Москва Японы найрсаг бус алхамуудын хариуд Токиотой найрамдлын гэрээ байгуулахаас татгалзаж байна гэж Оросын Гадаад хэргийн яам /ГХЯ/ даваа гарагт мэдэгдсэн байна.
“Украины байдалтай холбогдуулан ОХУ-д дангаар авсан хориг арга хэмжээ нь илт найрсаг бус шинжтэй байгааг харгалзан дараах арга хэмжээг авч байна. Илт найрсаг бус байр суурь баримталж, манай улсын эрх ашгийг хохироохыг эрмэлзэж буй улстай хоёр талын харилцааны суурь баримт бичигт гарын үсэг зурах асуудлыг хэлэлцэх боломжгүй байгаа тул Оросын тал одоогийн нөхцөлд Японтой найрамдлын гэрээ байгуулах хэлэлцээг үргэлжлүүлэх бодолгүй байна” гэж ОХУ-ын ГХЯ онцлон тэмдэглэжээ.
ОХУ мөн Өмнөд Курилийн арлууд руу Японы иргэдийг визгүй зорчуулах эрхийг цуцалж, уг бүлэг арлын өмнөд хэсэгт аж ахуйн хамтарсан үйл ажиллагаа явуулах тухай Японтой хийж буй хэлэлцээнээс гарчээ. Үүнээс гадна, Хар тэнгисийн эдийн засгийн хамтын ажиллагааны байгууллагын салбар хоорондын яриа хэлэлцээний түншийн статусыг нь сунгахгүй байхаар шийдсэн байна
“Хоёр талын хамтын ажиллагаа, ашиг сонирхолд учруулсан хохирлын бүх хариуцлагыг харилцан ашигтай хамтын ажиллагаа, сайн хөршийн найрсаг харилцааг хөгжүүлэхийн оронд Оросын эсрэг бодлогыг зориудаар сонгосон Японы тал хүлээх болно” гэж Оросын ГХЯ цохон тэмдэглэсэн байна.
Харин Японы Ерөнхий сайд Кишида Фүмио Орос улс Токиотой найрамдлын гэрээний асуудлаар яриа хэлэлцээ хийхээс татгалзсан талаар тайлбар хийхдээ, ОХУ-ын шийдвэр нь “хүлээн зөвшөөршгүй хатуу” шийдвэр юм гэж парламентынхаа дээд танхимын хурлын үеэр мэдэгджээ.
“Энэ бол хүлээн зөвшөөрч боломгүй хатуу, туйлын үндэслэлгүй бөгөөд байж боломгүй шийдвэр юм. Бид энэ шийдвэртэй холбогдуулан эрс эсэргүүцэж байгаагаа илэрхийлж байна” гэж тэрбээр мэдэгдсэн байна.
Тэрбээр газар нутгийн асуудал болон найрамдлын гэрээний талаарх Токиогийн байр суурьтай холбоотой асуултад хариулахдаа, “газар нутгийн асуудлыг шийдвэрлэх, үүний дараа найрамдлын гэрээ байгуулах Японы Засгийн газрын байр суурь өөрчлөгдөөгүй” гэв.
ОХУ-д авсан Японы хориг арга хэмжээ
Украины эргэн тойронд үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан Япон улс ОХУ-д хэд хэдэн багц хориг арга хэмжээ авчээ. Тухайлбал, 300 нэр төрлийн бараа, технологи нийлүүлэхийг хориглосон байна. Үүнд хагас дамжуулагч, далайн болон нисэхийн аюулгүй байдлын тоног төхөөрөмж, харилцаа холбооны тоног төхөөрөмж, холбооны хэрэгсэл, мөн зэвсэг, программ хангамж, газрын тос боловсруулах тоног төхөөрөмж зэрэг цэргийн зориулалттай бүтээгдэхүүнүүд орж байгаа юм. Энэ хязгаарлалт нь “Рособоронэкспорт” ХН, Ростех, ОХУ-ын Аюулгүй байдлын алба, Гадаад тагнуулын алба зэрэг ОХУ-ын 49 компани, байгууллагад хамаарна.
Үүнээс гадна, Япон улс “Открытие” банк, “Новикомбанк”, “Совкомбанк”, “ВТБ”, “Россия” банк, “Промсвязбанк” зэрэг банкуудын хөрөнгийг битүүмжилжээ. Мөн ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путинийг оруулаад тус улсын удирдлагууд, бизнес эрхлэгчдэд хориг арга хэмжээ авсан байна.