Categories
мэдээ спорт цаг-үе

DNN-ЯРИЛЦЛАГА: Хоккей бол эр зоригийн спорт || DNN.mn

Монгол Улсын хоккейн шигшээ багийн туслах дасгалжуулагч, “Отгон Од” клубийн Бласт багийн тамирчин, спортын мастер Н.Бат-Эрдэнэтэй ярилцлаа.


-Монголд хоккейн спорт нь хэзээнээс хөгжсөн бэ?

Анх 1960 оны эхээр Дархан-Уул аймгийн Шарын гол сум болон Эрдэнэтийн бүтээн байгуулалтад гар бие оролцож байсан Орос инженер ажилчид хоккей тоглож улмаар манай улсад хөгжих суурь тавигдсан. Харин Монгол Улсын хоккейн холбоо нь 1997 онд байгуулагдаж олон улсын хоккейн холбоонд (IIHF) 1999 онд нэгдэж байсан. Тэр цагаас эхлээд тэмцээний бүтцийг өөрчилж лигийн зарчимд шилжүүлсэн. Ер нь манай лигт тогтмол 6-7 баг оролцож байна.

Харин 1997 онд спортын мастер Ч.Пүрэвдаваа багш маань үе тэнгийн 24 хүүхэд сонгон дасгалжуулж “Отгон од” клубийг байгуулж байлаа. Тэр мөчөөс эхлэн энэ спортод дурлаж миний амьдралын салшгүй нэг хэсэг болсон доо.

-Энэ спортоор хичээллэхэд талбай хэр хүрэлцээтэй байдаг вэ?

-Хоккейн спорт гэдэг улирлын чанартай. Гэхдээ орчин үед хиймэл мөсөн талбайтай болсноор хоккейн спорт хөгжих боломж нэмэгдэж зориулалтын зааланд тоглох боломжтой болоод байна. “Мөсөн ордон” буюу “Steppe Arena” ашиглалтад орохоос өмнө гадаа талбайд буюу -20 хэмийн хүйтэнд тэмцээн зохиогддог байсан. Үүнийгээ дагаад маш их хүндрэл гарна. Жишээлбэл, Үзэгчид даарах мөн цохиур мод хөлдсөнөөс болоод амархан хугарах, хувцас хэрэглэл хөлсөнд нороод хөлдөх гэх мэт олон саад бэрхшээл тулгардаг юм. Улаанбаатар, Эрдэнэт, Дарханд хэд хэдэн гадаа талбай бий. “Мөсөн ордон”-ы хувьд хувийн хэвшлийн байгууллага учраас өртөг өндөртэй. Тиймээс тэмцээн зохион байгуулж, бэлтгэл сургуулилалт хийх боломж хомс байдаг.

-Хоккейн спорт биеийн хүчний тоглолт шаарддаг. Зарим үед хоорондоо муудалцах ч үе бий. Энэ талаар тайлбар хийвэл?

-Спорт л болсон хойно мэдээж өөрийн гэсэн дүрэм журамтай. Талбай дээр өрнөж байгаа ширүүн тэмцэл нь дүрмээр зохицуулагдаж байгаа нь энэхүү спортын нэг хэсэг. Нэг талаас ширүүн тэмцэл нь энэ спортын чимэг төдийгүй үзэгчдийг татах гол түлхэц болдог. Харин нөгөө талаас тамирчид бэртэл авах магадлал бас бий. Гэхдээ тамирчдын хувцас тоноглол нь хамгаалалт сайн учраас бага бэртдэг. Мөн NHL болон KHL гэх дэлхийн том лигүүдэд тамирчид хоорондоо нэгийн эсрэг нэг буюу зодолдох эсвэл тулалдаж болно. Аль нэг тамирчин бууж өгөх эсвэл газар унасан тохиолдолд шүүгч салгаж хоёр тамирчинд торгууль өгдөг.

Дэлхийн хоккейн холбооноос (IIHF) энэ спортыг хөгжүүлж олон хүн татахын тулд Ази тивийн орнууд болон хоккей сайн хөгжөөгүй улс орнуудад бүрэн контакт буюу тамирчид хоорондын ширүүн тэмцлийг хориглодог.

-Манай улсад шүүгч, дасгалжуулагч, боловсон хүчин хэр их байдаг вэ?

-Одоогоор сургалтад сууж батламжтай болсон албан ёсны шүүгч байхгүй. Мэргэжлийн дасгалжуулагч нэг, хоёр л байгаа байх. Зөвхөн спорт гэлтгүй бусад салбарт боловсон хүчин байхгүй бол хөгжил байхгүй гэсэн үг. Гадаадад тамирчдын хамгийн гол хэрэгсэл болох тэшүүрийг ирлэдэг хүн хүртэл сургалтад сууж мэргэжил эзэмшдэг.

Манай улсын дотоодын лигийн тоглолтуудыг ОХУ-ын шүүгч ирж шүүдэг. Дасгалжуулагчдын хувьд ихэнх нь зодог тайлсан тамирчид байдаг. Ер нь манай улсын хувьд хоккейн хөгжил дэлхийгээс хол хоцорч байгаа. Халуун оронд ч хоккейг хөгжүүлэхийн тулд маш их анхаарч хөрөнгө хаяж эхэлж байна. Боловсон хүчин бэлдэхийн тулд олон улсын чанартай сургалтад хамруулах, тамирчдаа ур чадвар дээшлүүлэх сургалтад явуулах, ур чадвар өндөртэй гадаадын тамирчдыг өөрийн орны нэр дор тоглуулах гэх мэт маш их ач холбогдол өгч байгаа. Хоккейн спортыг хөгжүүлэхийн тулд төсөв хөрөнгийн хэмжээг нэмэгдүүлэх мөн клуб болон тамирчид хоккейн холбоотой нягт холбоотой хамтран ажиллах нь чухал юм билээ. Саяхан Киргизстанд болж өнгөрсөн дэлхийн аваргын урьдчилсан шатны тэмцээнд Монгол Улсын шигшээ баг оролцох байсан боловч оролцлож чадаагүй. Учир нь дэлхийн хоккейн холбооны шинэчилсэн дүрмээр дэлхийн аваргын урьдчилсан шатанд оролцох багууд олон улсын стандарт хангасан дор хаяж л 500 хүний суудалтай мөсөн талбайтай байхыг шаарддаг байсан.

-Хоккейн спортоор хичээллэхийн давуу тал юу вэ?

-Хоккейн спорт өөрөө тэсвэр тэвчээр, хурд хүчний спорт. Талбай дээр өрнөж буй ширүүн өрсөлдөөнийг 3 үе тэсэж гарна гэдэг бол маш их тэвчээр шаардана. Иймээс хоккейн спортоор хичээллэснээр хувь хүн өөртөө тэсвэр тэвчээр, хурд хүч мөн багаар ажиллах чадвар, хувь хүний төлөвшил зэрэг давуу талыг олж авдаг. Тэшүүрээр гулгах, цохиур модоор жижиг шайбыг дамжуулах нь хүнээс багагүй мэдрэмж шаардана. Тиймээс мэдрэмжийг ч бас сайн хөгжүүлдэг.

-Монгол Улсын үндэсний шигшээ баг олон улсын тавцанд гаргасан амжилтаас дурдвал?

-Манай шигшээ багийн хувьд Ази тивдээ амжилт болон түвшний хувьд дээгүүрт бичигддэг. Жишээлбэл, Ази тивийн цомын аварга шалгаруулах тэмцээнээс 2 алт, 1 мөнгө, 4 хүрэл медалийг эх орондоо авч ирээд байна. Мөн бөмбөгтэй хоккейн 2-р зэрэглэлийн дэлхийн аваргаас хүрэл медаль хүртсэн. Манай тамирчдын хувьд энэ амжилтыг ахиулах боломж бололцоо бүрэн бий. Монгол залуусын бие бялдар, оюун санаа, авхаалж самбаа нь хоккейн спортод маш их тохиромжтой.

Ер нь хоккей гэлтгүй бусад спортын төрөлд манай залуучууд амжилт гаргах боломжтой гэж боддог. Үнэхээр авьяастай спортын үр, навч болсон залуус бидний дунд их бий. Харамсалтай тэр үр тариаг тордож арчилж ургуулах таатай хүлэмж нь хараахан бий болоогүй байна.

-Тамирчин байх болон дасгалжуулагч байх хугацаандаа урам хугарах аль эсвэл гутарч байсан уу?

-Мэдээж байгаа. Бөмбөгтэй хоккейн талбай нь хөлбөмбөгийн талбайтай ижилхэн хэмжээтэй байдаг. Манай оронд тийм том хэмжээний мөсөн талбай байхгүй. Иймээс манай шигшээ багийнхан 2017 онд бөмбөгтэй хоккейн ДАШТ-д бэлдэхийн тулд бид ОХУ-ын Эрхүү хот руу бэлтгэл хийхээр явж байсан. Бид хангалттай төсөв байгаагүй тул хувийн автомашинтай хил давж байлаа.

Биднийг хил давах үед Оросын цагдаа нар шалгаж байсан. Тэгээд “Монголын үндэсний шигшээ багийн тамирчид байна. ДАШТ-д оролцохоор явж байна” гэхэд итгээгүй. Тэгээд тоглолтын хэрэгсэл өмсгөл зэргээ үзүүлж байж явсан даа(инээв). Эрхүүд 10 хоногийн бэлтгэл хийж дуусаад Москва хотыг зорьж тэндээс онгоцоор нисэж Швед улс руу явж тэмцээндээ оролцон хүрэл медаль хүртэж байсан юм. Тухайн үед адал явдалтай сайхан аялал байсан боловч одоо бодоход жаахан өрөвдөлтэй санагддаг.

Мөн дашрамд манай спортыг хайрладаг дэмждэг үзэгч, болон тамирчид арын албаны хамт олон, дэмжигч байгууллагуудад чин сэтгэлээсээ баярлалаа.

Ц.ОРГИЛМӨНХ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *