Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

Б.Урнаа: “Юнител” компанид 750.000 төгрөг төлөөгүйгээс болж тэтгэмж, хүүхдийн мөнгөний дансаа хаалгаад байна || DNN.mn

Сонгинохайрхан дүүргийн 24 дүгээр хорооны иргэн Б.Урнаа “Юнител” компаниас 2019 онд 750.000 төгрөгийн утас лизингээр авчээ. Тухайн үед тэрээр ажилтай байсан боловч 2020 оноос бие нь муудаж, ажлаасаа гарч орлогогүй болсон байна. Энэ хугацаанд нөхөр нь өөд олж, бага насны дөрвөн хүүхэдтэйгээ үлджээ. Харин “Юнител” компанийн зүгээс зарга үүсгэж, шүүхдэж явсаар эцэст нь Б.Урнаагийн тэжээгчээ алдсаны тэтгэмж болон дөрвөн хүүхдийнх нь сар бүр авдаг тэтгэмжийн дансыг битүүмжилсэн байна. Тэрээр “Юнител” компани болон шүүхийн шийдвэрийн энэ хатуу шийдвэрт гомдолтой байгаагаа илэрхийлж байлаа. Энэ тухай түүнтэй ярилцлаа.


-Чухам юу болсон юм бэ?

-Бид тухайн үед ажил төрөлтэй, элэг бүтэн сайхан амьдарч байлаа. Нөхөртэйгээ хоёулаа Автобус баазад ажиллаж байсан. Төлбөрийн боломжтой байсан учраас “Юнител” компаниас утас лизингдэж авсан юм. Тухайн үед үнэ нь 750.000 төгрөг гэж байсан. Харамсалтай нь бие маань өвдөж ажлаа хийж чадахаа байсан. Ингээд ажлаасаа гарч, гэртээ суусан.

Удалгүй нөхөр маань ч өөд болж, би гэдэг хүн өр төлбөрөө төлөх манатай, дөрвөн жаахан хүүхэдтэйгээ үлдсэн дээ. Би ажил хийж чадахгүй, дээр нь гэрээсээ ч гарч дийлэхгүй хүнд биетэй. Тэжээгчээ алдсаны тэтгэмж болон хүүхдийн мөнгөөр л өдөр хоногийг өнгөрөөж ирсэн. Мэдээж өр төлбөрөө төлөхгүй гээгүй. Би төлөх ёстой. Даанч бие маань өвдөөд орлого муутай хүн чинь хичнээн төлье гэвч чадал хүрэхгүй болохоор яалтай билээ. Ингэж явсаар “Юнител” компани шүүхэд хандсан бололтой. 2021 оны арванхоёрдугаар сард шүүхээс дуудсан.

-Өрөө төл гэж үү?

-Тийм ээ, сар бүр 50.000 төгрөг төлөх журмаар энэ утасныхаа өр төлбөрийг дуусга гэж надад даалгасан. Би ч зөвшөөрсөн. Ингээд арванхоёрдугаар сардаа 50.000 төгрөгөө хүүхдийнхээ мөнгөнөөс төлсөн. Гэтэл он гараад нэгдүгээр сард бие маань бүр хүндрээд босч хөдөлж, алхаж чадахаа больчихсон.

-Таны юу өвддөг юм бэ?

-Одоо бол бамбай булчирхай өвддөг болоод байгаа. 2011 оноос хойш л бие маань базайхгүй, элэг, дэлүү, зүрх өвдөж эхэлсэн. Толгой маань ч маш удаан хугацаанд өвдөж байгаа. Бамбай булчирхайнаас болж байгаа хэрэг үү, хөл дээрээ босч явж чадахгүй, уначих гээд байдаг болсон.

-Он гараад сар бүр төлөх ёстой 50.000 төгрөгөө төлсөн үү?

-Бие маань өвдөөд үнэндээ чадаагүй. Нэг, хоёрдугаар сард төлж чадахгүй өнгөрсөн. Хүйтэн нойтон үе хоол унднаас эхлээд нүүрс түлээ гээд тэтгэмжийн мөнгө маань юунд ч хүрэхгүй хэцүү байлаа. Дэлгүүрт өрнөөс өрний хооронд л амьдарч байна. Харин энэ сард цаг агаар наашлаад нүүрс түлээ түлэх нь багасаад ирэхээр тэтгэмжийнхээ мөнгөнөөс төлье гэж төлөвлөж байтал гэнэт 9-нд шүүхийн зарлан дуудах хуудас ирдэг юм байна.

Түүн дээр “Юнител” компанийн төлбөрийг төлөөгүйн төлөө хэдэн хүүхдийнхээ хоногийн хоолыг залгуулж байгаа хүүхдийн мөнгө, тэтгэмжийн мөнгөний дансыг маань хаахаар болсон байсан. Би маш их гайхсан. Үнэхээр гомдмоор, харамсмаар байна.

-Тэгээд бүр дансыг тань хаачихсан гэв үү?

-Энэ сарын 9-нд шүүхийн хуудас ирээд л маргааш нь данс хаагдчихсан. Монголын хууль шүүхийн байгууллага ядарсан иргэндээ ингэж хурдан ажиллаж, шийдвэрээ гаргаж чаддаг юм байна. Гэтэл миний өнөөдрийн нөхцөл байдлыг хар даа. Хүүхдүүд маань бүгд хүйтэнд даарч хөрөөд ханиад аваад халуурч байна. Өөрөө босч чадахгүй. Гэхдээ би энэ байдлаа бусдад нялзайх гэсэнгүй. Эгчид нь ерөөс тийм зан чанар байхгүй. Би бусдын төлөө ийм болоогүй. Тийм ч учраас би өнөөдрийг хүртэл “Хүнд байна, хэцүү байна, туслаач” гэж хороо хорин дээгүүр орж яваагүй. Болж л өгвөл бие маань жаахан тэнхэрвэл ажил төрөл хийчих юмсан гэсэн хүсэлтэй байдаг хүн. Гэтэл төр засаг, хууль шүүх нь ийм байхаар хүн үнэндээ гутарч, гомдож байна. Миний нөхцөл байдлын талаар Zarig.mn сайтаар гарсны дараа шүүхийн шийдвэрээс холбогдож байна лээ.

-Юу гэх юм?

-Ийм нөхцөл байдлаа хэлэхгүй яасан юм бэ гэж байсан. Гэтэл би өмнө нь зөндөө хэлж гуйсан байдаг. Гэхдээ яах вэ, үнэнээ хэлсэн. Хариуд нь шүүхийн шийдвэрийн эмэгтэй “За яахав, хүүхдийн чинь дансыг нээлээ. Харин тэжээгчээ алдсаны тэтгэмжийн дансыг нь нээхгүй. Тэр мөнгөнөөсөө өр төлбөрөө барагдуулна биз” гэж байсан.

-Хүүхдийн мөнгөний дансыг тань нээжээ. Өмнө нь энэ тухай шүүхийн шийдвэрийн байгууллагад учирлаж байсан уу?

-Хэлэлгүй яах вэ. Гэтэл юу гэж байсан гээч. Дөрвөн хүүхдийн 400.000 төгрөг авдаг юм байна ш дээ. Хоёр сарын мөнгөө өгчихөд л өрөө төлчих юм байна гэж байсан. Би яаж бүтэн хоёр сар улаан мөнгөгүй энэ хэдэн хүүхдээ юугаар тэжээх билээ. Хүмүүс яагаад ийм энэрэнгүй бус байдаг юм бэ. Бүр хороо хориноос ирээд “Хоёр том хүүхдээ асрамжийн газарт өгчих, бага хоёр хүүхдээ асарна биз” гэж байсан удаатай. Одоо хүртэл энэ үг санаанаас минь гарахгүй байна. Эцэг нь үхсэн ч эх нь амьд сэрүүн сууж байхад яаж ингэж амьдын хагацал үзүүлнэ гэж хэлж чаддаг байна аа, тэр хүмүүс.

Одоохондоо хүүхдүүд маань сургуульдаа явахгүй байгаа. Ханиад томуутай, дээр нь өмсөж зүүхээс эхлээд хомс, дутагдалтай учраас тэд маань хичээлдээ явж чадахгүй байна. Миний хувцсыг өмсөөд гүйлтэй биш дээ, тэд. Сургууль соёлын хүүхдүүдийн цаг үе ямар болсон билээ. Нэгнээ өмсөж зүүхээр нь гадуурхана, доромжилно. Хүүхдүүд маань ийм зовлон амссан.

-“Юнител” компаниас хандсан уу?

-Үгүй. Өр төлбөрөө авна гээд шүүхэд л хандсан байгууллага шүү дээ. Өнөөдрийн миний энэ хүнд байдалд орж, яах аргагүй хэвлэлд хандсан шалтгаан бол “Юнител” компаниас л эхтэй шүү дээ. Би төлөхгүй гээгүй, төлнө. Миний буруу. Тэглээ гээд ганц орлогын эх үүсвэрийг маань хаахад хүргэж байгаад үнэхээр гомдож байна.

-Одоо хичнээн төгрөгийн өр үлдсэн бэ?

-Анх 750.000 төгрөгөөр утас авч байсан. 50.000 төгрөгийг өнгөрсөн арванхоёрдугаар сард төлсөн. Одоо бол 700.000 төгрөг байгаа болов уу гэж бодож байсан. Гэтэл шүүхийн зарлан дуудах хуудас дээр 830.000 болчихсон гэж бичсэн байна лээ. Юуны мөнгө гэж нэмэгдсэн юм бүү мэд.

-Та татгалзахгүй бол шүүхийн шийдвэрээс нээсэн дансны дугаараа тавьж болно шүү. Олон нийтийн сүлжээгээр олон хүмүүс танд туслахыг хүсч байна лээ?

-Хүмүүс тусалъя гэж холбогдож байна аа. Гэхдээ эгч нь санаа зовж байна. Би ямар гавьяа байгуулсан болоод хүмүүсийн тус авах вэ дээ. Өглөө (өчигдөр) нэг хүн ирж хоол ундны материал өгөөд явсан. Өдөр гурван оюутан ирээд явлаа. Эгч нь их баярлаж байна, ард түмэндээ. Гэхдээ эгч нь данс тавиулахаас санаа зовоод байна.

-Зүгээр дээ, хүмүүс өөрсдөө туслахыг хүсч байна шүү дээ?

-За, тэгвэл шүүхийн шийдвэрээс чөлөөлж өгсөн Төрийн банкны дансаа өгье. 105800281550 Б.Урнаа гэсэн данс байгаа. Баярлалаа, та нартаа.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *