Categories
мэдээ спорт

Ц.Шийрэв: Засгийн газрынхаа ордонд дэвжээ засаад олимп, дэлхийн аваргад оролцох тамирчдаа шалгаруулдаг байсан DNN.mn

Монгол Улсын гавьяат дасгалжуулагч, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын “Сүлд” спорт хорооны жүдо бөхийн багш Ц.Шийрэвтэй ярилцлаа.


-Та өөрийнхөө өсөж төрсөн нутаг, хүүхэд насныхаа тухай хуваалцаач?

-Би Баянхонгор аймгийн Баянбулаг суманд төрж, өссөн. Хүүхэд нас маань хөдөөний хүүхдүүдийн адилаар үхэр тугал хариулах, хурдны морь унах зэргээр л өнгөрсөн дөө. Намар хичээл эхлэхэд сургуулийнхаа дотуур байранд суудаг байлаа, 1974 онд Улаанбаатар хотод ирсэн.

-Яагаад спортын хүн болов?

-Хүүхэд байхын л барилдах сонирхолтой, бөхийн тухай хууч, домог их шимтэн сонсдог байсан. Зургадугаар ангид байхад манай суманд Б.Цэдэв гэж багш ирсэн юм. Тэр багш уран зохиолын хичээл орсноос хойш номтой их нөхөрлөсөн. Ж.Дамдин гуайн “Монгол бөх” гэсэн номон дээрх даншигийн аварга, арслангуудын түүх намтрыг уншаад бөх болохыг мөрөөдөж эхэлсэн. 1982 онд хүч нийгэмлэгт хүндийг өргөлтийн шилдэг дасгалжуулагч н.Хөхөө багш дээр очиж спортод хөл тавьсан. Үндэсний бөхөд бол найрамдлын биеийн тамир спорт хорооны дасгалжуулагч Ш.Нямхүү, Монгол Улсын хүчит арслан М.Мөнгөн нар миний бөх болох хүсэл мөрөөдлийг асааж, суурийг тавьсан.

-Таны залуу тамирчин байх үе болон одоогийн тамирчдын хоооронд ялгаа их байна уу?

-Байлгүй яахав, тухайн үед шигшээ багийн тамирчид байнгын бэлтгэл сургуулилттай цугларалтанд гардаг, улсаас бүх хэрэгцээг хангадаг, олон улсын тэмцээнийг дотооддоо зохион байгуулдаг байсан. Тэр үед чөлөөт бөх манайд номер нэгдүгээрт орох спорт, хоёрдугаарт самбо бөх ордог байлаа. Тэр байтугай засгийн газрынхаа ордонд дэвжээ засаад олимп дэлхийд оролцох тамирчдаа сонгон шалгаруулах барилдаанаа хийдэг байсан. Ер нь улсаас тамирчдаа их л дэмждэг байсан үе.

-“Токио-2020” олимпод манай баг тамирчдын хоол зүйч, сэтгэл зүйч гээд өргөн бүрэлдэхүүнтэй ажилласан байх аа…

-Энэ удаагийн олимпод зөвхөн дасгуулжуулагчаас гадна мэргэжлийн хүмүүсийг ажиллуулсан нь маш таатай санагдсан. Тамирчдад ч мэргэжлийн хүнээс зөвлөгөө аваад бэлтгэл сургуулилтаа хийхэд илүү амар байсан байх.

-Хүүхдийг хэдэн наснаас нь жүдогоор хичээллүүлбэл тохиромжтой вэ?

-Ес, арван настай үеэс нь жүдогийн бэлтгэлд оруулбал тохиромжтой. Хүн төрөхдөө 306 ястай байдаг, тэр нь бэхэжсээр насанд хүрэхэд 206 болдог. Булчингийн тоо гэхэд 639, зөвхөн гарын булчин гэхэд 72 байдаг. Хүүхэд 12 нас хүрч байж яс нь бүрэн бэхэждэг. Тэгэхээр нас насанд нь тохирсон бэлтгэл дасгал хөдөлгөөнийг хийлгэвэл тохиромжтой.

-Шавь нартаа юуг чухалчилдаг вэ?

-Жүдо их ёс зүйтэй спорт, монгол үндэсний бөх ч адилхан. Жүдод тамирчин хамгийн эхэнд орж ирэн дэвжээндээ ёсолж, багшдаа ёсолж, бэлтгэл дуусах үед ч мөн дэвжээндээ ёсолж гардаг. Шавь нартаа бусдыг хүндлэх, цаг баримтлах, ёс зүйтэй шударга байхыг шаарддаг.

-Дасгалжуулагч хүний хувьд шүүмжлэлтэй ханддаг зүйл байна уу?

-4-6 настай хүүхдүүдийн дунд зохиодог “Хуйрнан шуугигч” гээд хүүхдийн бөхийн барилдаанд эсрэг байр суурьтай байдаг. Цэцэрлэгийн хүүхдүүд юу ч мэдэхгүй хөл гараа буруу тулах гэмтээх, доргилт авах зэрэг нь тухайн хүүхдийнхээ ирээдүйн амжилт, өсөлт хөгжилтөд сөрөг нөлөөтэй. Мөн мэхний буруу хэвшил суудаг, засагдахад маш хэцүү. Харин цэцэрлэгийн хүүхдүүдийг бус цэрэгт явж буй залуусыг бүгдийг нь зодог шуудагтай явуулж үндэсний бөхийн өв уламжлалыг таниулж эр бярыг тэгшрүүлж ирээдүйн эрүүл чийрэг монгол хүн болгож төлөвшүүлэх нь зүйтэй санагддаг.

-Та үндэсний бөхийн аймгийн арслан цолтой шүү дээ…

-1997 онд Баянхонгор аймгийнхаа баяр наадамд түрүүлж аймгийн арслан болсон. 1990 онд аймагтаа очиж барилдан шөвгийн дөрөвт үлдсэн, түүнээс хойш аймагт барилдаагүй, улсад л барилдсан. Тухайн үедээ аймгийн заан, арслан хоёр ялгаа юу байхав гэж боддог байсан. Шавь нар эхнээсээ аймгийн арслан болж ирсэн тэгэхээр нь аймагтаа очиж барилдаж арслан болсон (инээв).

-Спортоор хичээллэх нь ямар давуу талтай вэ?

-Хамгийн эхэнд цаг баримталж сурна. Өглөө Спортын төв ордон дээр 7:30 цагаас бэлтгэл ороход хотын захын зүүн салаа, баруун салаа, Салхит, зайсан, налайхаас хүртэл тэр жаахан хүүхдүүд хоцролгүй хүрээд ирдэг. Үүнээс харахад хүүхэд спортод сонирхолтой дуртай болж байна. Аливаа зүйлд сэтгэлээсээ ханддаг болно, хүнтэй зөв харилцаж сурна, мэндэлж сурна, хөдөлгөөний эвсэлтэй, тэвчээртэй болох зэрэг олон чадваруудыг эзэмшинэ.

-Өнгөрөгч Токиогийн олимпод таны шавь Ц.Цогтбаатар хүрэл медаль хүртсэн. Тухайн мөчид таны сэтгэл их хөдөлсөн үү?

-Тэгэлгүй яахав. Ц.Цогтбаатар маань анх 11 настай, 30 гаруй кг жинтэй жаахан хүүхэд ирж байлаа. Өөрөө төрөлхийн авьяастай, уян хатан, мэдрэмжтэй ерөнхийлөгч асан Х.Баттулга хараад их авьяастай хөгжихөөр хүүхэд байна гэж хэлж байсан. Тэгээд улсын аваргаас хүрэл медаль аваад Америкийн Майми хотод болсон өсвөрийн дэлхийн аваргаас Монголын тамирчдын анхны өсвөрийн хүрэл медалийг авсан, тэр тэмцээнд би цуг явсан. Олимпод сайхан барилдсан, олимпоос медаль авна гэдэг тамирчин бүрийн мөрөөдөл шүү дээ.

-Усан бар жилийн Цагаан сарын баярт зориулсан улс аймгийн алдар цолтой хүчит бөхийн барилдаанд таны шавь аймгийн заан Э.Мөнхжаргал түрүүлж монгол бөхийн түүхэнд нэгэн түүхийг бичсэн, энэ талаар сэтгэгдлээ хуваалцаач?

-Э.Мөнхжаргалыг жаахан хүүхэд байхад аав нь надад авч ирж өгч байсан. Аав нь цэргийн начин цолтой бөх хүн, Мөнхжаргал үгнээс гардаггүй, бэлтгэл сургуулилтаа сайн хийдэг хөдөөний бор хүү ирсэн. Тэгээд өсвөрийн Азийн аваргад түрүүлж, насанд хүрэгчдийн улсын аваргаас хүрэл медаль аваад улсын шигшээд орсон, 90 кг-ын жинд түрүүлээд 2020 оны олимпийн цикилд байж байгаад бэртэл авч хэвтрийн дэглэм бариад жин нэмсэн. Одоо +100 кг-ын жинд мөн үндэсний бөхөөрөө барилдаж байна. Цагаан сарын барилдаанд түрүүлэхэд нь багш хүний хувьд шавиараа их бахархаж огшсон.

-Мэргэжлийн сумогийн 73 дахь ёкүзана Тэрүнофүжи Ган-Эрдэнэ мөн таны шавь нарын нэг, сумогийн түүхэнд Озёки цолноос хамгийн доод зиндаа руу унаад эргэж дэвшээд ноён оргилд нь гарсан бахдам амжилтыг үзүүлсэн. Шавийнхаа тухай яриач?

-Ган-Эрдэнэ маань анх 14 настайдаа ирж байлаа. Монгол Улсын дархан аварга Ж.Мөнхбат надтай уулзаад “Удам сайтай хүүхэд байна, алсдаа сумод орох бодолтой юм шиг байна лээ” гэж хэлээд манай бэлтгэлд оруулсан. Их том биетэй тарган хүүхэд ирээд гар дээрээ нэг ч суниаж чаддаггүй байсан. Жилийн дараа гэхэд 100 гаруй суниадаг болсон. Тэгээд хот, дүүргийн аваргад орж хоёр дахь жилдээ кураш бөхийн дэлхийн аваргаас хүрэл медаль авсан. Өөрөө их мэдрэмжтэй, биеэ их сайхан суллаж барилдана, зоригтой, тайван, толгойгоо сайн ажиллуулж барилддаг хүүхэд. Одоо сумод амжилттай сайхан барилдаж явна аа.

-Дасгалжуулагч хүний хамгийн сайхан нь юу вэ?

-Бэлдсэн шавь нар амжилт үзүүлэн тив дэлхийд нэрээ гаргана гэдэг чинь л хамгийн сайхан. Тэгээд ард түмнээ баясган гэр бүл, найз нөхөд, нутаг орон нь баясаж баярлах нь хамгийн гоё санагддаг. Өөрөө ч тэднээсээ маш их урам авдаг.

-Таны шавь нар бусад спортын төрлөөр ямар амжилт гаргасан бэ?

-Манай шавь нар жүдо бөхийн төрлөөр өсвөр залуучуудын тэмцээнээс Монголын тамирчдын анхны медалуудыг авсан. Жүдо, самбо, сумо, кураш, жиү жцү, чөлөөт бөх, бокс, холимог тулаан зэрэг олимпийн ба олимпийн бус төрлөөр тив дэлхийгээс 200 гаруй медаль хүртсэн. Шавь нар минь ганцхан спорт гэлтгүй бусад салбарт ч эх орныхоо хөгжил цэцэглэлтэд гар бие оролцон амжилттай сайхан явж байна даа.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *