Categories
гадаад мэдээ

Францад ардчилал ялж В.Путин ялагдав DNN.mn

Европын Холбооны нэгдлийг дэмжигч, төвийн үзэлт Эммануэл Макрон Франц улсын ерөнхийлөгчийн хоёр дахь шатны сонгуульд ялалт байгуулан Францын ерөнхийлөгчөөр дахин таван жил ажиллах боллоо. Түүний өрсөлдөгч нь В.Путинээс санхүүждэг гэгдэж буй хэт барууны үзэлт Марин Ле Пэн байв. Саналын нийт хуудсыг тоолсны дараа Макрон 58,5 хувь, Ле Пэн 41,5 хувийн санал авсан байна.

Эммануэл Макрон Эйфелийн цамхгийн дэргэд ялалтдаа зориулж хэлсэн үгэндээ хагарсан нийгмийг эвлүүлж, францчуудын нэгдэл нягтралыг хангаж ажиллана гэж амлав. Таван жилийн өмнө болсон сонгуулиар Макрон 66 хувийн саналаар Ле Пэнийг ялж байсан юм. Хэт барууны сөрөг хүчин энэ сонгуульд түүхэндээ байгаагүй өндөр санал авсан байна. Хатагтай Ле Пен ялагдлаа хүлээн зөвшөөрч, өмнөх сонгуулиас илүү дэмжлэг үзүүлсэн сонгогчдодоо талархал илэрхийлжээ. Сонгуулийн ирц 72 хувьтай байсан нь 1969 оны сонгуулиас хойших хамгийн бага ирц болов. Бас саналын хуудасны 28 хувь нь хоосон буюу хүчингүйд тооцогджээ. Энэ нь сонгогчдын нэлээд хэсгийн хувьд хүссэн нэр дэвшигч нь байгаагүйтэй холбоотой гэнэ.

Ле Пэний хувьд цагаачлалын хатуу бодлого баримтлах, уугуул франц хүмүүсийн аж амьдрал, эдийн засгийн нөхцөлийг нэн тэргүүнд тавих амлалт өгч байв. Макрон өрсөлдөгчийнхөө намыг ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путинээс хамааралтай, 2014 онд Оросоос зээл авч байсан зэргийг сонгуулийн сурталчилгааныхаа үеэр дэлгэн шүүмжилж байсан. Хэт барууны үзэлтнүүд зөвхөн өөрсдийгөө бодох ёстой гэсэн уриатай байдаг бөгөөд энэ нь европчуудыг төдийгүй NATO-г дотроос нь хагалан бутаргана гэсэн үг юм. Иймээс олон улсад ОХУ-ын ерөнхийлөгч В.Путин дахин Ле Пэн гэх нэг “генерал”-аа алдлаа гэж бичиж эхлээд байна. Ер нь В.Путин Германы ногоон хөдөлгөөнийг 80 сая ам.доллараар санхүүжүүлсэн нь тогтоогдоод байгаа төдийгүй барууны нам, улс төрчдийг санхүүжүүлж байсан нь баруунд улстөрчдийн хуучин үеийг халж цоо шинэ үе гарч ирсний ачаар ил болж байгаа билээ. Европын Холбооны томоохон гишүүн улсууд болон Брюсселийн эрх баригчид Францад хэт барууны үзэлтэн ерөнхийлөгч гарч ирэхээс болгоомжилж байсан нь нууц биш. Иймээс Макроны ялалтыг Европын Холбооны удирдлагууд талархан хүлээж авчээ. Хамгийн түрүүнд Германы канцлер Олаф Шольц утасдаж баяр хүргэн, “Францын сонгогчид Европын талд байгаагаа хүчтэй илэрхийллээ” хэмээн сайшаажээ. Европын Зөвлөлийн ерөнхийлөгч Шарль Мишел “Браво Эммануэл. Энэ ороо бусгаа цагт бидэнд нэгдмэл Европ хэрэгтэй. Франц улс илүү бие даасан, илүү стратегийн ач холбогдолтой Европын холбоонд үнэнч байгаагаа харууллаа” гэж твиттер хуудсандаа бичсэн байна. Европын Комиссын ерөнхийлөгч Урсула фон дер Лейен “Бид хамтдаа Франц, Европыг урагшлуулах болно” хэмээн мэдэгдлээ. Францын сонгогчдыг Макроныг дэмжихийг уриалж байсан Украины ерөнхийлөгч В.Зеленский “жинхэнэ найздаа” баяр хүргэж, хүчирхэг, нэгдмэл Европыг тэсэн ядан хүлээж байна гэжээ. Их Британийн ерөнхий сайд Борис Жонсон ч түүний ялалтыг сайшаав.

Ирэх зургадугаар сард болох парламентын сонгуульд Францын улс төрийн намууд анхаарлаа хандуулах ёстой болоод байна. Энэ сонгуулиар Макроны төвийн үзэлт эвсэл олонх болсон байр сууриа хадгалахын төлөө өрсөлдөх юм. Макронд ойрын үед тулгараад байгаа гол асуудал нь эрчим хүчний үнийн өсөлтөөс хамааралтай иргэдийн нуруун дээр хүнд ачаа болж буй эдийн засгийн дарамтыг бууруулах явдал болоод байгаа билээ.

BC.CNN. REUTERS. NHK. UKRINFORM.TASS.Global Times.Xinhua. Yonhap-гоос бэлтгэсэн Г.АМАРСАНАА

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *