Categories
гадаад мэдээ

Энэтхэгийн эрх баригчид Хятадын томоохон компаниас их хэмжээний мөнгө хураажээ DMN.mn

Энэтхэгт үйл ажиллагаа явуулдаг Хятадын технологийн томоохон компаниудын нэг хууль бусаар мөнгө хил давуулсан хэрэгт буруутгагджээ.

Баасан гарагт Энэтхэгийн санхүүгийн гэмт хэрэгтэй тэмцэх газар Xiaomi компанийн тус улс дахь салбарыг гадаад валютын арилжааны хуулийг зөрчиж, хууль бус аргаар гадагшаа мөнгө гуйвуулсан хэрэгт буруутгасан байна.

Xiaomi India компани 55.5 тэрбум рупийг ($726 сая) рояалти нэрийн дор гадаадын гурван байгууллагын дансанд шилжүүлсний нэг нь толгой Xiaomi компани байсан гэнэ.

Цахилгаан бараа бүтээгдэхүүн үйлдвэрлэгч Xiaomi компани 2014 онд Энэтхэгт салбараа байгуулж, дараа жилээс нь эхлэн гадаад руу мөнгө шилжүүлж эхэлснийг албаныхан мэдээлжээ.

Энэтхэгийн тал гадагшаа шилжсэнтэй тэнцүү хэмжээний бэлэн мөнгийг Xiaomi компанийн данснаас хураан авсан байна.

“Xiaomi India гар утас, бусад бүтээгдэхүүнийхээ эд ангиудыг бүхэлд нь Энэтхэгийн үйлдвэрлэгчдээс авдаг. Ийм хэмжээний мөнгийг дээрх гурван байгууллагад шилжүүлэх үндэслэл байхгүй” гэж албаны мэдэгдэлд өгүүлжээ.

Бямба гарагт Xiaomi компаниас гаргасан мэдэгдэлд тус компани Энэтхэгийн бүх хууль дүрмийг дагаж ажилладгаа илэрхийлсэн байна.

Гадаад шилжүүлгээ тус компани технологийн лиценз, оюуны өмчтэй холбоотой төлбөр гэж тайлбарлажээ.

Энэтхэгийн засгийн газар хоёр жилийн өмнөөс эхлэн Хятадын компаниудад хатуурхах болсон юм. Энэ нь хоёр гүрний хооронд хилийн маргаан зөрчил гүнзгийрсэнтэй холбоотой.

2020 онд Энэтхэгийн эрх баригчид Хятадад бүтээсэн гар утасны 200 гаруй аппликэйшнийг өөрийн зах зээлд хориглосны дотор TikTok багтаж байжээ.

Энэ оны эхээр Tencent, Alibaba, NetEase компаниудын хэд хэдэн аппликэйшнийг нэмж хориглосон юм. Хятадын засгийн газар өөрийн компаниудын эсрэг авсан арга хэмжээнд санаа зовж буйгаа дипломат шугамаар илэрхийлж байжээ.

Эх сурвалж: CNN

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *