Categories
мэдээ нийгэм

Монголын төрийн 16 залуу албан хаагчийг Япон улсад суралцуулна DNN.mn

Япон улсын Гадаад хэргийн сайд Хаяаши Ёшимасагийн Монгол Улсад хийж буй албан ёсны айлчлал үргэлжилж байна.

Тэрбээр өнөөдөр Монгол Улсын Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг болон Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэтэй уулзсан бол маргааш Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд бараалхана.

Түүний дараа Япон улсын Засгийн газрын хөнгөлөлттэй зээлээр баригдсан Чингис хаан олон улсын нисэх буудлыг очиж үзэх юм. Мөн энэ жил хоёр улсын дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойг тохиолдуулан дурсгалын мод суулгах аж.

Айлчлалын талаар Япон улсын Гадаад хэргийн яамны Хэвлэлийн төлөөлөгчийн орлогч “Хятад, Орос улсын дунд орших, геополитикийн хувьд чухал байрлалтай Монгол Улсад Япон улсын Гадаад хэргийн сайд Хаяаши Ёшимаса айлчилж байна.

Энэ оныг Япон, Монгол улс хооронд хүүхэд залуучуудын найрамдалт солилцооны жил болгоно гэж зарласан. Түүхэн ойн айлчлалаар хоёр тал харилцан нээлттэй санал солилцох юм. Энэ удаагийн айлчлал нь Япон улс Монгол улстай стратегийн түншлэлийнхээ харилцааг улам бэхжүүлэхэд бодит хувь нэмэр оруулах зорилготой айлчлал болж байна.

Тухайлбал, сайд Ё.Хаяаши Монгол Улсын Гадаад харилцааны сайд Б.Батцэцэгтэй хийсэн уулзалтаар Япон улсын Засгийн газрын буцалтгүй тусламжийн Хүний нөөцийг хөгжүүлэх тэтгэлэгт хөтөлбөрийн харилцан солилцох ноот бичигт гарын үсэг зурав.

Хүний нөөцийг хөгжүүлэх тус тэтгэлэгт хөтөлбөрийн хүрээнд 2023 онд Монгол Улсын төрийн албан хаагч 16 залуу мэргэжилтнийг Япон улсад магистрантын сургалтад суралцуулахаар болсон.

Мөн бүс нутгийн аюулгүй байдал хамтын ажиллагааны талаар Гадаад хэргийн сайд болон Ерөнхий сайдтай санал солилцсон. Ингэхдээ Украины одоогийн нөхцөл байдал болон Умард Солонгосын асуудлаар санал солилцов.

ОХУ Украин руу довтолсон асуудалд, нэн даруй галаа зогсоож, хурцадмал байдлыг намжаах нь чухал гэсэн байр суурийг Монголын талаас илэрхийлсэн.

Харин Ё.Хаяаши сайдын зүгээс, ОХУ-ын Украин руу довтолсон нь Ази болон дэлхийн хэв журам, дэг жаягийн үндсийг өөрчилж болохуйц ноцтой зүйл. Тиймээс олон улсын хамтын ажиллагаа маш чухал гэсэн саналаа хэлсэн.

Учир нь Умард Солонгосын талаас тив хооронд баллистик пуужин харвасан зэрэг цөмийн болон пуужингийн аюул одоо болтол байсаар байна.

Мөн хулгайлагдсан Япон иргэдийн асуудлыг шийдэхэд хоёр талын хамтын ажиллагааг үргэлжлүүлэх нь чухал гэдэг санааг хоёр тал харилцан нотоллоо” хэмээн мэдээллээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *