УИХ-ын Халдашгүй байдлын дэд хорооны хуралдаан дууслаа. Хуралдаанаар нэр бүхий дөрвөн гишүүнийг бүрэн эрхээс нь түдгэлзүүлэн шалгах прокурорын хүсэлтийг хүлээн авах эсэхийг хэлэлцсэн. Дэд хорооны гишүүд уг асуудлаар санал хураалт явуулж, 100 хувийн саналаар гишүүдийг бүрэн эрхээс нь түдгэлзүүлэн шаардлагагүй гэж үзжээ. Уг дүгнэлтийг байнгын хороодоор хэлэлцэн, чуулганы нэгдсэн хуралдаанд оруулах юм. Энэ талаар УИХ-ын Халдашгүй байдлын дэд хорооны дарга Ц.Нямдорж:
Нэгд, Ерөнхий прокурорын өгсөн тайлбараас гадна дөрвөн гишүүний өгсөн тайлбар, тодруулгыг тал бүрээс нь хэлэлцсэн. Ерөнхий байдлыг авч үзвэл шалгалтын ажил дуусаагүй байгаа. Дуусах шатандаа орж байгааг Ерөнхий прокурор танилцуулсан. Ийм учраас Мөрдөн байцаах байгууллага эдгээр гишүүдийг түдгэлзүүлэх асуудлын үндэслэл болж байгаа ЖДҮХС-аас авсан зээлтэй холбоотой шалгалт эцэслэн дуусгаад, гишүүдийн буруутай, буруугүйгээ хоёр тийш ялгаад, гарцаагүй гэсэн асуудал байвал оруулж ирнэ гэсэн үг.
Хоёрт, Ерөнхий прокурорын нэмж өгсөн тайлбар, гишүүдийн тайлбараас үзэхэд цаашаа нарийвчлан шалгаж, тодруулж нэг мөр болгох асуудал цөөнгүй байна.
Гуравт, бүрэн эрхийг нь түдгэлзүүлэх асуудал яригдаж байгаа гишүүд тус бүр нэг удаа АТГ-т мэдүүлэг өгсөн юм байна. Мөрдөн байцаалтад саад болсон гэхээр зүйл Дэд хороонд ажиглагдсангүй. Ийм шалтгаан нөхцөлүүд байгаа учраас энэ удаад дээрх дөрвөн гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх саналыг УИХ-д оруулах боломжгүй гэдэг санал дүгнэлт гаргасан” гэв.