Categories
гадаад мэдээ

Украинаас нүүлгэн шилжүүлсэн иргэд Румынд ирж байна || DNN.mn

НҮБ-ын Дүрвэгсдийн асуудал эрхэлсэн дээд комиссарын газрын мэдээлснээр бямба гарагийн байдлаар 580 мянга орчим хүн Румын руу зорчжээ.

Украины өмнөд нутгаас нүүлгэн шилжүүлсэн олон тооны хүмүүс усан онгоцоор тус улс руу очихын тулд гол гаталж байгаа аж. Румын улс Украины иргэдийг хүлээн авсан тоогоор Польшийн дараа хоёрдугаарт орж байна.

Мөн ням гарагт 100 гаруй хүн тээвэрлэсэн хөлөг онгоц Румыны зүүн өмнөд хэсэгт орших Исакчеа хотод иржээ. Одоогоор энэ хот Украины өмнөд нутгаас нүүлгэн шилжүүлэгсдийн бааз болоод байгаа юм. Нүүлгэн шилжүүлсэн хүмүүс Дунай мөрнийг гаталж ирсэн ба тэдний ихэнх нь эмэгтэйчүүд, хүүхдүүд байна. Тэднийг ирсний дараа сайн дурын ажилтнууд хоол, ундаар хангажээ.

Украины өмнөд хэсгийн Херсон хотоос хоёр хүүхдийн хамт дүрвэсэн 34 настай эмэгтэй, “Бямба гарагаас хойш дэлгүүрийн лангуун дээр хоол байхгүй. Хот хүмүүнлэгийн хямралтай тулгарч байна” гэжээ. Тэрбээр Херсоныг Мариуполь шиг болно гэж бодож байгаагаа ч хэлсэн байна.

НҮБ-ын Хүүхдийн сан Украины 7,5 сая хүн амын талаас илүү хувь болох 4,3 сая хүүхэд гэр орноо орхин дүрвэсэн гэж өнгөрөгч 7 хоногт мэдэгдсэн. НҮБ-ын хүүхдийн сангийн гүйцэтгэх захирал Кэтрин Рассел “Хүүхдийн аюулгүй байдал, сайн сайхан байдал, зайлшгүй үйлчилгээний хүртээмж зэрэг нь аюулд өртөж байна. Хүүхдүүдийн энх тайван, хамгаалалтыг яаралтай хангахын тулд нэн даруй гал зогсоох шаардлагатай байна” гэж гэлээ.

Үүнтэй зэрэгцэн Украины өмнөд хэсэгт Оросын арми довтолгоогоо эрчимжүүлж байгаа учраас Украинчууд хөрш Молдавын хилийг давсаар байна.

НҮБ-ын Дүрвэгсдийн асуудал эрхэлсэн дээд комиссарын газрын мэдээлснээр сүүлийн нэг сарын хугацаанд 370 мянга гаруй хүн Молдав руу зорчжээ. Энэ нь Молдавын хүн амын бараг 15 орчим хувьтай тэнцэж байгаа юм.

НҮБ-ын агентлагууд болон төрийн бус байгууллагууд хилийн ойролцоо тусламжийн цэгүүдийг байгуулж, нүүлгэн шилжүүлсэн хүмүүсийг халуун хоол, ундаагаар хангаж байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *