Иргэн Г.Ган-Очир УИХ-ын гишүүн, Эдийн засгийн байнгын хорооны дарга Ж.Ганбаатарын хууль зөрчсөн үйлдлийг шалгуулахаар АТГ болон ТЕГ-т ханджээ. Түүнтэй ярилцлаа.
– Ж.Ганбаатарыг АТГ-аас шалгаж эхэлсэн –
-Таны зүгээс УИХ-ын гишүүн Ж.Ганбаатарыг шалгуулахаар хуулийн байгууллагуудад ханджээ. Үндэслэл нь юу байв?
-УИХ-ын гишүүн Ж.Ганбаатарыг шалгуулахаар АТГ болон ТЕГ-т хандлаа. Албан тушаалаа ашиглан төрийн эрхийг хууль бусаар авсан гэх үндэслэлээр АТГ-т гомдол гаргасан. ТЕГ-т төрийн эрхийг үгсэн тохиролцож хууль бусаар худалдаж авах буюу 19.2-оор гомдол гаргаад байна. Дээрх гомдлуудаа нотлох баримтын хамт хүлээлгэж өгсөн. Ж.Ганбаатар 2021 онд бүлгийн хурал дээрээ Э.Магнайбаярт 500 сая төгрөг амлаад, урьдчилгаанд нь 200 саяыг өгч бүлэгтээ элсүүлсэн гэж ярьсан. Ингэж хэлсэн бичлэг нь ч надад бий. Эсрэг намаасаа гарч ирсэн хүнд мөнгө төлж хууль бусаар худалдаж авсан үйлдлээ энэ яриагаараа нотолчихож байгаа юм.
-Та дээрх байгууллагуудад хэзээ хандав. Ямар хариу ирүүлээд байна вэ?
-Би энэ сарын 20-ны өдөр нотлох баримтуудыг хавсаргаж хуулийн байгууллагуудад өгсөн. АТГ-аас хүлээж авснаас хойш хоёр хоногийн дараа мөрдөн байцаах ажиллагааг явуулж эхэлсэн талаараа надад мэдэгдсэн. ТЕГ-аас бол ямар нэгэн хариу мэдэгдэл одоогоор ирээгүй байна. Ойрын хугацаанд УИХ-ын Ёс зүйн байнгын хороонд гомдол гаргахаар төлөвлөсөн. Ж.Ганбаатарыг хууль тогтоох дээд байгууллагад суух ёс зүйгүй хүн гэж хувьдаа үзэж байна. Энэ хүн “Намдаа 2 тэрбум төгрөг төлж УИХ-ын гишүүн болсон” гэж өөрөө ч ил цагаан хэлдэг. УИХ-ын гишүүнийг ард түмэн сонгодог. Захын бизнесмэн нөхөр мөнгө цацаад л хууль тогтоох дээд байгууллагад гараад ирж байгаа нь сонгогчдын эрх ашгийг гутаан доромжилж байгаа үйлдэл. Энд иргэдийн сонгох эрх ноцтой зөрчигдөж байгаа нь тодорхой харагдаж байгаа биз. Ийм байдлаар УИХ-д суучихаад эсрэг намаас гарч ирсэн нөхөрт мөнгө амлаад л бүлэгтээ элсүүлдэг бусармаг тогтолцоо байж болохгүй. Ард түмний итгэлийг тээж явах хүн ингэж дураараа загнаж байгаа үйлдлийн хажуугаар чимээгүй өнгөрч болохгүй шүү дээ.
-Өөрийн зах зээлээ олсон бизнесмэнүүд улс улс төр рүү зүтгэдэг, УИХ-д суучихаад хамаарал бүхий компаниуддаа давуу байдал олгодог жишиг тогтчихоод байна л даа. Энэ үйл явцыг та хэрхэн харж байна вэ?
-Бизнесмэнүүд хууль тогтоох дээд байгууллага руу зүтгэж байгаа үйлдлийг бизнесээ өргөжүүлэх, хууль эрх зүйн орчинг нь таатай болгох зорилготой л гэж хардаг. Ж.Ганбаатар шиг бизнесмэнүүд мөнгө цацаад л гараад ирнэ. Ийм хүмүүс нийтийн эрх ашгийн төлөө дуу хоолой болж ажиллана гэдэг эргэлзээтэй. Цацсан мөнгөө олж авахын тулд юу ч хийхэд бэлэн байгаа нь дээрх үйлдлүүдээс нь харагдаж байна шүү дээ. Жишээ татаад ярья л даа. Өнөөдөр Баянгол дүүрэг Ж.Ганбаатарын вант улс болчихсон байна. Энэ хүний сонгуульд ажиллаж байсан хүмүүс нь л дүүргийн ИТХ-д суучихсан явж байгаа. Дүүргийн эмнэлэг, сургууль гэх мэт төрийн байгууллагууд нь Ж.Ганбаатарын хамаарал бүхий хүмүүсээр дүүрчихсэн. Уул нь сонгон шалгаруулалт явуулж мэргэжлийн хүмүүс ажиллах нь эрүүл зарчим биз дээ. Харин Баянгол дүүрэгт Ж.Ганбаатаргүй юм алга. Энэ бүхэн нүдэнд ил байгаа ч хөндөөд явах хүн байхгүй байна. Хууль хяналтын байгууллагууд нь ч нүдээ аниад л өнгөрнө. Ийм гажуудалд бид ижил дасал болчихож. Иргэдийн дуу хоолой болж хууль тогтоох дээд байгууллагад сууж байгаа хүн туслахаа төсвийн мөнгөөр Дубай руу аялуулдаг жишиг байж болохгүй биз дээ.
-Та сүүлд дурдсан кэйсээ тодруулахгүй юу?
-Туслахаар нь ажиллаж байсан нөхөр Баянгол дүүргийн төсвөөс 40 орчим сая төгрөг гаргаад л Дубайд аялаад явж байна шүү дээ. Эдийн засаг ийм хүнд цаг үед дураараа явж болох уу. Эрх баригчид энэ мэт үр ашиггүй зардлыг өч төчнөөн гаргаж байгаа. Би ганц жишээг нь л энд дурдлаа. Ийм байж ард иргэдийг хэмнэ гэж уриалахад доромжлуулж байгаа мэт сэтгэгдэл төрөх юм. Коронавирус гарах нь гэж нэг жил, коронавирус гарсны дараа хоёр жил хорионд суусан хүмүүсийн юуг нь хэмнүүлэх гээд байгаа юм бэ.
Энд нэг зүйлийг онцлоход, төрийн өндөр албан тушаалтнуудад хариуцлага хүлээх ёс зүй алга. Энэ мэт хууль бус үйлдлүүдийг нь баримттай илчлэхэд л өөдөөс ярзганаад, хэрэлдээд сууж байна. Бусад улс орнуудад бол иймэрхүү үйлдлийн сургаар л ёс зүйн хариуцлага хүлээж уучлалт гуйгаад бүрэн эрхээсээ татгалздаг жишиг бий. Манайд бол хамаарал бүхий компаниудаараа зээл авсан гишүүд ямар ааш гаргаж байгааг надаар хэлүүлэлтгүй бүгд мэдэж байгаа. Ийм ёс суртахуунтай хүмүүсийг хууль тогтоох дээд байгууллагаас хол байлгахын тулд л ингээд явж байна. “Би намдаа мөнгө төлж гишүүн болсон” гээд зогсож байдаг гажуудлыг засах зорилготой л хуулийн байгууллагад хандлаа. Ард түмэн дэндүү хүлцэнгүй юм. Үзэл бодлоо илэрхийлж ёс зүйн зөрчил гаргасан албан тушаалтнуудаас хариуцлага нэхдэггүй. Дээр суусан хэд нь дураараа доромжлоод л сууж байдаг. Ийм байдал л өнөөдрийн нөхцөл байдалд хүргэсэн юм шүү дээ.
-Та сая НҮБ-ын хуралд суугаад ирсэн шүү дээ. Энэ талаараа тодруулахгүй юу?
-Ази, Номхон далайн орнуудын хуралд хамрагдлаа. Энд үүсээд байгаа нөхцөл байдлыг танилцуулсан. Хуралд оролцогчдын зүгээс сонгуулийн тогтолцоонд гол асуудал байгааг онцолж байна лээ. Манайд сонгуулийн үеэр ашигладаг “Dominion Voting” компанийн хар машиныг шалгуулахаар АНУ-ын 50 гаруй мужийн зүгээс шүүхэд хандсан юм билээ. Хакердаж сонгуулийн үр дүнд нөлөөлөх боломжтой эсэхийг шүүх тогтооно.
НҮБ-ын хуралд нөхцөл байдлыг танилцуулаад буухад хамгийн түрүүнд миний болон гэр бүлийн маань аюулгүй байдалд анхаарч ажиллах талаараа мэдэгдэж байна лээ. Олон улсад хүний эрхийг ингэж л эрхэмлэдэг юм байна.
-Өнөөдөр манайд шүгэл үлээгчийн эрх зүйн орчин ямар байна вэ?
-Шүгэл үлээгчийг хамгаалдаг эрх зүйн орчин манайд байхгүй. Улстөрчдийн хууль бус үйлдлийн талаар шүгэл үлээхэд залхаан цээрлүүлнэ. Би өнөөдөр нэг хүний хулгайг илчлэхэд л хилс хэрэг авчраад тохно. Удаан хугацааны турш байцаана. Хэрэг тохож залхаан цээрлүүлэх байдлаар л шүгэл үлээгчдийг дарна. Надад л гэхэд 10 гаруй эрүүгийн хэрэг тохох гэж оролдсон. Гэртээ унтаж байхад л хүн хутгалсан гээд л баривчлаад аваад явж л байлаа. Аавыг минь сэрүүн тунгалаг ахуйд нь гэр бүлээрээ хар тамхичин гэж цоллосон. Иймэрхүү байдлаар л дарж авдаг жишиг тогтоод удаж байна. Баримттай зүйл дээр шүгэл үлээхэд л гомдол гаргасан асуудлыг шалгахгүй. Зөрүүлж өөр хэрэг тохоод л шалгана. Гэлээ гээд дуугүй сууж болохгүй байна.