Categories
гадаад мэдээ

Зеленский: Хэлэлцээ бол Орос хохирлоо бууруулах цорын ганц боломж || DNN.mn

Украины аюулгүй байдлын талаар өргөн агуулга бүхий шударга хэлэлцээг хойшлуулахгүй хийх нь Орос улс алдаанаасаа үүдсэн хохирлоо багасгах цорын ганц боломж гэж Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский мэдэгджээ.

“Украины энх тайван, аюулгүй байдлын талаарх өргөн агуулга бүхий шударга хэлэлцээг хойшлуулахгүй хийх нь Орос улс алдаанаасаа үүдсэн хохирлоо багасгах цорын ганц боломж. Бид үргэлж л хэлэлцээ хийхийг дэмжиж, хэлэлцээ, энх тайвны шийдлүүдийг санал болгож байсан. Зөвхөн энэ 23 өдөрт ч биш өмнө нь ч санал болгож байсан. Намайг хүн бүр тэр дундаа Москвад байгаа хүмүүс сонсоосой гэж хүсэж байна. Уулзах цаг болсон. Ярих цаг болсон. Нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдал, шударга ёсыг сэргээх цаг нь ирсэн. Үгүй бол хэдэн үеэрээ ч өндийж чадахааргүй их хохирлыг Орос амсана” хэмээн Владимир Зеленский мэдэгдсэн байна.

Энд дуулгахад, хоёр талын яриа хэлэлцээ өдөр бүр цахимаар үргэлжилж байгаа талаар талууд мээдгдэж байсан. Гуравдугаар сарын 18-ны өдөр болсон хэлэлцээний үеэр Украин, ОХУ Украины төвийг сахих статус болон энэ улс НАТО-д элсэхгүй байхтай холбоотой “байр сууриудаа ихээхэн ойртуулсан” гэж Оросын төлөөлөгчдийн тэргүүн Владимир Мединский мэдэгдсэн юм.

Харин Украины талын төлөөлөгчдийн гишүүн Михаил Подоляк мэдэгдэл хийхдээ Оросын тал хэлэлцээний талаар мэдэгдэл хийж байгаа нь хэвлэл мэдээллээр хурцадмал байдал өдөөх зорилготой хэмээн онцолж байв. Түүний өгүүлснээр гал зогсоох, цэрэг гаргах Украины аюулгүй байдлын найдвартай баталгаа өгөх гээд Украины талын байр сууриуд огт өөрчлөгдөөгүй гэнэ.

Дайн хэрхэн эхлэв

ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин энгийн ард иргэдийг хамгаалах үүднээс Донбасст тусгай цэргийн ажиллагаа явуулахаар шийдсэн талаараа хоёрдугаар сарын 24-ний өдөр мэдэгдсэн юм. Цэргийн тусламж үзүүлэхийг хүсэн Донбассын бүгд найрамдах улсууд Орост хандсан гэдгийг Путин сануулаад цэргийн ажиллагааны зорилго нь найман жилийн туршид Киевийн доромжлол, геноцидэд өртсөн хүмүүсийг хамгаалах явдал хэмээн Владимир Путин цохон тэмдэглэж байлаа. Үүнээс өмнө, хоёрдугаар сарын 23-ны өдөр Бүгд Найрамдах Луганск Ард Улс болон Бүгд Найрамдах Донецк Ард Улсын тэргүүнүүд Путинд хандан “Украины Зэвсэгт хүчний зүгээс ирж буй түрэмгийлэл”-д хариу өгөхөд тусламж үзүүлэхийг хүссэн захидал ирүүлсэн юм.

Путин “тусгай цэргийн ажиллагаа” эхлүүлэх болсон талаарх мэдэгдэлдээ ” НАТО зүүн Европт цэргийн хүчээ зузаатгаж байгаатай холбоотойгоор манай улсын хувьд нөхцөл байдал улам дордож байна. Үүнийг хөндлөнгөөс зүгээр ажиглаад сууж бид чадахгүй”, ” Бидний төлөвлөгөөнд Украиныг эзлэн түрэмгийлэх үйлдэл багтаагүй” гэх зэргээр онцолж байв.

Түүнчлэн Украины иргэдэд хандан: “Манай үйлдэл бол үүссэн аюул заналаас өөрсдийгөө хамгаалж байгаа явдал. Үүнийг ойлгохыг хүсэхийн зэрэгцээ хамтдаа урагшилж, бие даан хөгжихийн тулд хамтран ажиллахыг уриалж байна” хэмээж байв. Хэдийгээр энгийн иргэдэд аюулгүй гэж удаа дараа мэдэгдсэн ч дайн эхэлснээс хойш олон хот сууринг Оросын тал бөмбөгдөж, энгийн иргэд төдийгүй хүүхдүүд амиа алдаж байгаагийн дээр дайны улмаас Украины хоёр сая гаруй иргэн орон гэрээ орхин дүрвэхээс аргагүй болоод байгаа юм.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *