Categories
мэдээ соёл-урлаг энтертаймент-ертөнц

Ж.Сэнгэдорж: Пробонд орж ирэхдээ л Баярцэцэгийн асуултын тэмдэг шиг нүд таалагдсан || DNN.mn

Найруулагч Ж.Сэнгэдоржтой ярилцлаа.


-Таны “Худалдагч охин” УСК Олон улсын Азийн шилдэг бүтээл болж, шилдэг гол дүрийн жүжигчний шагналыг ч хүртлээ. Таны сэтгэгдлээс ярилцлагаа эхэлье?

-Үнэхээр гайхалтай, яагаад гайхалтай вэ гэхээр миний цөөнгүй кино гадны фестивальд оролцож, шилдэгт тунаж байсан. 12 жилийн өмнө “Адам”, дараа нь “Цагаан хадаг” УСК ч бас шилдэгт шалгарч байлаа. Энэ нь чамлахааргүй амжилт ч гэлээ шагналт байранд орж байсангүй. Энэ удаад шилдэг 15-т орж, тэр дундаа “Шилдэг гол дүрийн жүжигчин” шагналыг авсандаа их баяртай байна.

-Киноны ажил эхлэхээс л олон улсын кино фестивалийг онилж байв уу?

-Тэгсэн, хүмүүс ихэвчлэн энэ кино маань сайн болохоор гадны фестивальд оролцоно гэж боддог. Гэвч кино наадамд, олон улсад зориулж өргөн өнцгийг харуулж кино хийдэг. Дэлхийн хэмжээний жанр, хүн төрөлхтний асуудлыг сонгодог. Монголд л байдаг үйл явдал, сэдвийг сонговол Монголдоо л үлдэнэ гэсэн үг.

-Киноны ажил хэзээнээс эхэлсэн бэ?

-“Худалдагч охин” бол бодож явдаг маш олон санааны маань нэг л дээ. 2017 оны үед бид яагаад насанд хүрэгчдийн дэлгүүрийг (Sex shop) байж боломгүй, харь гаригийн өнцгөөс хүлээж авдаг юм бол. Гадны оронд энэ бол зүгээр л супермаркет шүү дээ. Нийгэм нь дасан зохицчихож, харин манайх чинь ардчилал руу алхаад 30 жил л болох гэж байна гээд бодож байсан юм. Энэ нь нийгмийн алхааны л хурд, аяндаа дэлхийн орчин цагийн хөгжилтэй зэрэгцээд л ирнэ. Хамгийн гол нь хүмүүсийн секст хандах хандлага нь их эмзэг туссан юм. Секс гэдэг нь нийгэмд тулгамдаад буй гэр бүлийн салалт, хүчирхийлэлд чухал нөлөөтэй. Хайранд сексийн оролцоо маш их байдаг. Бид хайр, бэлгийн харилцааны тухай ярихаас ичдэг учраас дуугарах ёстой л өнцөг гэж харсан юм. Зохиолоо 2020 онд бичиж, зураг авалтаа 2021 онд хийсэн.

-Гол дүрээ хэрхэн сонгов?

-“Худалдагч охин” УСК Саруул, Катя гэсэн хоёр гол дүртэй, гол дүрийн охин Саруулыг сонирхолтой, тэс өөр ертөнц байгаасай гэж хүссэн. Гол дүрийн жүжигчин Б.Баярцэцэг 300-аад охиноос шалгарсан. Б.Баярцэцэг амьдрал дээр маш нээлттэй охин, харин кинон дээр маш хаалттай охины дүр бүтээсэн. Пробонд орж ирэхдээ л асуултын тэмдэг шиг нүд нь таалагдсан. Катя буюу насан хүрэгчдийн дэлгүүрийн эзний дүрийг жүжигчин О.Энхтуул эгч бүтээсэн. Балетчин, амьдралыг олон өнгөөр хардаг ганц бие бүсгүйн дүрийг бүтээх жүжигчинг нэлээд хайсан. Жүжигчид зохиолоо уншаад л “Би чинь сексшофийн эзэн авгай юм байна” гэж бодоод эмээж байсан. Тэгээд манай киноны хоёрдугаар найруулагч Номунзул Герман руу О.Энхтуул эгчтэй холбогдож зохиолоо явуултал маргааш нь шууд л “Би энэ кинонд тоглох хүн байна” гэж хэлсэн. Би гайхаж, баярласан, О.Энхтуул эгч хатуу хөл хорионы үед эрсдэлтэй алхам хийж Монголдоо ирж зурганд орсон.

-Үзэгчид таны төсөөллөөс ямраар хүлээж авсан бэ?

-Энэ киног нээхэд л айж байсан. Гэтэл анхны үзэгчид маш сайхнаар хүлээж авсан, бид үзэгчдээ басамжилж болохгүй, залуусын сэтгэлгээ, хандлага шал өөр болсныг ойлгосон. Киноны сэтгэгдэл, шүүмжийг дандаа залуучууд бичиж байсан, миний үеийн кино шүүмжлэгчид таг (инээв).

No description available.

-Таны кинонууд ихэвчлэн эмэгтэй хүнтэй холбоотой байх юм. Та ер нь эмэгтэй хүний дотоод, гадаад ертөнцийг харуулахыг зорьдог юм уу, найруулагч аа?

-Ер нь би их гоо зүй хардаг, мэдэрдэг найруулагч. Хар нялхаасаа урлагийн хаяанд тонгочиж өссөн юм болохоор ч тэр юм уу. Гоо зүйн туйл бол эмэгтэй хүн л гэж бодож, биширдэг. Гоо зүй гэхээр л эмэгтэй хүн рүү орчихоод байдаг юм (инээв). Мөн Б.Навчаа, Д.Пүрэвсүрэн, Г.Анхмаа гээд эмэгтэй продюсерүүдтэй их ажилласан. Тэдний ертөнцийг гаргахын тулд энэ тал руу орсон ч байж магадгүй юм. Эмэгтэй хүн өөрөө судлаад баршгүй агуу ертөнц, цаашид ч эмэгтэй хүнийг судалсаар, үзүүлсээр байх болно. Зарим хүмүүс “Сэнгээ дандаа эмэгтэй хүнийг нүцгэлж байх юм” гэдэг. Гэхдээ би тэр хүний дотоод ертөнцийг гаргахын тулд нүцгэлж, үсийг нь хайчлуулж ер нь яаж ч магадгүй. Эмэгтэй хүний гоо зүй гэдэг чинь төгс харагдахдаа биш байхгүй юу. Эмэгтэй хүний гоо сайхан байхгүй болох тусам цухуйж байгаа зүйл нь гоо зүй. Багшийн хэлдгээр “Сайхныг үзүүлэх гэж байвал муухай үзүүл. Муухайг үзүүлэх гэж байвал сайхныг үзүүл” гэдэг нь шүү дээ.

-“Худалдагч охин” кинонд Саруул, Катя хоёр нэг хүн юм шиг санагдсан. Та юу гэж бодож найруулсан бэ?

-Тийм, маш сайн олж харсан байна шүү. Энэ зохиолыг арзайсан үстэй, царай муутай нэг л хүн бичиж байгаа шүү дээ, би. Саруул гэдэг чинь миний бага нас, эмэгтэй л болохоос. Би багадаа бүрэг яг л Саруул шиг хүүхэд байсан. Харин би 60 нас руу дөхөхөөр яг Катя авгай шиг егзгөр, амьдрал мэддэг ч юм шиг, үгүй ч юм шиг, амьдралын философийг өргөн хардаг өвгөн болно.

-Амьдралд их хялбар, хөнгөн ханддаг юм шиг харагдсан. Та одоо хэр “Easy” амьдардаг вэ?

-Яг зөв, хүн амьдралыг хөнгөн, амархнаар харвал амьдрал тийм л байна. Зовлонг хараад л байвал зовлонтой л амьдарна энэ чинь үйлийн үрийн философи.

-Нохойн дээр бэлгийн харилцаа, мэдрэмж бол амьд бодгаль бүрийн амьдралын салшгүй хэсэг гэдгийг харуулахыг зорьсон юм уу?

-Нохойг хүмүүс огт асуудаггүй, харин чи асуучихлаа (инээв). Амьтан бол амьтан гээд хаяж болохгүй. Секс орчлонгийн амьд бүхэнд хамаатай, амьд бүх юмны тухай л харуулах гээд байгаа юм. Кинонд Саруулын найз залуу гээд нэр ч үгүй, утсаа маажихаас өөр юм хийдэггүй залуу гардаг. Албаар нэр өгөөгүй юм. Тэр бол оршин тогтноод ч байгаа юм уу, үгүй ч юм уу, утсаа шагайсан, бүлт үсэрсэн, эцэг эхийнхээ ивээл дор амьдардаг залуу. Тэр мөрөөрөө амьдрахгүй, ойр байгаа амьд биет бүхэнд нөлөөлж байгаа нь хамгийн аймшигтай. Дэлхийгээр дүүрэн ийм хүн байна, бүгд утсаа шагайж түүний хажууд амьд юу байх нь үл хамаатай болжээ. Тийм хүний хажууд байгаа амьтан хүртэл гунигтай, мэдрэмжгүй болж байна. Саруул “Чиний нохой нохой шиг биш байна, жинхэнэ нохой гэдэг чинь тэр байна” гээд хөөцөлдөж тоглож байгаа ноход руу заадаг. Үүгээрээ бид бодит биш амьдарч, амьтаныг ч амьтан биш болгож байна гэдгийг л харуулсан.

-“Банана”, “Катя” гээр гарчиг өгч, тод неон гэрлүүдийг оруулсан байсан. Энэ нь үзэгчидтэйгээ илүү наалдацтай болгож буй хэлбэр үү?

-Гарчиг биш дүрийн тодотгол гэж хэлж болно. “Хүн хэлэхээс нааш, цаас чичихээс нааш” гэдэг дээ. Яг одоогийн хүүхдүүдэд, залууст зоож, хэлж өгч байгаа юм. Хуучинд бид тэр дүрийг хайж, ухаж бодож ойлгодог байлаа. Одоо бол “Энийг ойлгоод өгөөч” л гэж байгаа юм. Гэрлийн хувьд бид энгийн биш, тод өнгөтэй л юм хардаг болсон шүү дээ. Хүний анхаарлыг татах арга гэх юм уу.

-Дууны сонголтод их анхаарсан юм шиг байсан…

-Тийм ээ, энэ киноны хөгжмийг өмнөх кинонуудаас өөр илүү амьдралтай ойр байлгахыг хичээсэн. Би ихэнхдээ киноныхоо хөгжмийг сонсоод зохиолоо бичдэг. “Магналион”, “The Colors” хамтлагийн хөгжмийг сонсож байгаад “Худалдагч охин”-ы зохиолыг бичсэн.

-Таны “Амрагууд” киноны гол дүрийн эмэгтэй зураач, “Гэргий” киноны гол дүр дүрслэх урлагийн багш, “Худалдагч охин”-ы гол дүр бас зурах дуртай. Та зураач бүсгүйчүүдийг их чухалчилдаг бололтой?

-Яагаад ч юм зураач эмэгтэй л болчихоод байдаг юм. Би өөрөө зургийн ямар ч авьяасгүй, гэхдээ орчин үеийн галлериаг шимтэж үзэх маш дуртай. Үнэндээ уран бүтээлээ туурвихын тулд, өөрийгөө илэрхийлэхийн тулд ганцхан өөрөөс нь шалтгаалдаг хүмүүст байнга атаархаж явдаг. Зураачид зотон, будаг нь байхад л өөрийгөө илэрхийлчихнэ. Харин миний кино урлаг түмэн юмнаас хамааралтай. Өөрийгөө илэрхийлэхийн тул 40, 50 хүнтэй ажиллах шаардлагатай болно. Өөрийгөө илэрхийлэх гэж түмэн хүнтэй ажиллаж байгаад сүүлдээ өөрийгөө алдаад дуусдаг (инээв). Залуу байхад тэгдэг л байлаа шүү дээ. Зураачдын ертөнцийг мэдрэхийн тулд л зураач сонгочихдог байх.

-Таны хүүхдүүд урлаг сонирхож байна уу?

-Гэргий маань бүжигчин, хүүхдүүд урлаг сонирхвол сонирхох л байх. Гэхдээ өөрсдөө л сонгоно доо, сонгочихдог л юм байна (инээв). Аав, ах бид хоёрт урлагийг огт санал болгоогүй, бид өөрөө л орсон.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *