Categories
мэдээ нийгэм

В.Зеленьский: ОХУ галаа зогсоовол бүх асуудлаар хэлэлцээр хийхэд бэлэн байна || DNN.mn

Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский дайныг зогсоож, буулт хийхийн тулд, Москватай тохиролцсон асуудлуудаар бүх ард нийтийн санал асуулга явуулах шаардлагатай гэж мэдэгдлээ.

Тэрээр даваа гаригт Украины төрийн өмчит “Suspilne” телевизэд өгсөн ярилцлагадаа “Хэлэлцээний багуудын түвшинд гал зогсоох энхийн хэлэлцээ тодорхой үр дүн, ахиц дэвшилд хүрч байгаа. Хэлэлцээний үр дүнд гарсан өөрчлөлт бүр түүхэн шийдвэр юм.

ОХУ-аас тавьсан саналыг хүлээн авч, буулт хийж, хариу өгөхийн тулд ард түмнийхээ дуу хоолойг сонсох шаардлагатай. Ямар асуудалд буулт хийж болох вэ гэх ард түмний хариулт бидний хувьд хэлэлцээний гол сэдэв байх болно” гэжээ.

Мөн Владимир Зеленский Крымийн хойгийн статус, Донбассын хоёр улсын статус, НАТО-гийн гишүүн орнуудын зүгээс Украинд санал болгож буй аюулгүй байдлын баталгаа зэрэг асуудлаар бүх ард нийтийн санал асуулга явуулах боломжтой гэх байр суурь илэрхийлсэн байна.

Францын Ерөнхийлөгч Эммэнуэль Макрон өнгөрсөн арванхоёрдугаар сард Донбасс болон Крымийн хойгийн тусгаар тогтнолын асуудлаар бүх ард нийтийн санал асуулга явуулж, дайнаас урьчилан сэргийлэхийг Украины эрх баригчдад уриалж байв.

Украины төрийн тэргүүн мөн даваа гаригт ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путинтэй Израилийн Иерусалим хотноо дээд хэмжээний уулзалтыг биечлэн хийх санаачилга дэвшүүлсэн. Гэвч Кремль уг саналыг хүлээн авахаас татгалзсан бөгөөд гал зогсоох хэлэлцээний багуудын тодорхой үр дүнд хүрч, гэрийн даалгавраа хийсний дараа төрийн тэргүүн нарын уулзалтыг зохион байгуулах нь зүйтэй гэх байр суурь илэрхийлсэн.

Орос-Украины хэлэлцээний багууд даваа гаригт цаг хагасын хугацаанд цахим байдлаар ээлжит уулзалтаа зохион байгуулсан бөгөөд мэргэжлийн ажлын хэсгүүд өдөр бүр хуралдаж байгаа аж.

Хоёр талын төрийн мэдлийн хэвлэлүүд болон Засгийн газрын төлөөлөгчдийн мэдээлснээр Москвагийн зүгээс Украины төвийг сахих статусыг хадгалж, цэрэггүй улс болгох, НАТО-д гишүүнээр элсэхийг хориглох, Крымийн хойг, Донбассын тусгаар тогтнолыг хүлээн зөвшөөрч, аюулгүй байдлын баталгаа гаргаж өгөх, Украин дахь неонацист хөдөлгөөнүүдийг устгах, орос хэлний статус болон орос хэлээр ярьдаг иргэдийн эрхийг хангах албаны ёсны шаардлагууд тавиад байгаа юм.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *