Categories
гадаад мэдээ

АНУ-ын өндөр албан тушаалтнууд Украины нийслэл Киевт айлчилна DNN.mn

АНУ-ын төрийн нарийн бичгийн дарга Энтони Блинкен, батлан хамгаалахын сайд Ллойд Остин нар Ням гарагт Украины нийслэл Киев хотод айлчлахаар болжээ.

“Маргааш АНУ-ын хоёр өндөр албан тушаалтан манай улсад айлчлан ирэх гэж байна” гэж Украины ерөнхийлөгч Володимир Зеленский өчигдөр Киевт болсон хэвлэлийн хурлын үеэр мэдээлсэн юм.

Тэрбээр Блинкен, Остин нартай Оросын түрэмгийллийн эсрэг тулаанд шаардлагатай байгаа зэвсэг, техникийн талаар ярилцах гэнэ. Сүүлийн үед Европын олон орны төр, засгийн тэргүүнүүд Киев хотод айлчлан ирсэн юм.

Эдгээр айлчлалуудын дараа АНУ-ын засаг захиргаа бас өндөр албаны хүмүүсийг Киевт илгээж, Украины засгийн газрыг дэмжиж байгаагаа харуулах зайлшгүй шаардлагатай тулгараад байв.

Өмнө нь АНУ-ын ерөнхийлөгч Жо Байдены айлчлалын тухай таамаг яригдаж байсан ч ийм төлөвлөгөө байхгүйг Цагаан ордон мэдэгдэж байжээ.

Өчигдрийн мэдэгдэлдээ Зеленский дайныг дуусгахын тулд ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путинтэй уулзах хүсэлтэй байгаагаа дахин илэрхийлсэн байна.

“Энэ дайныг эхлүүлсэн хүнд бас дуусгах боломж байгаа гэж би бодож байна. Дайны эхэлсэн цагаас хойш би Оросын ерөнхийлөгчтэй уулзаж, ярилцах хүслээ илэрхийлсээр байгаа. Энэ бол миний хүсэл төдий биш, дайныг дипломат арга замаар дуусгахын тулд түүнтэй уулзах нь миний үүрэг юм” гэж Зеленский хэлжээ.

Өчигдөр тэр бас Их Британийн ерөнхий сайд Борис Жонсонтой утсаар ярихдаа Украинд шаардлагатай байгаа зэвсэг, техникийн талаар хэлэлцсэн байна.

Жонсон түүнд Их Британи улс Оросын түрэмгийллийг няцаахад шаардлагатай зэвсгүүдийг нийлүүлэхээр ажиллаж байгаагаа мэдэгдээд ирэх долоо хоногт элчин сайдын яамаа Киевт буцааж шилжүүлэхээр болсныг дуулгасан гэнэ.

Дайны эхний өдрүүдэд ихэнх улс орнууд Киев дэх элчин сайдын яамаа хааж, Украины баруун хилийн бүс нутагт болон хөрш Польш улсад нүүлгэн шилжүүлж байсан юм.

Гуравдугаар сарын 26-нд Польш улсад хийсэн айлчлалынхаа үеэр АНУ-ын ерөнхийлөгч Жо Байден, төрийн нарийн бичгийн дарга Блинкен, батлан хамгаалахын сайд Остин нар гадаад хэргийн сайд Дмитро Кулеба тэргүүтэй Украины засгийн газрын төлөөлөгчидтэй уулзаж байв.

Эх сурвалж: Associated Press

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *