Categories
мэдээ нийгэм

Төрийн алдааг түмэнд тохож болохгүй || DNN.mn

Дархан цаазат Богдхан уул 33 амтай. Харин өнөөдөр Богд уулын бараг ам бүхэн барилга байшингаар дүүрч, шинэ суурьшлын бүс бий болжээ.

2000-аад оныг хүртэл Зайсангйн аманд Хөдөө аж ахуйн их сургууль, Хүүхдийн хорихыг эс тооцвол өөр барилга байшин гэх юм бараг байсангүй.

Харин 2008 онд Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн ордны шав тавигдаж, 2009 онд ашиглалтад орсноор тусгай хамгаалалттай газар нутагт төр хувьгүй түрж орох эхлэл тавигдав.

Ёстой л Зайсангийн хамаг газрыг хуу хамсан гэх нэг улс төрчийн “Чадалтай нь надтай хамт тэмц. Чадахгүй нь чацга царайлаад буцацгаа” хэмээн дөвчигнөсөн үг тэнд үйлчилж өнөөдөр Зайсан толгой харагдахаа байтлаа барилгажиж, хамаг амьтан тэнд шавсан.

2016 онд Монголд АСЕМ зохион байгуулах нэрийдлээр Хүрхрээгийн аманд төр MCS-тэй түншилж АСЕМ ВИЛЛА-г анх барьсан.

Наашлаад Их Тэнгэрийн аманд төр өөрөө шийдвэр гаргаж Байгалийн түүхийн музейн барилга барих ажил эхлүүлээд байгаа.

Зайсанд ХЗДХЯ ажилчдынхаа орон сууцны бүхэл бүтэн хотхонг барьж , тэнд орон сууц авсан ажилтнууддаа үл хөдлөх хөрөнгийнх нь гэрчилгээг чухам ямар аргаар олгоод байгаа нь ч эргэлзээтэй.

No description available.

Одоо тэнд хууль хэрэгжүүлэх ажил, шударга ёсны оройд байдаг гэх Улсын Дээд Шүүх мөн л Үндсэн хуулийн цэцтэй барьцан хаяа дэрлүүлэн оффисын барилгаа барьж эхлүүлээд байна.

Зайсангийн баруун тал Богины ам ч ялгаагүй битүү суурьшлын бүс болсон.

Хийморийн овооны бэлд Хийморь хотхон тэргүүтэй хауснууд сүндэрлэж,Яармагийн гүүрнээс урагш Хүүшийн ам, Арцат, Нүхт, Жаргалант, Кувейтын ам, Өвгөний ам гээд Богд уулын ам бүрт шинэ суурьшлын бүс үүсчээ.

Хамгийн хачирхалтай нь нэг болохоор төр тусгай хамгаалалттай бүс гэж улаан шугам татан аялал жуулчлалаас өөр үйл ажиллагаа явуулахыг тас хориглоод байгаа юм шиг сүржин дүр эсгэх хэрнээ нөгөө талдаа болохоор шат шатны бүх зөвшөөрлийг нь өөрөө өгч, барилга байшин баригдаж, шинэ суурьшлын бүс бий болох ажилд хошуучилж оролцсонд байгаа юм.

Тэр ч байтугай бүр улсын төсвийн хөрөнгөөр өөрсдөө төвийн шугам сүлжээгээ татаж, Яармагийн дэнжид хотын захиргааны шинэ барилгаа сүндэрлүүлж, Улаанбаатар хотыг хөгжүүлэх 2030, 2040 оны Ерөнхий төлөвлөгөөндөө хүртэл тусгаж, эмнэлэг ,сургууль, зам гүүр барьж оройлон оролцсон нь бидний нүдэн дээр ил болсон зүйл.

Богд уулын ам бүрт ийнхүү оффис, отог нэрээр барилгажилт явагдах их нүүдлийг эхлүүлсэн БОАЖЯ одоо харьяа агентлагуудынхаа конторыг мөн л Яармагт барихаар яг таг тогтсон мэдээ ч чих дэлсэж л байна.

Эндээс яах аргагүй энэ бүх нүүдлийг төр өөрөө тэргүүлж гардан зохион байгуулсан дүр зураг тодхон харагдана.

Одоо шинэ суурьшлын бүсэд баригдсан оффис, орон сууц, амины байшин бүхэн эзэнтэй болсон. Бас дахиад ч ам бүхэнд шинэ барилга байшин баригдаж, шинэ суурьшлын бүс хүрээгээ тэлсээр л байна.

Тэгвэл одоо яах вэ. Тусгай хамгаалалттай гэж нэрлэчихээд тэр газраа тусгайлан хамгаалж чадаагүй төр юу хийх ёстой вэ. Хуруу хумсаа хуйхлан байж олсон хэд дээрээ өр зээл тавин байж шинэ суурьшлын бүсэд үл хөдлөх хөрөнгө авсан иргэдийн эрхийг хэн хамгаалах вэ гэсэн асуултууд ар араасаа урган гарч ирж байна.

Ардчилсан нийгэмд амины өмчийг хураана, нураана гэсэн ойлголт л лав хэрхэвч байж таарахгүй. Тэр тусмаа төр нэг гараараа зөвшөөрөл өгчихөөд нөгөө гараараа зөрүүлээд заамдаж боомилоод байж бүр ч таарахгүй.

Тэгэхээр энд ганц л гарц харагдаж байна. Сүүлийн 30 жилд хамгаалж чадалгүй шинэ суурьшлын бүс бий болтол тавиад туучихсан алдаагаа төр ахиж давтахгүй, ахиулж дархан цаазат газраасаа алдахгүйн тулд тусгай хамгаалалттай газрынхаа хилийн заагийг дахин тогтоох цаг болжээ. Бас шинэ тогтоосон хилийн цэс дотроо дахиж төр өөрөө элдэв гоё нэр хаягаар халхавчлан хэзээ ч зөвшөөрөл өгөхгүй байх асуудлаа нэг мөр хатуу хуульчилмаар байна.

Үүний зэрэгцээ бидэнд хандлагын ялгаагаа ч өөрчлөх цаг болжээ. Хамгаална гэхээр л хашаа татаад улаан хөлтэй амьтан урагш нь гишгүүлэхгүй цагдаж, нидэрт нь нийтийн өмч, улсын хөрөнгө хавтгайдаа эзэнгүйдэн хог хаягдлаар дүүрч, гал түймэрт өртөж, ой мод нь өт хорхойд идэгдэж орон уул нь хог шарилжаар дүүрдэг алдааг ч бас давтмааргүй байна. Байгалийн үзэсгэлэнгээрээ дэлхий нийтийн харааг булааж сэтгэлийг татсан Швейцарьт гэхэд л иргэд нь тэр сайхан байгалийнхаа тэг дунд нь л оршин амьдарч, аж төрдөг. Тэглээ гээд сүйтгээд, сүйрүүлээд хаячихсан зүйл байхгүй харин ч хамгаалах эзэнтэй, харах хүнтэй байлгаж онгон төрхийг нь хадгалж чадаж байгааг бас л бодууштай.

Тусгай хамгаалалттай газар, шинэ суурьшлын бүсийн хилийн цэсээ цаг алдалгүй дахин шинэчлэн тогтоогоод, үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээгээ нүдээ ширгэтэл хүлээж байгаа үй олон иргэдийнхээ эрхийг хамгаалах цаг болжээ. Богд уулаа ч хамгаалсан шиг хамгаалж, шинэ суурьшлын бүсээ ч цэгцэлсэн шиг цэгцэлж, шинэ хотын төвдөө хуучин хотын бетонон ширэнгийн алдааг дахин давтахгүй байхад цаг алдахгүй анхаарах л юу юунаас чухал байна. Төр өөрийнхөө гаргасан алдааг түмэн олонд чихэж булзалгүй бушуухан засахгүй бол асуудал улам даамжирч, арга улам л мухардана шүү дээ.

No description available.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *