Categories
гадаад мэдээ

АНУ-ын ерөнхийлөгч Жо Байден “танкийн эрлэг”-ийн үйлдвэрт зочилжээ DNN.mn

зураг

Өчигдөр АНУ-ын ерөнхийлөгч Жо Байден танкийн эрлэг гэгддэг Javelin пуужингийн системийн үйлдвэрт зочилжээ.

Lockheed Martin компанийн Алабама мужийн Трой хот дахь үйлдвэр сүүлийн 20 жилийн хугацаанд 50,000 ийм зэвсэг үйлдвэрлэсэн юм байна.

“Та бүхний гар хүрсэн, Украины баатруудын гарт очсон энэ зэвсэг нөхцөл байдлыг эрс өөрчилж байна” гэж Байден эгнүүлэн өрсөн Javelin системүүдийн өмнө зогсоод үйлдвэрийн ажилчдад хэлжээ.

Тэрбээр Оросын эзлэн түрэмгийллийн эсрэг Украины тэмцэлд үнэтэй хувь нэмэр оруулж буй үйлдвэрийн ажилчдаар бахархаж байгаагаа энэ үеэр илэрхийлсэн байна.

“Энэ тэмцэл хямдхан биш, гэхдээ эзлэн түрэмгийллийг зөвшөөрөх нь үүнээс ч өндөр өртөгтэй юм” гэж Байден хэлжээ.

зураг

АНУ одоогийн байдлаар 5,500 ширхэг Javelin системийг Украинд нийлүүлсэн байна. Энэ нь АНУ-ын армийн бэлэн нөөцийн гуравны нэг орчим юм.

Саяхан Байден $33 тэрбумын тусламжийн багцын саналыг Конгресст өргөн барьсан. Хэрвээ энэ багц дэмжигдвэл илүү олныг Украинд нийлүүлэхээр байгаа.

АНУ-ын Украинд илгээсэн 10 Javelin тутамд тэнд байлдаж буй Оросын нэг танк оногдож байгаа гэсэн тооцоо бий.

“Бид олон жилийн өмнө Европыг хамгаалах зэвсэг, техник үйлдвэрлэж байсан. Өнөөдөр энэ үйл явдал давтагдаж байна” гэж Байден хэлсэн нь дэлхийн хоёрдугаар дайныг дурдсан хэрэг байжээ.

Javelin системийн харвасан пуужин нумарсан траектороор нисдэг тул дайсны танкийн эмзэг цэгт үхлийн цохилт өгч чаддаг юм байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *