БНХАУ-ын эдийн засаг энэ оныг шинжээчдийн таамгаас дээгүүр, өндөр өсөлттэй эхлүүлсэн ч цаашдын төлөв сул харагдаж байна.
Үүнд Уханьд анх COVID-19-ийн халдвар тархсанаас хойших хамгийн олон тохиолдол бүртгэгдсэн нь нөлөөлж байна. Мөн геополитикийн асуудлаас шалтгаалаад эрчим хүчний болон санхүүгийн зах зээлд тодорхойгүй байдал үүсээд байгаа юм. Тус улс энэ онд эдийн засгийн өсөлтөө 5.5 хувьд хүргэх зорилт тавиад буй ч зорилтдоо хүрэхээргүй байна гэж “Wall Street”-ийн шинжээчид онцолж байна.
“Morgan Stanley” банк л гэхэд БНХАУ-ын эдийн засаг энэ улиралд өсөлт үзүүлэхгүй гэж тооцоолж байгаагаа мэдэгдлээ. Мөн бүтэн жилийн төлөвийг 5.3 хувиас 5.1 хувь болгож бууруулсан байна.
Хөрөнгийн зах зээлийн хувьд ч бонд, валютын зах зээлд ч уналттай байна. “Hang Seng Index” л гэхэд 2012 оны үеийн доод түвшинд хүрлээ. Харин юанийн ханш дөрөв дэх өдөртөө дараалан суларч байна.
Хөрөнгийн зах зээл дундаа технологийн салбарын компаниуд хамгийн их уналттай байна. Хэрэв Украины асуудалтай холбоотойгоор БНХАУ ОХУ-д зэвсгийн туслалцаа үзүүлэхийг зөвшөөрөх юм бол БНХАУ-д эдийн засгийн хориг арга хэмжээ тавигдаж эхэлнэ гэсэн айдас хөрөнгө оруулагчдын дунд үүсээд байгаа аж.
Хамгийн сүүлийн мэдээллээр БНХАУ АНУ-ын ОХУ-д тавьсан хориг арга хэмжээний нөлөөллөөс зайлсхийнэ гэдгээ мэдэгдээд байгаа юм.