Categories
мэдээ нийгэм

Б.Батболд: Төмөр замын “дээрэм”-ийг зогсоож өгөөч, Ерөнхий сайд аа DNN.mn

Замын-Үүдэд хамгийн анхны нурмаг ачааны терминал байгуулсан “Сауд гэйт” ххк-ийн гүйцэтгэх захирал Б.Батболдтой ярилцлаа.


-Өнгөрөгч долоо хоногт Та бүхэн хэвлэлийн хурал хийж, Ерөнхий сайдад хандаж байгаагаа мэдэгдсэн. Чухам ямар нөхцөл шалтгаанаас болоод ийм алхам хийх болсон бэ?

-Манай “Сауд Гэйт” ХХК Замын-Үүдийн анхны нурмаг ачааны терминалыг байгуулсан. Анх 2018 онд тухайн үеийн УБТЗ ХНН-ийн удирдлагууд өөрсдөө эхэлж санал тавьсан. Энэ саналын дагуу юу ч үгүй хоосон байсан газар хашаа барьж, эрчим хүч цахилгаан татаж, бетонон талбай цутгаж нийтдээ 2.1 тэрбум төгрөгийн шууд хөрөнгө оруулалт хийсэн. 70 гаруй монгол залууг ажлын байраар хангасан. Энэ терминал ашиглалтад орсноор Замын-Үүд боомтоор төмөр замын экспортын ачаа эргэлтийг хурдасгахад онцгой үүрэг гүйцэтгэсэн. Сүүлийн гурван жилд гэхэд л энэ терминалын ачаар төмөр зам зөвхөн тээврээсээ гэхэд л 14 тэрбум гаруй төгрөгийн орлого олсон байна лээ.

Гэтэл 2021 оны 12 дугаар сарын 02-ны өдөр гэнэт А-913 хэмээх тушаал гаргаж сарын 5 сая төгрөгийн үнэтэй байсан түрээсийн гэрээгээ гэнэт 717 сая 900 мянган төгрөг болгон 140 дахин нэмэгдүүлж орхисон. Ингэхдээ гэрээний нөгөө тал болох бидний саналыг сонсох нь байтугай хүчээр тулгалт хийж түрээсийн төлбөрөө 14 мянган хувиар нэмэгдүүлсэн тухай мэдэгдэл ирүүлсэнээр бид тун хүнд байдалд орчихоод байна. Нэг ёсондоо шууд дампуур, эсхүл гэрээгээ цуцлаж оруулсан хөрөнгө оруулалтаа “дээрэмдүүлээд гар” гэснээс өөрцгүй юм болж байна.

-Түрээсийн төлбөрөө 14 мянган хувь нэмэгдүүлнэ гэдэг чинь юу гэсэн үг вэ. Ямар үндэслэл тайлбар хэлж байх юм. Арай л хэтэрхий өндөр дүн байна.

-Эхлээд бид гэрээний үнийн төлбөр нэмэгдүүлсэн тухай мэдэгдэлийг нь хараад итгээгүй. Тоогоо бичихдээ орон л алдчихаж дээ гээд бодсон. Гэтэл бодит байдал дээр байж болшгүй ийм өндөр дүн тулгаж байгаа нь үнэн болж хувирсан. Хамгийн ноцтой нь УБТЗ ХНН манай САУД ГЭЙТ ХХК-тай байгуулсан гэрээний нэмэгдэл хөлсөө 14 мянга дахин нэмэгдүүлсэн үндэслэлээ тайлбарласан байдал үнэхээр гайхаш төрүүлж байгаа. Тэдний үзэж буйгаар бол 2009 оноос хойш инфляцийн түвшин 147 хувь өссөн юм байна. 2018 онд гэрээ байгуулсан бидэнд түүнээс 9 жилийн өмнөөс эхлэн инфляцийн өсөлт тооцоод байгааг нь үнэхээр ойлгохгүй байгаа юм. Мөн өөр нэг тайлбар нь хөрөнгийн арчлалт хамгаалалтын зардал 275 хувиар нэмэгдсэнтэй холбоотой гэнэ. Төмөр зам чухам ямар хөрөнгийн арчлалт хамгаалалтын зардал яриад байгаа нь сонин. Хов хоосон газар 100 хувь бид хөрөнгөө өөрсдөө оруулсан. Бидэнтэй хамтарч энэ компанийг байгуулсан Хонконг Сингапурын нөхөд ч бас толгой сэгсрээд гайхаад байгаа. За сайхан хамтарч ажиллацгаая гэж даллаж авчирчихаад хөрөнгө оруулалт хийснийх нь дараа гэрээний үнийн дүн гэдэг дээрээ тэнгэрийн тоо тавьж 140 дахин түрээсээ нэмэгдүүлж өнгөн дээрэээ соёлтой “дээрэм” хийж увайгүйтэж байна.

-За тэгвэл УБТЗ ХНН гэрээний үнийн дүнгээ ингэж нэмэхдээ тэр үндэслэл болгоод байгаа инфляцийн өсөлт гэх 147 хувиараа тооцолгүй түүнийгээ зүгээр л 100 дахин өсгөөд тооцчихсоныг гайхаад байна л даа.

-Харин наадах чинь л асуудлын гол нь байхгүй юу. Үгүй ядаж түрээсийн үнээ 200 хувь нэмэгдүүлсэн бол ойлгож болох. Гэтэл бүхэл бүтэн 14 мянгаар нэмчихэж байгаа байхгүй юу. Хар үгээр хэлэхэд нэг айл сарын сая төгрөгөөр хүний байр хөлсөлж байтал гэнэтхэн эзэн нь орж ирээд за түрээсийн төлбөрөө 140 сая болголоо гэж байгаатай л яг ижилхэн зүйл болчихоод байгаа юм. Гэтэл гэрээгээ урт удаан хугацаанд үргэлжлэх байх гээд баахан зардал мөнгө гаргаж тохижуулчихсан, тавилга хогшил аваад тавьчихсан нөхрийн хохь болох уу?

Өнөөдөр төмөр замд бугшсан олон асуудал байгааг бид биеэрээ туулж үзэж мэдэрч байна. Төмөр зам дахь авлигын ханш хагас тэрбум төгрөгт хүрсэн тужай УИХ-ын гишүүд хүртэл ярьж байна шүү дээ. Магадгүй энэ бүхний цаана нурмаг ачааны терминалын бизнес ирээдүйд ашигтай юм байна. Тиймээс эртхэн шиг түрээсийн үнээ тархин дундуур нь таттал нэмж байгаад шахаж гаргая гэсэн бүлэглэлийн захиалга байна уу гэсэн хардлага төрж байна. Хэн ч төлж чадахгүй ийм үнээр биднийг замаасаа зайлуулчихаад дараагийн зангиатай эзэддээ тушаалаа өөрчилж төрийн өмчийг үнэгүй эзэмшүүлэх нь гаршсан дээрмийн ганц арга нь гэж харагдаад байгаа юм. Тэрнээс биш эрүүл ухаантай хүний толгойд л лав 14 мянган хувиар нэмэгдүүлсэн түрээсийн нэмэгдэлээ зах зээлийн үнэд тохирсон нэмэгдэл хөлс гэж орж ирэхгүй.

No description available.

-Одоо тэгээд яах вэ. Та бүхэнд гарц үлдээгүй юм биш үү. Хэлж байснаараа Ерөнхий сайдад хандаж үзэв үү?

-Бид Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, ЗГХЭГ-ын дарга Ц.Нямдорж, ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар, ЗТХ-ийн сайд Л.Халтар, УБТЗ ХНН-ийн Хяналтын зөвлөл гээд бүгдэд нь хандаж албан бичиг явууллаа. Шударга үнэн гэж зүйл байгаа эсэхийг харж хүлээх л үлдлээ. Дээрээ ШИНЭ СЭРГЭЛТ, БООМТЫН СЭРГЭЛТ гээд том том бодлого шийдэл ярьж боомтын боймыг тайлъя гээд байдаг. Гэтэл доогуур нь хувийн хэвшлийнхэнээ ингэж боомилж, боомтод хөрөнгө оруулагчдаа “боож унагаах” мэх хийж байгааг эрх баригчид анхаарч, төмөр замын “дээрэмд” төмөр нүүрээ харуулах цаг нь болсон гэж бодож байна. Хэрэв асуудал нааштай шийдэгдэхгүй бол цалин хөлс,ажил орлогогүй болж байгаа хэдэн ажилтантайгаа талбай дээр хэвтэхээс өөр сонголт үнэндээ үлдсэнгүй. Өнөөдөр улс мөнгөгүй болчихлоо, валют доллар олдохоо байлаа гээд л дээр дооргүй шогширч байна. Хөрөнгө оруулагчдаа хөөж туугаад, төр нь хувийн хэвшлээ дарлаад, экспортын ачаа тээврээ ингэж гацаагаад байх юм бол хаанаас валют олдох билээ дээ. Түрүү долоо хоногт залуус “Ажлаа хий” гэсэн яриа бариад жагсаж байна билээ. Төрийн хүнд суртал, хөшүүн хойрго энэ байдал хэвээр үргэлжлээд байвал бизнес, хувийн хэвшлийнхэн “Зүгээр ажлыг минь хийлгэ” гээд жагсахаас өөр арга алга. Улсад татвар төлж, олон хүнийг ажил орлоготой байлгаж, бүр зүрхээрээ яваа мянга мянган бизнес эрхлэгчдээ амьдралаас тасарсан элдэв дүрэм журам, гэрээ түрээсээр гинжилж гавлаад байвал энэ Монголд чинь тэгээд хэн ажил хийх билээ дээ.

-Ярилцсанд баярлалаа.

No description available.

No description available.

No description available.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *