Categories
мэдээ онцлох-нийтлэл туслах-ангилал улс-төр

Д.Дашпүрэв: Төрд ажиллаж байгаа коммунист большевикүүдээр дамжуулж Монголыг нөлөөндөө байлгах сонирхолтой || DNN.mn

Бие даасан эрдэм шинжилгээний ажилтан, Философийн шинжлэх ухааны доктор, профессор Д.Дашпүрэвтэй ярилцлаа.


-Орос, Монголын түүх хэрхэн холбогдсон талаар ярилцлагаа эхэлье? Орос ах гэдэг үзэл хэдий үеэс бий болж эхлэв?

-Орос ах нар гэдэг үзэл Монголын нийгэмд бий болоод 100-гаад жил болж байна. Гэхдээ нарийн яривал 1920 онд Монгол ардын нам гэж байсан. Сүүлдээ Монгол ардын хувьсгалт нам болж 1924 оноос нэрлэгдэж яваад эргээд Монгол ардын нам болон томьёологдсон. Энэ нам 1920 оны гуравдугаар сарын 1-нд Эрхүү хотод байгуулагдсан нам л даа. Тэнд нэг хурал болсныгоо намын анхдугаар хурал гэж сүүлд нь томьёолсон хэрэг. Тэгэхээр 1920-иод оны сүүлээр орос ах гэж хэлэх рүү дөхөж очсон. Оросын нөлөө 1917 оны Октъябрийн хувьсгалаас эхэлсэн гэж ярьдаг боловч тэр үе биш. Орос анх үндэстэн улс болж хөгжих эхлэл нь нарийндаа Алтан ордны улс гэгдэх Монгол империйн (Их Монгол Улс) нэг нь шүү дээ. Тэр нь 1400-гаад оны үеэс жаахан суларч эхэлсэн. Тэгээд 1600 оны үеэс бүр задарсан. Тэгэхээр XVII зууны үеийн задралаар Орос улс үүсч, XVII зууны сүүлээр Орос гэдэг улс түүхийн давцанд гарч ирсэн. Тэр цагаас хойш Орос улс Монголын нөлөөнд их байсан учраас Москвагийн Орос, Новогродын Орос гэж явж байгаад сүүлдээ Хаант Орос болоод газар нутгаа тэлэх сонирхлын үүднээс урагшаа Байгал нуурын баруун, зүүн талаар судалж явсаар өөрийн болгосон. Ялангуяа Орост их ойрхон манай Хаант Монгол Улс буюу Хубилай хааны Юань импери улс мөхөсний дараа үүссэн шүү дээ. Тэр үед манай улсын газар нутаг одоогийн Элст хот хүрч байлаа. Түүнээс ч урагшаа Каспин тэнгисийн зүүн талаар манай Ойрад Монголын салбарууд байсан. Түүнийг оросууд их судалсан. Ялангуяа XVIII-XIX зуунд их судалсан байдаг. Тэр үеэс оросууд Монголыг маш сайн мэддэг болсон. Хаант Оросын үед манай ар халхад оросууд их орж ирж алт олборлодог, худалдаа наймаа хийдэг байж байгаад Октъябрийн хувьсгал гараад түүнээс хойш Ленин, Сталины коммунист Орос Монголыг маш их анхаарах болсон. Юуны тулд анхаарч байгаа юм гэвэл ах нь болохын тулд биш. Монголыг нөлөөндөө байлгаж, газар нутгаа өргөтгөх, газрын доорх баялгийг нь авах, чадвал нутаг орныхоо бүрэлдэхүүнд авах сонирхолтой явж ирсэн.

-Орос ах гэсэн үзлээсээ хэрхэн салах вэ?

-Орос ах гэдэг нь ЗХУ-ын коммунист нам, коминтерний үе, Монгол ардын намын идэвх зүтгэл, коммунист большевикийн үеэс үүссэн ойлголт л доо. Энэ нь энгийн хэллэг. Орос ах нар гэсэн үзэл энгийн ард түмний дунд бат суусан нь Оросын коммунист большевикүүд 1922 оноос эхлээд Монголын уламжлалт сэхээтэн язгууртнууд, Монголын гэгээрсэн боловсорсон хэсгийг янз бүрийн шалтгаанаар, ямар нэгэн нэр хоч өгсөөр алж хядаж эхэлсэн. Энэ нь 1984 оныг хүртэл явсаар байсан. Сүүлдээ яахав алахаа больсон. Ер нь бол манай монгол коммунист большевикүүдээс айгаад сурчихсан юм. Жирийн монгол хүн айгаад байх ч юу байхав. Гэхдээ монгол төрийн удирдлагад ажиллаж байгаа Монголын коммунист большевикүүд айдаг учраас ард түмэн нь бас айна л даа.

-Яагаад айгаад байна вэ?

-Яагаад вэ гэвэл Монголын коммунист нам болох МАН, Монголын Засгийн газар чинь Сталины үеэс ч тэр, Сталинаас хойш ч тэр Зөвлөлтийн нөлөөний дагавар улс төрийн хүчин байхгүй юу. Манай улс бол Satelit country буюу дагавар улс гэгддэг байлаа. Тэгэхээр дагавар орны Засгийн газар эзэн орноосоо айна шүү дээ. Тэгээд ард түмнээ тэгж л хүмүүжүүлэхгүй юу. Ард түмнийх нь соёл боловсрол муутайхан хэсгийг үлдээгээд, мэдлэг боловсролтой гэгээрсэн хэсгийг нь устгачихаар тэр шүү дээ. Хүмүүс энэ коммунизм социализмын үед хийгдсэн кинонуудаар нийгмээ их ойлгодог. Тэр кинонууд их үзэл сурталжсан. Түүн дээр гардаг Итгэлт баяны зарц Галсан байна шүү дээ. Ихэнх ард түмэн Галсан л байсан. Сүүлдээ үндэсний бичиг үсгийг нь устгаад кирилл үсэгтэй болгосон. Кириллээр мэдэж гэгээрсэн юм зөндөө бий л дээ. Гэхдээ коммунист үзэл суртлын нөлөөнд орох зүйлсийг л сурч байсан. Тэгээд л нийтээрээ айдаг болохгүй юу. Айх гэдэг чинь нийгмийн психологи үзэгдэл. Аюумшиг гэсэн үг. Айх нь аргагүй шүү дээ. Насанд хүрсэн хүн амынх нь 15 хувийг янз бүрийн улс төрийн хэргээр буудаж алсан. Тэгэхээр нийгэм айна биз дээ.

-Ардчилсан улс болоод 30 гаруй жилийн нүүрийг үзлээ. Энэ хооронд нөгөө орос ах гэсэн үзэл хэвээрээ л байгаад байх юм. Тусгаар улс болсны хэрэг байна уу?

-Нэгдүгээрт, орос ах гэдэг үзэлтэй улс төрийн хүчин одоо ч гэсэн манай засаг төрийн эрхийг барьж байгаа биз дээ. Ардын нам. Үгүй юм уу?

-Тийм л дээ.

-Тэр улс төрийн намын үзэл суртал, улс төрийн бодлого нь хуучин үзэл суртлаа хаясан гэж та бодож байна уу?

-Хаяагүй.

-Тэгвэл тэрийг тэгээд гайхаад байх явдал юу байна. Ардчилсан нам нь дампуурчихлаа. Тэгэхээр чинь одоо бүр хэцүү байгаа биз дээ.

-Цаашид энэ тахин шүтэх үзэл үргэлжлээд байх уу. Яаж салах вэ?

-Хэрвээ улс төрийн талаар хамааралтай байвал үргэлжилж л таарна. Гэхдээ арай дээрдэх байх гэж боддог. 1990 оны ардчилал эхэлснээс хойш маш олон хүн барууны орнуудад сурлаа. Цагаачиллаа. Биеийн хүчний ажил хийхээр олон хүн гарлаа. Ирж очдог болсон. Тэд нар хуучин монгол үндэсний нийгмийн сэтгэл зүйгээс, улс төрийн аюумшигт сэтгэлгээнээс ихэнх нь салж байгаа.

-Нэг үеэ бодвол монголчууд гэгээрч боловсорч байгаа гэж үү. Хэдэн оныхон засаг төрийг барьж эхэлбэл бүрмөсөн ангижрах бол?

-Монгол баруунжиж байж л ахаасаа айдаг нийгмийн аюумшиг арилна.

-Нөгөө талаас хоёр том улсын дунд байх нь нөлөөлж байна уу?

-Манай орон чинь ланд лок орон буюу түгжигдмэл улс. Тэр нь ямар цоож вэ гэхээр хойд талд нь Орос их гүрэн, урд талд нь Хятад их гүрэн. Энэ хоёр гүрэн хоёулаа нийгмийн талаасаа Орос нь коммунист байж байгаад 1991 онд Зөвлөлтийн их гүрэн гэдэг чинь коммунист импери шүү дээ. Тэр коммунист импери задраад ОХУ болсон. Уг нь ОХУ гэсэн үг. Гэвч энэ холбооны улсын төр нь тоталитар. Уг нь Путин эхлээд ерөнхийлөгч болоход авторитар улс байсан. Нэг хүний засаглалтай. Одоо тэр нь бүр тоталитар болж байна. Тоталитар гэдэг чинь дарангуйлагч систем гэсэн үг. Оросын олигархиудын төлөөний хүн нь Путин. Тэгээд Оросын санхүү, аж үйлдвэр, цэргийн холбоо байгуулсан бүлгийг олигархи гэж байгаа юм. Олигополи гэж хэлдэг. Энэ нь Орос орныг засаглаж байгаа. Энэ засаглал нь ганцхан бүлгийн харгислал дарж байдаг учраас тоталитар төр гэдэг. Улс төр, төр засгийн зохион байгуулалтын хэлбэр нь тийм. БНХАУ 1949 оноос коммунист Хятад болсон. Коммунист Хятадын үед Мао Цзэдун засаглал байсан. Тэр нь жаахан суларч байгаад капиталист өөрчлөлт хийж байснаа одоо Си Жиньпин даргынхаа үед буцсан. Гэхдээ Мао Цзэдун маягийн биш, Си Жиньпин маягийн коммунист тоталитар тогтолцоотой орон болсон. Тэгэхээр ийм хоёр авторитараасаа давсан тоталитар төртэй хоёр орны дунд байгаа ардчилсан Монгол Улс маш эгзэгтэй байгаа. Тэгээд л айцгааж байна.

-Энэхүү хоёр улсын түгжээнээс яаж гарах вэ?

-Нүүгээд явж болохгүйгээс хойш яаж гарах вэ гэхээр өөрсдийнхөө ардчилсан үндсэн хуулийн үндсэн дээр улс орноо ардчиллын замаар л хөгжүүлж, удирдан зохион байгуулж чадвал энэ хоёрын түгжээнээс гарч болно л доо. Гарна гэдэг нь гараад явна гэсэн үг биш. Ардчилсан орон байж чадна. Түүний тулд яах вэ гэхээр бид дандаа хуурай газраар явж байгаа. Төмөр зам найдвартай биш боллоо. Хойшоо ч, урагшаа ч. Авто зам бол бүр найдвартай биш. Тэгэхээр эдийн засгийн бүтцээ сайн бодож, Монголын авиа компаниа сайн хөгжүүлэх ёстой. Нутаг дээгүүрээ нисгэхгүй болтлоо муудахгүй байлгүй дээ. Манайх чинь энх тайвныг эрхэмлэдэг ард түмэн, төр засагтай улс. Тэгэхээр онгоцоор агаарын тээврээ сайн хөгжүүлэх шаардлагатай. Манайх нисэхийн компаниудаа, улсын ч, хувийн ч бүгдийг нь дэмжээд, хувийн том компаниуд байгуулахыг дэмжих хэрэгтэй. Манайд хөрөнгө мөнгөтэй чадалтай хүмүүс бий. Тэгээд шууд Америк, Баруун Европ гээд бүх л улс орон руу нисдэг болмоор байна. Ахаас айдаг сэтгэлгээнээс салахын тулд хоорондоо зодолдоод, хэрэлдээд хэзээ ч салахгүй. Улс орноо ардчиллын замаар хөгжүүлж, эрх чөлөөтэй, нээлттэй эдийн засагтай байх хэрэгтэй. Манайд гадаадын хөрөнгө оруулалт 2000-аад оноос өмнө орж ирэх боломжтой байсан. Гэтэл энэ хоёр их гүрний нөлөө маш их шүү дээ. Энд тэндхийн Галсангуудыг янз бүрээр турхираад бэлчээрээ хамгаал, нутгаа битгий ухуул, гадаадынхан баялгийг чинь дээрэмдэж байна гэж босгож, эсэргүүцүүлсээр байгаад хөрөнгө оруулалт орж ирэх баталгаагүй болгосон. Дээр нь манай төр засагт ажиллаж байсан АН-ын хүн ч, МАН-ын хүн ч ялгаагүй найдваргүй хүмүүс нь авлига аваад хууртдаг. Улс орноо ардчиллын замаар хөгжүүлье гэж байгаа жижиг орны удирдагч, төр засаг барьж байгаа хүмүүс Сингапурын удирдагч шиг байдаг байхгүй юу. Хувийн сонирхол гэж байхгүй. Улс орноо үндэстнээ хөгжүүлье гэж боддог. Ийм хөгжлийн зам руу явахад хахууль авдаггүй. Хүн үсрээд 100 насална биз. Сүүлийн 10-20 жил нь бол хэнд ч хэрэггүй нас. Гэртээ суугаад үр хүүхдүүддээ ч гай болдог үе. Үр хүүхдүүд ч гэртээ эрх чөлөөтэй сайхан амьдармаар л байгаа. Хэчнээн хөрөнгөтэй ч гэсэн үр хүүхдүүддээ ч гай болох үе ирдэг. Тийм учраас төр засаг, улс төрийн ажил хийнэ гэж байгаа хүн хувийн амьдралаа мартах ёстой. Тэр хүн зөвхөн улс үндэстнийхээ төлөө зүтгэж ажиллаж байж л том улстөрч гэсэн нэр төр нь үлддэг.

-Манайд тийм улстөрч байгаа юу?

-Байхгүй. Тэр хүнийг улс үндэстэн нь өөрөө гаргадаг байхгүй юу. Баабар буюу Б.Батбаярыг би их уншдаг. Гэгээрсэн, их л зөв юм бичдэг чухам улстөрч хүнийхээ хувьд ямрыг би мэдэхгүй юм. Мөн улс төр судлаач, профессор Д.Баярхүү гэж их юм бичдэг, боловсролтой хүн бий. Тэдгээр хүмүүсийн бичсэн, харуулах гэсэн өнцгийг хүмүүс ойлгож уншаасай гэж бодож явдаг. Эдгээр боловсролтой хүмүүсийг юм бичээд тавихаар нь араас нь муулдаг, дэвсэлдэг хүмүүс байх юм. Манай нийгэмд ийм хүмүүс олон биш байх. Түүнийг зохион байгуулдаг зохион байгуулагчид байгаа гэж боддог юм.

-Хүмүүсийн сайн гэж сонгосон улстөрчид засагт гарахаараа яагаад ярьж байснаасаа тэс ондоо болчихдог юм бэ?

-Тэр хүмүүс улстөрч болж чадаагүй, эцсийн нэг чигт шийдвэрээ гаргаж чаддаггүй учир янз бүрийн хүмүүсийн нөлөөнд ордог байх. Янз бүрийн л хүмүүс бий. Зусарч бялдууч, хахууль өгдөг, авдаг. Тэдний урхинд ороод л чөдөрлөгдөөд яваа.

-Та түрүүн манайх энхтайвныг эрхэмлэгч орон гэсэн. Гэтэл саяхан Сүхбаатарын талбай дээр хэсэг хүн гараад дайныг эсэргүүцэн жагстал цагдаа, иргэд зөрчилдөөд тарцгаав уу?

-Улс орны шинж чанарыг тодорхойлдог зүйл нь тэр орны үндсэн хууль. Түүнийг дагалдсан хуулиуд бий. Тэр үүднээс манайх энхтайвныг сахидаг ардчилсан орон. Гэвч төр засаг барьж байгаа хүмүүс тэр хуулиа баримтлахгүй, тэр улсынхаа гол чиг шугамыг аман дээрээ яриад, ажил дээрээ түүнийхээ эсрэг байдаг. Тийм байгаагийн л илрэл байхгүй юу. Цагдаа хэний мэдлийн хүн юм, Засгийн газрынх. Тэгэхээр Засгийн газар чиглэл өгөөгүй бол цагдаа тэнд очих уу.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *