Categories
гадаад мэдээ

Украины асуудалд Бээжин чөлөөт, хараат бус, энхтайванч бодлого баримтална || DNN.mn

Хятадын эрх баригчид Украин дахь нөхцөл байдал хүндэрч байгаад ихээхэн санаа зовниж байгаа бөгөөд оролцогч бүх талын эрх ашгийг харгалзан асуудлыг энхийн замаар шийдвэрлүүлэхийг зорьж байна гэж БНХАУ-ын Төрийн зөвлөлийн ерөнхий сайд Ли Көцян мэдэгдэв. Тэрээр, Украины асуудлыг шийдэх тал дээр Бээжин чөлөөт, хараат бус, энх тайванч бодлого баримталж байна. Бид аль нэг улстай харилцаагаа хөгжүүлэхдээ бусад улсын эсрэг, тэдэнд хохирол учруулах үйл ажиллагаа явуулдаггүй гэж Ли Көцян онцлон тэмдэглэв. Хятад улс гал зогсоохын тулд Орос болон Украиныг яриа хэлэлцээ хийхийг дэмжих чиглэлд бүхий л хүчин чармайлтаа гаргах болно. Учир нь нөхцөл байдал улам хурцдаж, хяналтаас гарахаас зайлсхийх шаардлагатай.

Хятадын Засгийн газар өргөн хүрээний хүмүүнлэгийн хямрал үүсэхээс сэргийлэх зорилгоор Украинд хүмүүнлэгийн тусламж үзүүлж байна, цаашид ч үзүүлсээр байх болно. ОХУ-ын эсрэг авсан хориг арга хэмжээнүүд дэлхийн эдийн засгийн сэргэлтэд цохилт үзүүлж болзошгүй. Учир нь коронавирусийн цар тахал дэлхийн эдийн засагт хүндээр нөлөөлсөн. Тиймээс эдгээр хориг арга хэмжээнүүд дэлхийн эдийн засгийн сэргэлтэд хүнд цохилт болж, бүх талуудад хохирол учруулах болно. Хятад улс хараат бус, энхтайвныг эрхэмлэсэн гадаад бодлого явуулсаар ирсэн. Иймээс Хятад улс энх тайван тогтооход идэвхтэй үүрэг гүйцэтгэх, олон улсын хамтын нийгэмлэгтэй хамтран ажиллахад бэлэн байна гэж Ли Көцян мэдэгджээ.


ТОВЧХОН

ОХУ-ын эрх баригчид “Укрианд нийлүүлж байгаа барууны цэргийн тусламжийн цуваанд агаарын цохилт өгөхийг үгүйсгэхгүй” гэж NATO-д сануулсны дараа АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Энтони Блинкен Украинд учруулж буй Оросын “агаарын болон хуягласан аюул”-ын эсрэг зэвсэг тус улсад нийлүүлэх болсноо албан ёсоор мэдэгдэв. Тэрээр “Би АНУ-ын ерөнхийлөгчийн шийдвэр, өөрт олгогдсон бүрэн эрхийн дагуу Укрианд 200 сая ам.долларын дөрөв дэх удаагийн цэргийн тусламж олгох шийдвэрийг яаравчлан гаргалаа. Энэхүү цэргийн тусламжид агаарын, хуягт болон бусад цэргийн аюулыг эсэргүүцэх зэвсэг багтаж байгаа юм” гэж мэдэгдэв. Өнөөдрийг хүртэл Украины агаарт ОХУ ноёрхож байгаа нь Украины эх орончдод ихээхэн хохирол учруулж байна. Мөн ОХУ Украинд довтолсон өдрийнхөө маргааш энэ улсын агаарын болон агаараас эсэргүүцэх хүчнийг бүрэн устгасан гэж мэдэгдсэн боловч өнөөдрийг хүртэл Оросын онгоц, нисдэг тэрэг украины агаарт сөнөж, цэргийн цуваа нь агаарын цохилтод өртсөөр байгаа билээ.

l l l

ОХУ-д бие даасан тагнуулын үйл ажиллагаа явуулдаг гурван ч байгууллага байдаг бөгөөд тэдгээрийн нэг болох “Тавдугаар газар” гэгддэг Тусгай ажиллагааны мэдээлэл, гадаад холбоо харилцааны албаны дарга хурандаа генерал Сергей Беседа болон түүний орлогчийг төсвийн хөрөнгө шамшигдуулсан, тагнуулын буруу мэдээлэл цуглуулсан хэргээр албан тушаалаас нь түдгэлзүүлж, гэрийн хорионд оруулсан байна. Хурандаа генерал Сергей Беседагийн удирдаж байсан “Тавдугаар газар” нь ЗХУ-ын бүрэлдэхүүнд байсан улсууд болон Украиныг асуудлыг хариуцан ажилладаг юм.

l l l

АНУ-ын Йелийн их сургуулийн саяхан гаргасан тоо баримтаар Украины дайнтай холбоотойгоор барууны 350 орчим компани Оросын зах зээлээс гараад байна. Иймээс Москвагийн эрх баригчид зах зээлээс нь гарч буй гадаадын компаниудын өмч хөрөнгийг хурааж, нийгэмчлэх санал гаргаад байгаа билээ. Тэгвэл Оросын хоёр дахь баян гэгддэг, Норильск Никель компаний хамгийн том хувь эзэмшигч Владимир Потанин уг санааг эсэргүүцэж компанийхаа телеграмм хуудсанд “Ийм алхам хийвэл бид 100 жилээр ухарч, 1917 онд буцаж очих болно. Хөрөнгө оруулагчдын Орос улсад итгэх итгэл бүрэн алдарч, хор уршиг нь олон арван жил үргэлжилнэ. Орос дахь үйл ажиллагаагаа зогсоох шийдвэр нь гадаадын компаниудын хувьд иргэдийнх нь сэтгэл хөдлөлөөс үүдсэн, урьд өмнө хэзээ ч тохиолдож байгаагүй нийгмийн дарамт шахалтаас гарсан байж болзошгүй. Оросын эсрэг авсан эдийн засгийн хоригийн улмаас барууныхан өөрсдөө ч хохирч байгааг бид харж байна. Бид хаалгаа бүрмөсөн хаалгүй, олон жилийн турш гадаад зах зээлд бий болгосон байр сууриа хадгалж үлдэхийг хичээх ёстой” гэж бичсэн байна.

l l l

Европын Холбоо ирэх таван жилийн дотор Оросын газрын тос, байгалийн хийгээс хамааралгүй болохоор шийдвэрлэснээ зарлав. Холбооны гишүүн улсуудын удирдагчид хоёр сарын хугацаанд багтаж, энэ талаар нарийвчилсан төлөвлөгөө боловсруулахаар санал нэгдсэн тухай Евро Комиссын ерөнхийлөгч Урсула фон дер Ляйен өчигдөр мэдэгдсэн байна. “2027 он гэхэд Оросын газрын тос, байгалийн хийгээс хамааралгүй болох төлөвлөгөөг тавдугаар сарын дундуур танилцуулахаар боллоо” гэж тэр Украины хямралын асуудлаар болсон дээд хэмжээний чуулганы дараа хэлжээ. 2014 онд Орос улс Крымийг хүчээр өөртөө нэгтгэхэд энэ асуудал сөхөгдөж байсан юм. Гэвч тухайн үед Европын хамгийн том эрчим хүчний хэрэглэгч Герман улс Оросын нийлүүлэлтээс татгалзахыг зөвшөөрөөгүй юм. Харин энэ удаа Украин руу ОХУ-ын цэрэг халдан довтолсон нь Европын Холбооны гишүүн орнуудыг нэгдэхэд хүргэж байна. Европын Холбооны уур амьсгалын бодлогын тэргүүн Франс Тиммерманс 2022 оны сүүлээр Оросоос авдаг 100 тэрбум шоо метр байгалийн хийг өөр эх үүсвэрээс орлуулах боломжтойг мэдэгдэв. Энэ нь ОХУ-аас Европын жилд авдаг байгалийн хийн гуравны хоёр хэмжээ юм. Европын Холбоо байгалийн хийн хэрэгцээнийхээ 40 хувийг ОХУ-аас хангадаг. Мөн газрын тосных нь 27 хувь, нүүрсний 46 хувийг ОХУ нийлүүлдэг байна. Энэ нь Москвагийн эрх баригчид жил бүр олдог олон арван тэрбумын орлогоо алдана гэсэн үг.

l l l

Украины ерөнхийлөгч Володимир Зеленськийн инстаграм хуудасны дагагчдын тоо 15.5 саяд хүрчээ. Энэ үзүүлэлт нь Америкийн алдарт дуучин, реппер Канье Уэстийг гүйцэхэд хүргэлээ. Канье Уэстийг дагагчдын тоо нь 15.3 сая юм. Володимир Зеленский нийгмийн цахим сүлжээний хуудсаа тун ч идэвхтэй хөтөлдөг бөгөөд сүүлийн үед үүсээд буй нөхцөл байдлаас үүдэн түүнийг дагагчид, дэмжигчдийн тоо өдрөөс өдөрт нэмэгдсээр байгаа аж. Түүний инстаграм хуудасны дагагчдын тоо нэмэгдсэн нь Украинд болж буй дайны нөхцөл байдал, хамгийн сүүлийн үеийн шинэ, чухал, бодит мэдээллийг авах боломжтой байдагтай холбоотой гэж судлаачид дүгнэжээ.

l l l

Хятадын эрх баригчид Хонконгийн өөртөө засан тогтнох өндөр түвшний эрхийг хэвээр хадгалахаар төлөвлөж байна гэж БНХАУ-ын Төрийн зөвлөлийн ерөнхий сайд Ли Көцян мэдэгдэв. “Бид “нэг улс-хоёр тогтолцоо” бодлогыг хатуу баримталж, Хонконгийн өөртөө засан тогтнох эрхийг өндөр түвшинд хангана. Засаг захиргааны энэхүү онцгой бүсийн удирдлагууд цаашид эдийн засгаа хөгжүүлж, Хонконгийн ард түмний аж амьдралыг дээшлүүлж, Хонконгийн олон улсын санхүү, худалдаа, ложистикийн томоохон төв болох байр суурийг бэхжүүлнэ гэж найдаж байна” гэж Ли Көцян тус улсын хууль тогтоох дээд байгууллагын жил тутмын чуулганы дараа хийсэн хэвлэлийн бага хурлын үеэр цохон тэмдэглэжээ. Хятадын Засгийн газрын тэргүүний хэлснээр, Бээжингийн сонирхол бол “Хонконгийн урт хугацааны хөгжил цэцэглэлт, тогтвортой байдал юм” байна.

l l l

Ерөнхий сайд Нарендра Модигийн нам Энэтхэгийн хамгийн олон хүн амтай мужид болсон мужийн ассамблейн санал хураалтаар хамгийн олон санал авч ялалт байгуулжээ. Энэ нь 2024 оны сонгуулийн өмнөх үндэсний санал бодлыг илтгэж буй санал хураалт болсон гэж ажиглагчид үзэж байна. Энэтхэгийн сонгуулийн хорооны мэдээгээр, үндэсний үзэлтэй Бхаратия Жаната нам Уттар Прадеш мужид 403 суудлын 255-д нь ялалт байгуулан тэргүүлж байгаа бөгөөд эцсийн дүн төдийлөн өөрчлөгдөхгүй байх хандлагатай байна. Тус мужид 40 орчим жилийн түүхэнд анх удаа эрх барьж буй нам хоёр дахь сонгуульдаа дараалан ялалт байгуулжээ. Тиймээс мужийн иргэд баяраа тэмдэглэн гадаа талбайд гарч, Бхаратия Жаната намын өнгөөр гоёцгоож байна. Моди хэлэхдээ, зарим улс төрийн шинжээчид 2017 онд таван мужид явуулсан санал асуулгын дүн 2019 оны сонгуулийн үр дүнг шийдсэн бөгөөд манай нам олонхийн саналаар ялж байсан гэжээ. Эрх баригч нам цар тахал өвчний үед ядууст зориулсан үнэ төлбөргүй хүнсний бүтээгдэхүүн, гэмт хэргийн эсрэг тэмцэл, нурсан исламын сүмийн суурин дээр сүм босгосноор хиндучуудын дунд нэр хүндтэй болоод байгаа юм.

BBC.CNN. REUTERS. Agentura.Ru. Xinhua.TASS. RIA Novosti-гоос бэлтгэсэн Г.АМАРСАНАА

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *