүн биш дээ” гэхэд нөгөө хүн нь “Нээрээ тийм байх аа” л гэдэг. Эсрэгээр нь тосч аваад уриалгахан сонсоод яриад унавал сайн үр дүн гарахгүй.

Гэтэл бид юу эсийг үзэж байна даа. Улстөрчдөд улс төрийн соёл гэж алга, ард түмнийхээ нүдэн дээр гахай нохой шиг л аашилцгааж байна. Телевизийн хоймор гэдэг ариун зүйл гэж үздэг байлаа. Гэтэл шууд ярилцлага хийж байхдаа л олны өмнө зодолдоод унаж байна.

-Үндэстнээрээ амь нэг байх, нэгэндээ хайртай байх асуудалд үг гэдэг чухал бололтой?

-Муусайн Оросын шаарууд, өмхий хужаа нар гэж ярьдаг хэсэг бидний дунд байна шүү дээ. Энэ чинь л хамгийн аюултай. Энэ улс орныг хөршгүй, нөхөргүй болгож байна. Төрийн хар хайрцагны, монгол хүний дотоод сэтгэлийн хар хайрцагны бодлого гэж байх ёстой. Нэг муухай үг байна. Хардах эрхтэй гэдэг үг. Энэ чинь хамгийн бузар булай үгний эхлэл. Сэтгүүлч хардах эрхтэй, хүн хардах эрхтэй гээд л ярьдаг болсон. Хардана гэдэг шууд дайсагнана гэсэн үг. Хардсанаас болж салж сарниж, нэгнийгээ алж хядаж байна. Энэ үгний оронд эргэлзэх, тээнэглэзэх, лавлах гээд ярьж болно оо доо.

Эр хүн мөртлөө хов жив ярьдаг хачин завсрын хүмүүс бий болчихлоо. Тэднийг зэмлээд гарах хүн байна уу. Лодонгийн Түдэв багш маань ухаанаараа зоддог байлаа шүү дээ. Ганц үг хэлэхэд л орой руу ороод явчихдаг. Одоо ч тийм хүн байхгүй болсон. Бямбын Ренчин гуай, Цэндийн Дамдинсүрэн гуай нэг үг хэлэхэд л ханардаг байлаа. Тэгэхээр үг гэдэг чухал. Хүрлийн муу газар эвддэг, хүний муу хүнийг эвддэг. Зөөлөн модыг тоншуул иддэг, зөөлөн хүнийг хүн иддэг гэдэг. Энэ нийгэмд зөөлөн, мөрөөрөө явсан хүн хэлмэгдэх шинжтэй. Гэтэл хамгийн балмад, ёс зүйгүй, дээрэм хийх шинжтэй, хамгийн харгис хүйтэн мөсөн сэтгэлтэй нь оройд гарлаа. Араб ардын мундаг үг бий. Эрдэмтэн хүмүүс нь илжиг хөтөлж, тэнэгүүд нь илжигээ унаад явдаг болжээ гэдэг. Манайхаар бол гайгүй хэсэг нь илжгээ хөтөлчихсөн, хамгийн увайгүй, балмад, зэрлэг харгис хүмүүс нь илжиг дээрээ суучихсан явж байна.

-Монголчууд нэгэндээ яавал хайртай, энэрэх сэтгэлтэй болох вэ?

-Би 2000-аад оны эхээр “Монгол тэмүүлэл” гээд олон нийтийн байгууллагыг санаачлаад маш сайхан авч явж байсан нэг үе бий. Америкт ч “Америк тэмүүлэл” гэдгийг гаргаж ирээд америк хүмүүсийг хүмүүжүүлж байсан. Японд ч адилхан. Одоо “Хятад тэмүүлэл” гэж ярьдаг болоод байна. Бид тухайн үед “Сайхан монгол хүн, сайхан Монгол орон” гэдэг уриа дэвшүүлж байсан. Одоо ч энэ уриа монголчуудад хэрэгтэй.

Ер нь хатуу хүтүү үгийг болгоомжтой гаргаж байя. Сайхан үг хэлж байя. Нүүр номыг харж байхад л өглөөний мэнд бусдадаа дэвшүүлдэг дээ. Гэхдээ их хялбараар л хэлээд өнгөрдөг болж. Угтаа бол ухаарлын, утга учиртай үгийг нэгэндээ дэвшүүлж байвал зохилтой.

Түүнээс гадна эх хүн, эмэгтэй хүний мяндсан ухаан гэж бий. Аав маань гэхэд дуугүйхэн хүн байлаа. Ээжийн минь амнаас гарсан үг бүр алт байв. Ээжийн ухаан, эмэгтэй хүний ухаан гэж их торгон ухаан байдаг. Ийм нийгмийг зөөлрүүлье, монгол хүн монгол хүнээ энэрье, хайрлая гэвэл эмэгтэй хүнйи үүрэг асар их бий. Гэвч одоо бас л увайгүй болж дээ. Эмэгтэй хүний ичимхий зан чанар ёс суртахууны дээд хэмжээ байжээ. Цэвэр ичимтгий ааш гэж жигтэйхэн гоё байсан шүү дээ. Дунд сургуулийн хичээлийн сургалтад ёс зүйн харилцааны урлаг хичээлийг оруулмаар байгаа юм. Хүүхдүүдийг багаас нь сайн байна уу, баярлалаа, гялайлаа гэж мөр цэх, мэлмий өөд хэлдэг араншинд сургах нь чухал.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *