Categories
гадаад мэдээ цаг-үе

Дэлхийд уур амьсгалын аюул тулгараад байна || DNN.mn

Дэлхий дахин нүүрстөрөгчийн давхар ислийн ялгарлыг үлэмж хэмжээгээр бууруулах хэрэгцээ шаардлага тулгараад байгаа өнөө үед томоохон эдийн засагтай улсууд уг бохирдлыг улам нэмэгдүүлэх нөхцөлийг бүрдүүлсээр байгааг НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутерриш шүүмжлэв.

А.Гутерриш мөн дэлхий нийт уур амьсгалын аюулын ирмэгт дөхөж ирээд байгааг анхааруулсан байна. Уур амьсгалын өөрчлөлтийн асуудлаарх Засгийн газар хоорондын мэргэжилтнүүдийн зөвлөл /IPCC/ нь бодлого боловсруулагчдад зориулсан 3000 хуудас бүхий тайланг эцэслэн хянаж байгаа бөгөөд хоёр долоо хоногийн дараа буюу ирэх дөрөвдүгээр сарын 4-ний өдөр нийтэд ил болгох аж.Дэлхийн дулаарлыг зогсоохын тулд эрдэмтэд, холбогдох албаны төлөөлөгчид агаар мандалд ялгарч буй хүлэмжийн хийг бууруулах, улмаар арилгахыг зорьж байгаа юм. НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын орлогч Лигиа Норонхагийн ярьснаар, дэлхий дэлхийн агаарын температурын өсөлтийг цельсийн 1.5 хэмд тогтоон барих зорилтод хүрэх замдаа ороогүй байна.Дэлхийн 200 орчим улс орны төлөөлөгчид “IPCC”-гийн сүүлийн найман сарын турш боловсруулсан гурав дахь буюу сүүлийн тайланг эцэслэн хянахаар цахим хэлбэрээр чуулж байгаа бөгөөд өмнөх хоёр тайланд уур амьсгалын хямралын шалтгаан болон үр дагаврын талаар тусгасан юм.

Энэхүү тайлангийн хувьд эрдэмтэд хорт хийн ялгарлыг бууруулахад чухал ач холбогдолтой эрчим хүч, тээвэр, аж үйлдвэр, хөдөө аж ахуйн салбарт голчлон анхаарал хандуулжээ. Түүнчлэн дэлхийн эдийн засаг чулуужсан түлшнээс нүүрстөрөгчийн давхар ислийг бага хийгээд огт ялгаруулдаггүй нар, салхи, цөм, ус, устөрөгчийн эрчим хүчний эх үүсвэрүүд рүү шилжих шаардлагатайг цохон тэмдэглэжээ.

Мөн агаар мандалд ялгарсан CO2–ыг хэрхэн арилгах арга замуудын талаар судалсан байна. “Ирэх жилүүдэд уур амьсгалын өөрчлөлтийн төлөв байдал нэн чухал болно. Иймд түүний сөрөг нөлөөллийг бууруулах холбогдол урьд урьдынхаасаа нэмэгдээд байна” гэж “IPCC”-ийн өндөр албан тушаалтан Хосон Ли ярьжээ. Энэ зуунд дэлхийн агаарын температурын өсөлтийг цельсийн 1.5 хэмээс доош байлгахын тулд Засгийн газрууд богино хугацаанд авч хэрэгжүүлэх арга хэмжээнд гол анхаарлаа хандуулах шаардлагатай байгаа хэдий ч нүүрстөрөгчийн давхар ислийн хэмжээг бууруулах улс орнуудын амлалтаас харахад манай гариг 2100 он гэхэд 2.7 хэмээр дулаарах тооцоотой байгаа аж.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *