Categories
гадаад мэдээ

Яагаад шатаад байгаа нь ойлгомжгүй байна DNN.mn

ОХУ-ын Брянск хотын түлш хадгалах зориулалттай иргэний болон танк, хуягт тээврийн түлш түгээх цэргийн хоёр баазад хэдэн минутын зөрүүтэй бараг зэрэг гал түймэр гарчээ. Тус байгууламжуудын түлш хадгалах сав орон нутгийн цагаар шөнө 02:00 цаг орчимд шатаж эхэлсэн аж. Цэргийн нефтийн бааз Донбассыг довтолж буй Оросын цэргийнхнийг хангах чухал ач холбогдолтой объект гэнэ. Эдгээр галын шалтгааныг хараахан тогтоогоогүй байгаа юм байна. ОХУ-ын Брянск хот Украинаас 150 км зайд, харин Москвагаас 386 км орчим зайд оршдог.

Одоогоор шатаж буй нефть бүтээгдэхүүний агуулахын ойр орчмын оршин суугчдыг нүүлгэн шилжүүлсэн байна. Мөн Брянскийн Оросын пуужин, артиллерийн 120 дугаар анги байрлаж буй нутаг дэвсгэрт бас гал гарсан тухай мэдээлэл цацагдаж эхэлсэн. Гэвч уг мэдээллийг Оросын эрх баригчид хараахан батлаагүй байна. ОХУ-ын Онцгой байдлын яам цэргийн байгууламжид гал гарсан тухай мэдээллийг нийтэлсэн боловч удалгүй устгасан гэж “Daily mail” мэдээлэв. Гэхдээ НАСА-гийн хиймэл дагуулаас авсан зургаас харахад, Украины хилээс хойд зүгт 112 км зайд “Роснефть” компанийн байгууламжийн ойролцоо том гал түймэр гарч буй нь тод харагдаж байна.

Өмнө нь дөрөвдүгээр сарын 14-нд ОХУ-ын Белгородск хотын түлш хадгалах агуулахад Украины тал нисдэг тэргүүдээ илгээн цохилт өгч шатаасан гэж оросууд мэдэгдэж байв. Харин үүнийг Украины тал үгүйсгэсэн юм. Учир нь энэ агуулахад цохилт өгсөн нисдэг тэрэг Украинд бус оросуудад байдаг нь тодорхой болсон билээ. Мөн өнгөрсөн сарын 24-нд ОХУ-ын Тверь хотод байрлах Оросын Сансар-Агаарын цэргийн эрдэм шинжилгээний хүрээлэнгийн төв байр шатаж эрдэмтэд оролцсон 18 хүн амь үрэгдсэн. Энэ өдөр мөн Оросын цөмийн пуужин тээгч шумбагч онгоцны Уссурийн баазад цэргийн агуулах шатсан билээ. Энэ бүх гал түймрийг Укрианы сэтгүүлчид Оросын иргэд дайныг зогсоох гэж хорлон сүйтгэх ажиллагаа явуулж байна гэж үзэж буй бол Украины ялагдлаас үүдэн Оросын төр, засгаас ирэх шалгалтаас айсан Оросын авлигачид өөрсдөө обьектуудаа шатааж байна гэж үзэж байгаа ч судлаачид байна. Тухайлбал, ОХУ-ын Агаар-Сансрын хүчний Радиотехникийн албаны даргаар ажиллаж байсан хошууч генерал Андрей Кобан таван сая рублийн авлига авч Оросын цэргийн хүчинд шаардлага хангахгүй, чанаргүй холбооны хэрэгсэл нийлүүлсэн гэдгээ хүлээн зөвшөөрсөн тул түүнийг шоронгоос гаргаж гэрийн хорионд оруулах шийдвэрийг цэргийн шүүхээс хоёр хоногийн өмнө гаргасан байна. Цэргийн шүүх түүний хэргийг үргэлжлүүлэн мөрдөж эцсийн шийдвэр гарган ял оноох аж.

Цэргийн судлаач, шинжээчид В.Путин сүүлийн 10 жил армиа шинэчлэх зориулалтаар триллион буюу нэг их наяд ам.доллар зарцуулсан боловч үүнийх нь 80 хувийг дээд тушаалын албаныхан хувьдаа завшсан гэсэн тооцоо гаргаад байгаа юм. Харин доод тушаалынхан хэрэгтэй үед ашиглах зориулалттай цэргийн нөөцөд байсан техникийн өөрөө тэсэрч их биеэ хамгаалдаг бортого, пулемётын гол төмөр, мотор, зай хураагуур, дугуй, холбооны хэрэгсэл, прожектор, гэрэл гээд зарж болох бүхнийг нь зарчихсан тул зөвхөн танк гэхэд л байгаа 10 000-аас 20 орчим хувь нь л тулаанд орсон гэж бичиж байгаа билээ.

Г.АМАРСАНАА

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *