Categories
булангууд мэдээ шинжлэх-ухаан-технологи

Д.Сангаа: Бид уранаа хурдан олборлох тусам атомын цахилгаан станцтай болох асуудал ойртоно || DNN.mn

ШУА-ийн Физик технологийн хүрээлэнгийн эрдэм шинжилгээний тэргүүлэх ажилтан, академич Д.Сангаатай ураны талаар ярилцлаа.


-Манай улс уран олборлох тухай олон жил ярьж байна. Байгаль орчин, хүн амд эрсдэлтэй гэж нэг хэсэг нь үздэг. Харин нөгөө хэсэг нь олборлох ёстой гэж ярьдаг.Та үүн дээр мэргэжлийн үүднээс тайлбарлаж өгөхгүй юү?

-Ураны талаар танин мэдэхүйн ойлголтыг эхлээд товч өгөх нь зүйтэй. Уран бол геологийн эрдсүүд дотроос онцгой анхаарал татдаг эрдэс.Цөмийн зэвсгийн үйлдвэрлэлд өргөн хэрэглэгддэг төдийгүй атомын цахилгаан станцын гол түлш нь уран. Манай орон бол ураны нөөцөөрөө дэлхийд дээгүүр байр эзэлдэг. Манайх чулуун нүүрсний нөөцөөрөө дэлхийн нийт нүүрсний 0.4 хувийг эзэлдэг бол ураны нөөцөөрөө дэлхийн нийт ураны нөөцийн дөрвөн хувийг эзэлж байна. Химийн элементүүд дэлхийн цардаст буюу янз бүрийн агуулгатай байдаг. Ураны дундаж агуулга бол тийм ч бага биш. Нийт байх агуулга нь алтнаас 1000 дахин, мөнгөнөөс 30 дахин их байдаг гэж үздэг. Далайн усанд нэг литрт гурван грамм уран агуулагдана. Тэгэхээр уран бол тодорхой үнэ бүхий эрдэс төдийгүй стратегийн онцгой ач холбогдолтой эрдэс.

-Эрсдэлтэй тал нь юу байна?

-Уран бол цацраг идэвхт бодис тул түүнийг олзворлох, боловсруулах, тээвэрлэхэд технологийн, аюулгүй байдлын онцгой дүрэм шаардлагатай. Иймээс уран бол “аймшигтай” цацраг идэвхтэй, хортой бодис тул түүнийг “оролдох” хэрэггүй гэсэн ойлголт манай ард олны дунд түгээмэл байдаг.Уран үнэндээ бол тийм ч “аймшигтай” хортой зүйл биш юм. Орчин үед амьдарч байгаа хүн бүр байнга, секунд тутамд цацрагийн тун авч байдаг. Өөрөөр хэлбэл, бид байнга цацрагт өртөж байдаг.Энэ цацраг нь байгалийн гаралтай, нөгөө нь ахуй амьдралын гаралтай гэж ангилж болно. Нөгөө талаар газар ус маань, хүрээлэн байгаа орчин маань байнга биднийг цацрагаар шарж байдаг. Нэг тонн газрын хөрсөнд 2.5 грамм, нэг литр усанд гурван грамм орчим уран байдаг. Манай орон нүүрс болон уранаар маш баялаг.

-Үүнийг бид тэр бүр мэддэггүй байх шүү?

-Манай орны уул нуруу бол боржин чулуу элбэг. Боржин чулууг дагаад ураны агууламж их гэсэн судалгаа ч байдаг.Нөгөө талаар бидний өдөр тутам хэрэглэдэг гар утас компьютер, телевиз маань бас цацрагийн үүсвэрүүд юм шүү дээ. Бид эмнэлэгт очоод цээжний рентген зураг авахуулах, томограф зэрэг шинжилгээнд ороход тодорхой хэмжээний цацраг авч байдаг. Улаанбаатар хотын Дөрөвдүгээр цахилгаан станц нэг жилд дөрвөн сая тонн нүүрс түлдэг гэвэл жилд 10 тонн уран зууханд шатаагдан утаа үнсэнд хуримтлагдаж байна гэсэн үг. Ийм учраас ураны уурхайг ашиглах асуудлаас өмнө бид зүгээр сууж байсан ч цацрагийн тун авч, цацрагт өртөж байдаг.Та уран, цацрагийн хор аюулын талаас асуугаад байх шиг байна.

-Тийм ээ, олон нийтэд энэ талаар ойлголтыг мэргэжлийн хүн тодорхой ярьж өгөх нь чухал болов уу?

-Цацрагийн амьд биед учруулах хор уршгийн гол учир нь аливаа цацраг амьд биед нэвтрээд шингээгддэг.Аль хэр гүнд нэвтрэх эсэх нь тухайн цацрагийн төрлөөс хамаарна. Тоймлон ойлгоход цацрагийн амьд биед шингээгддэг нэмэх ба хасах / нэмэх хасах/ тэмдэгтэй ионууд үүсгэдэг гэж ойлгоно. Гэхдээ цацрагийн аюулгүй байдлын норм гэж нэрлэгдэх утгаас л их болсон үед цацраг аюултай гэж тооцогдоно. Аюултай гэдэг нь арьс нүд гэмтэх, удаан хугацаанд цацрагийн тун авбал зарим эрхтэний үйл ажиллагаа муудах, ховор тохиолдолд хавдар үүсгэхийг хэлнэ.Энэ талаарх судалгаа хангалттай бий. Тэр ч байтугай эрдэмтдийн зарим хэсэг нь цацрагийн бага хэмжээний тун ашигтай гэж үздэг.

-Сонирхолтой юм…

-1985 онд АНУ-д болсон эрдэм шинжилгээний хурал дээр байгалийн цацрагийн тун ихтэй нутагт оршин суудаг иргэд халдварт өвчин тусах магадлал бага, эсэргүүцэл сайтай байна гэсэн байдаг. Ийм нутгийн иргэд ясны сийрэгжих өвчин, ревматизм сахрын өвчинд нэрвэгдэх нь бага гэсэн судалгаа бий. Харин байгалийн цацрагийг хааж, хар тугалгаар барьсан байранд туршилт хийлгэсэн амьтад амархан өвчилдөг гэсэн судалгааны дүн байдаг.Иймд байгалийн цацраг бол тодорхой хэмжээгээр ашигтай, амьтад болон хүний мутацид нөлөөлдөг нэг чухал фактор. Мөн цацрагийн бага хэмжээ нь амралт сувиллын газрыг сонгоход нэн ашигтай үзүүлэлт.

Цацрагийн хэмжээ яльгүй их газарт эмчилгээ сувилгаа үр дүн ихтэй. Бүр радон ялигүй их газарт уушгины хавдар багасдаг.Бас нэг жишээ дурдахад, цацрагийн бага тун нь ургамал тариалангийн ургацанд сайн нөлөө үзүүлдэг судалгаа ч байдаг юм. АНУ-ын цөмийн зэвсэг туршдаг Невада мужид үр тарианы ургалт 30 хувь хүртэл дээшилсэн. Ингэхдээ А ба С витамины агууламж хэд дахин нэмэгдсэн гэдэг.

-Тэгвэл таныхаар манай улс уранаа олборлох ёстой юу?

-Манай физикчид ураныг олборлох ёстой гэсэн байр суурьтай байдаг.Учир нь ураныг ашиглалт, олборлолтыг дагаад технологи орж ирдэг. Бид хэдий чинээ түргэн гадны технологийг нутагшуулна, төдий чинээ манай хөгжилд ахиц ирнэ. Ирээдүйн атомын цахилгаан станцын асуудал ойртоно гэсэн үг. Ард олон нэг зүйлийг ташаа ойлгодог.Өөрөөр хэлбэл, манайд байгаа ураныг боловсруулаад манайд байгуулах цахилгаан станцад хэрэглэнэ гэсэн ойлголт байдаг. Энэ бол их буруу төсөөлөл юм. Энэ хоёр асуудал бол тусдаа гэдгийг онцлох ёстой.

-Сүүлийн үед атомын цахилгаан станц барих талаар ч яригдаж байгаа.Агаарын бохирдол, тэр дундаа утаанаас ангижирч болох гол эх үүсвэр гэж ч мэдэгдэж байгаа?

-Атомын цахилгаан станцад эрчим хүчийг гарган авахад цөмийн урвалыг ашигладаг. Үүний үр дүнд гарах эрчим хүч нүүрснээс гаргах эрчим хүчтэй харьцуулшгүй их юм. Нэг кг уранаас гарах эрчим хүч 6.5 сая кг нүүрс шатааж байж гаргах эрчим хүчтэй тэнцдэг гээд бод доо.Байгальд нөлөөлөх экологийн талаас нь аваад үзвэл атомын цахилгаан станц бол маш цэвэр үүсгүүр. Саяхан Францын Засгийн газраас атомын цахилгаан станц бол энергийн ногоон үүсгүүр гэж зарласан. Та бидний байнга ярьдаг нүүрсхүчлийн хий СО2 нүүрсний станцаас гардгаас 140 дахин бага гэсэн тооцоо бий. Дулааны цахилгаан станцаас гарах бас нэг хорт зүйл бол үнс. Манай нүүрс уран ихтэй тул цацраг идэвхтэй.

-Олон улсад атомын цахилгааны станцын хөгжил, хэрэглээний талаар сонирхуулахгүй юу, багш аа?

-Дэлхийн олон оронд цөмийн эрчим хүчинд тулгуурласан атомын цахилгаан станц ашиглаж байгаа. Тухайлбал, Франц 72,3 хувь, Словак 60,1 хувь, Украин 55,3 хувь, Унгар 49,1 хувь, Бельги 47,7 хувийг тухайн орны эрчим хүчний салбарт атомын цахилгаан станцаас гаргах цөмийн эрчим хүч эзэлж байна. Харин манай орны хувьд бага чадлын атомын цахилгаан станц барих нь ойрын ирээдүйн хамгийн чухал зорилт. Орчин үеийн атомын цахилгаан станц бол аюулгүй байдлыг бүрэн хангасан төдийгүй байгаль экологид ээлтэй энергийн үүсгүүр болчихоод байна.

-Манайд энэ чиглэлийн боловсон хүчин хэр байдаг вэ?

-Манай улсын хувьд үндэсний боловсон хүчин тодрхой хэмжээгээр бэлтгэгдсэн. МУИС-ийн Цөмийн судалгааны төв, ШУА-ийн Физик технологийн хүрээлэнд атом цөмийн физикийн онолын болон атомын цахилгаан станцын судалгаа олон жилийн турш хийгдэж байгаа. Манай ахмад эрдэмтэд академич Н.Содном, Б.Чадраа, Д.Чүлтэм нар ирээдүйг харсан бодлого баримталж, шавь нар, мэргэжилтнүүдийг бэлтгэж чадсан. Манай цөмийн физикчид олон улсад нэртэй, судалгааны байгууллага, холбоодтой хамтын ажиллагаа тогтоон олон жилийн турш ажилласаар ирсэн.

Тухайлбал, ОХУ-ын Дубна хот дахь Цөмийн шинжилгээний нэгдсэн институтэд олон мэргэжилтэн бэлтгэгдсэн шүү дээ.Миний бие энэ байгууллагад байдаг цөмийн реактор дээр 10 жил ажилласан хүн л дээ.Энэ хугацаанд үндэсний мэргэжилтэн бид олон зүйл сурч судалгаа их хийсэн дээ.Ерөөс дэлхийн улс орнуудлын хөгжлийн түвшинг нэг жилд хэрэглэж буй болон нэг хүнд оногдох эрчим хүчний хэмжээг үнэлдэг. Дэлхийд үйлдвэрлэгдэж байгаа цахилгаан эрчим хүчний 41 хувь нь нүүрс, 22 хувь нь байгалийн хий, 16 хувь нь ус, 11 хувь нь цөмөөс, 4.3 хувь нь нефть, 6.7 хувь нь бусад сэргээгдэх эрчим хүчийг эзэлж байдгийг сонирхуулахад илүүдэхгүй.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *