Чөлөөт бөхийн Ази тивийн аварга шалгаруулах “Улаанбаатар-2022” тэмцээн “Буянт-Ухаа” спорт цогцолборт зохион байгуулагдаж байна.
Энэ удаагийн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнд 22 орны 250 гаруй тамирчин, 60 гаруй дасгалжуулагч, 30 шүүгч оролцож байгаа юм.
Чөлөөт бөхийн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнийг Монголд гурав дахь удаагаа зохион байгуулж байгаа.
Тодруулбал, 1993, 2001 онд Монгол Улсад зохион байгуулснаас хойш 21 жилийн дараа болж байна. Дөрөвдүгээр сарын 19-24-ний өдрүүдэд үргэлжлэх тус тэмцээний эхний хоёр өдөр сонгомол бөхийн барилдаан болох бөгөөд дөрөвдүгээр сарын 21-ний пүрэв гарагаас чөлөөт бөхийн барилдаан эмэгтэй тамирчдын тоглолт эхлэх юм. Харин дөрөвдүгээр сарын 23-ны бямба гарагаас эрэгтэй чөлөөт бөхийн барилдаанаар үргэлжилнэ.
Монгол Улсаас бөхийн сонгомол барилдаан, чөлөөт барилдаан, эмэгтэй чөлөөт бөхийн барилдаанд 10 жин тус бүрд 30 тамирчин оролцож байна. Зохион байгуулагчдын зүгээс чөлөөт бөх сонирхогчдыг “Буянт-Ухаа” спорт цогцолборт хүрэлцэн ирж, монгол бөхчүүдээ дэмжихийг уриалж байлаа.