Categories
мэдээ нийгэм цаг-үе

Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр замаар тээвэрлэлт хийж эхэллээ || DNN.mn

Монголчууд өөрсдийн хүчээр барьсан Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр замаар дотооддоо шахмал түлш, шинээр баригдаж буй Зүүнбаян-Ханги чиглэлийн төмөр зам барихад шаардлагатай бараа, материал, Замын-үүд боомтоор экспортод гаргах зэсийн баяжмал, нүүрс тээвэрлэж эхэлсэн байна. Эргэн сануулахад, Монгол Улсын Их Хурал 2010 онд 32 дугаар тогтоол гаргаж “Төрөөс төмөр замын тээврийн талаар баримтлах бодлого”-ыг баталсан. Уг бодлогод Монгол Улсад шинээр 6600 гаруй километр төмөр замыг 3 үе шаттайгаар барихаар заасан бөгөөд үүний эхний үе шатад баригдах 1100 орчим километр төмөр замын хэсэгт Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн 416.1 км төмөр замын суурь бүтцийг барьж байгуулахаар тусгасан.
2019 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр “Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр замын төслийн талаар авах зарим арга хэмжээний тухай” Монгол Улсын Засгийн газрын 135 дугаар тогтоол гарсан. Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр зам ашиглалтад орсноор Монгол Улсын уул уурхайн салбарын хөгжилд гол нөлөө үзүүлж, уул уурхайн бүтээгдэхүүний үнийг өсгөн тээвэрлэлтийн зардлыг бууруулж, цаашлаад БНХАУ, ОХУ-ын газар нутгаар дамжин далайн чанад дахь зах зээлд хүрэх, эдийн засаг болон стратегийн чухал ач холбогдолтой.
Монгол Улсын ашигт малтмалын нөөц бүхий ордуудыг ашиглах, аж үйлдвэрийн парк байгуулах, орон нутагт ажлын байрны тоог нэмэгдүүлэх зэрэг эдийн засгийн бодит үр өгөөжийг өгөх юм.
Говийн бүсэд төмөр зам дагасан суурьшлын томоохон төвүүд шинээр үүсэж, үүнийг дагасан хөнгөн болон хүнд үйлдвэр хөгжих боломж бүрдэнэ.
Ашиглалтын тусгай зөвшөөрөл бүхий ашигт малтмалын орд газруудын нүүрс, зэс, алт, гөлтгөнө, цеолит, ураны томоохон ордуудын 6 орчим тэрбум тоннын нөөц ашиглагдах боломж бүрдэнэ.
Тавантолгойн коксжих нүүрсний олборлолт, нийлүүлэлтийн хэмжээ өнөөгийн түвшнээс 2 дахин нэмэгдэх боломж бүрдэх бөгөөд БНХАУ руу экспортлох эерэг хамааралт бүтээгдэхүүн болох төмрийн хүдрийн экспортын хэмжээг нэмэгдүүлэх боломжтой болно.
Төмөр замын дэд бүтэц хөгжихийн зэрэгцээгээр бэлчээр сүйтгэх, тоосжилт, дуу шуугиан, хөрс болон агаарын бохирдлын асуудал үлэмж хэмжээгээр багасна.
Төмөр зам ашиглалтад орсноор 1000 орчим шууд ажлын байр шинээр бий болно.
Төмөр замаар жилд 15.0 сая тонн ачаа тээвэрлэнэ.
Төмөр зам баригдсанаар зөвхөн уул уурхайн салбараас гадна бусад салбарын хөгжил, тэдгээрийн логистикт чухал нөлөө үзүүлнэ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *