Categories
булангууд мэдээ шинжлэх-ухаан-технологи

NASA сар руу илгээх аварга пуужингаа үйлдвэрээс нь хөөргөх тавцан рүү зөөж байна || DNN.mn

Америкийн үндэсний сансар судлалын байгууллага NASA сар руу илгээхээр бэлдэж байгаа аварга пуужингаа Пүрэв гарагийн орой үйлдвэрээс нь гаргажээ.

SLS (Space Launch System) нэртэй уг пуужин орой хэсэгтээ Orion сансрын хөлгийг суурилуулсан юм байна. 70 тонн жинтэй, 97 метр өндөр пуужинг тусгай зөөвөрлөгч дээр тээвэрлэн Флоридагийн Канавералын хошуунд байдаг хөөргөх тавцан дээр шилжүүлж байрлуулах юм. Ингэхдээ 6.5 км орчим зайг 11 цагт туулах ажээ.

Америкчууд 50 орчим жилийн дараа саран дээр дахин хүн буулгах Artemis хөтөлбөрийнхөө хүрээнд уг пуужинг үйлдвэрлэсэн юм.

Эхний ээлжинд тавдугаар сард нисгэгчгүй Orion хөлгийг сарны тойрог замд илгээх зорилготой байгаа. SLS пуужинг хөөргөх тавцан дээр байрлуулсны дараа дөрөвдүгээр сарын гурванд нислэгийн өмнөх туршилтууд эхлэх гэнэ.

Хэд хэдэн туршилтын дараа 2025 онд эхний сансрын нисгэгчээ NASA саран дээр буулгахаар төлөвлөжээ.

1969-1972 оны хооронд хэрэгжсэн Apollo хөтөлбөрийн хүрээнд NASA зургаан удаа сансрын нисгэгчдийн багийг сар руу илгээснээс зөвхөн нэг баг нь сарны гадарга дээр хөл тавьж байв.

Грекийн домогт өгүүлэгддэг Артемис нь Аполло бурхны ихэр эмэгтэй дүүгийн нэр юм.

NASA энэ удаа анх удаа эмэгтэй сансрын нисгэгчийг саран дээр буулгах гэж байгаа тул хөтөлбөртөө Артемис нэрийг өгсөн байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *