Categories
мэдээ нийгэм

Орхон аймаг: Нэг литр усыг 50 мөнгөөр нэмжээ

Орон сууцны лифт, усны үнэ нэмэгдсэнтэй холбоотойгоор иргэдээс олон хүсэлт, гомдол аймгийн 70353511 дугаарт иржээ. Үүний дагуу аймгийн Засаг даргын орлогч А.Түвшинжаргал хэлэхдээ, “ Иргэд хэдэн төгрөгийн “үнэ”-тэй ус хэрэглэж байгаагаа ч мэдэхгүй байна. Тиймээс усны үнэ хэдэн төгрөгөөр нэмэгдсэнийг мэргэжлийн байгууллагууд тайлбарлах хэрэгтэй. Ингэхдээ орон сууцны болон гэр хорооллын айл өрхөд нийлүүлж байгаа усанд хэдэн төгрөгийн өртөг зардал шингэсэн талаарх бүх мэдээллийг ил болгож мэдээллээр ханга” гэлээ. Мөн “Эрдэнэт Ус дулаан түгээх сүлжээ” ОНӨХК-нд байшин хорооллын лифтний асуудлаа СӨХ-д нь хариуцуулж өгөхийг анхаарууллаа.

Мэргэжлийн хяналтын газрыг лифтний бүрэн бүтэн байдалд хяналт шалгалт хийх, байнга үзлэг зохион байгуулж байхыг үүрэг болгосон юм.

“Эрдэнэт Ус, Дулаан түгээх сүлжээ” ОНӨХК нь Орхон аймгийн айл өрхийг халаалт, цэвэр ус, цахилгаанаар хангаж, байнгын ажиллагааг хариуцдаг. Бидний ярьж заншсанаар байрны мөнгөнд хэд хэдэн төрлийн үйлчилгээний хөлс багтдаг. Тухайлбал халаалт, халуун ус, цэвэр ус, бохир ус татан зайлуулсны хөлс, цахилгааны үнэ, хуурай хог, СӨХ-ны мөнгө зэргийг тооцдог. Халаалт, дулааны мөнгө нь тухайн байрны талбайн хэмжээнээс хамаардаг. Айл өрхийн дулааны мөнгийг 1м.кв тутамд 500 төгрөгөөр тооцдог. Харин халуун усны төлбөр тухайн өрхийн ам бүлийн тооноос хамааран тогтмол дүнгээр бодогддог.

Харин “Хот суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалт, үйлчилгээг зохицуулах зөвлөл”-ийн тогтоолоор 2022 оны нэгдүгээр сарын нэгнээс эхлэн айл өрх, аж ахуйн нэгжийн хэрэглээний усны үнийг нэмсэн. Нэг литр усны үнэ 1 төгрөг 10 мөнгө байсныг 1 төгрөг 60 мөнгө болгож 50 мөнгөөр нэмсэн. Өөрөөр хэлбэл 1 тонн /1м3/ усны мөнгө 1600 төгрөг болсон. Тухайн өрх сард дунджаар 5м3 ус хэрэглэсэн гэж үзвэл өмнө нь 5500 төгрөг төлж байсан бол одоо 8000 төгрөг төлнө гэсэн үг юм.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *