Categories
мэдээ онцлох-нийтлэл туслах-ангилал эдийн-засаг

Г.Майцэцэг: Ажлын байр бий болгож, татвар төлж байгаа бүхэн баялаг бүтээгч мөн || DNN.mn

“Эксклюзив” брэндийг үүсгэн байгуулагч Г.Майцэцэгтэй ярилцлаа.


-Баялаг бүтээгч гэж хэнийг хэлэх вэ?

-Товчхондоо оргүй хоосноос биет зүйл бүтээж байгаа бол баялаг бүтээгч мөн. Газар сэндийчиж буй уул уурхайн салбарынхан баялаг бүтээгч биш гэх түгээмэл ойлголт манайд яваад байдаг. Ийм ялгавартай хандлага байж болохгүй.

-Хэрэглэгчийн гарт эцсийн бүтээгдэхүүн гаргаж байгаа л бол баялаг бүтээгч гэх ойлголт бий.

-Эцсийн бүтээгдэхүүн болгож гаргах ёстой гэдэг үнэн. Манайх зэсийн баялагтай орон. Өнөөдөр зэсийг түүхий эдээр нь гаргаад байгаа. Түүхий эдийг боловсруулах үйлдвэр байх ёстой. Үйлдвэр байгуулах ажлыг зохион байгуулах нь төрийн үүрэг. Энэ салбар баялаг бүтээнэ, энэ салбар бүтээхгүй гэдэг ойлголт байж болохгүй. Оргүй хоосноос бий болгож байгаа бүхэн баялаг бүтээгч мөн. Дээл, хувцас оёж эцсийн бүтээгдэхүүн гаргаж байгаа нь баялаг бүтээгч. Уул уурхай болохоор баялаг бүтээгч биш гэсэн ойлголт байж болохгүй. Ажлын байр бий болгож, татвар төлж байгаа бүхэн баялаг бүтээгч мөн.

-Сая Хөгжлийн банкны үйл ажиллагаа хариуцсан дэд захирал Ж.Эрхэмбаатарын зүгээс бизнес эрхэлж, үйлдвэрлэл явуулж байгаа хүмүүс зөвхөн хувьдаа ашиг олох зорилготой гэж тодорхойллоо. Энэ дээр таны байр суурийг сонсъё.

-Үүнийг би ойлгохгүй байна. Бид өнөөдөр социалист нийгэмд амьдарч байгаа юм уу. Цаг үеэ бодоод үзэх хэрэгтэй. Чөлөөт зах зээлийн нийгэмд биз дээ. Ажлын байрыг төр бий болгодог юм уу. Бизнес эрхлэгчид бий болгож, татвар төлөөд явдаг. Чөлөөт зах зээлтэй ардчилсан нийгэм хариуцлагатай албан тушаал хашиж байгаа залуу хүн ямар шалтгаанаар ийм үг хуучин нийгмийн үзэл суртал агуулсан үг хэлснийг ойлгохгүй юм. Ийм савлагаатай цаг үед ачааны хүндийг үүрч, ажлын байр бий болгож, татвар төлж яваа бизнес эрхлэгчдийн зүтгэлийг ингэж үгүйсгэж хэрхэвч болохгүй.

-Та сая Итали руу чухал уулзалтад оролцохоор явахад хилийн хоригтой холбоотой асуудал үүссэн. Энэ талаараа тодруулахгүй юу. Их хэмжээний зээлтэй байж хилээр гарахыг оролдлоо гэх ойлголт нийгэмд үүссэн шүү дээ.

-Г.Майцэцэг гэдэг хувь хүн 2021 онд өрөө төлөөд асуудлаа шийдсэн. Надаас авлагатай хүмүүс нь “Иргэн Майцэцэгээс өрөө авсан. Хэргийг нь хааж өгнө үү ” гэх хүсэлтийг цаасаар бичиж ШШГЕГ-т өгөх ёстой юм байна. Өнөөх хүмүүс байцаагч руу “Бид нар Майцэцэгээс мөнгөө авсан” гээд мессэж бичсэн байгаа юм. Гэтэл үүнийг хүчин төгөлдөр гэж үзэхгүй, өнөөдрийг хүртэл хориг тавьсан хэвээр явж ирж. Шүүхийн шийдвэрээс өр зээлээ төлсөн тохиолдолд гомдол гаргасан хүнээс нь шаардаад бичиг авдаггүй юм уу гэж асуухад тэр “Чиний үүрэг” гэж хариулж байгаа юм. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар ямар ч үүрэг хүлээдэггүй юм байна.

Хилийн хориг тавивал тавиад л. Өглөг авлагатай хүмүүс хоорондоо асуудлаа шийдчихээд байхад энэ

байгууллага яхир хадам ээж шиг хооронд нь яс хаяж хагаралдуулаад суудаг. Би өөрөө тодорхой хэмжээнд үйлдвэрлэл хийж хувийн үйлдвэрээ босгосон хүн. Зугтаагаад алга болохгүй нь хэнд ч ойлгомжтой асуудал. Эрх баригчид цахимжсан засаг гээд л яриад байдаг. Гэтэл хялбархан шийдэж болох асуудал дээр л заавал цаасан баримт нэхээд суух юм. Өнөөдөр иргэдэд үйлчилдэг төр хэрэгтэй байна.

Энэ мэт жижигхэн асуудлаар иргэн, аж ахуйн нэгжүүдээ хааж боож байгаад нь харамсах юм. Шүүхийн шийдвэрийнхэн ч хэл амаараа ойлголцож болох асуудалд ямар хахир хатуу ханддаг юм байна.

-Эцэст нь та асуудлаа шийдээд уулзалтандаа оролцохоор явсан. Ямар үр дүн гарав…

-Зорьж явсан ажлын үр дүн эхнээсээ гарч байна. Хийсэн уулзалттай холбоотойгоор гаднаас хүмүүс ирж манай зах зээлийг судалж байгаа. Итали руу явсан зорилго маань товчхондоо массын үйлдвэрлэлд хөрөнгө оруулалт татаж хамтарч ажиллахад чиглэж байсан юм. Улмаар бүтээгдэхүүнээ олон улсад гаргах. Манай урд хойно хоёр том хөрш байна. Энэ зах зээл рүү л бүтээгдэхүүнээ нийлүүлэхийг зорьсон юм. Массын үйлдвэрлэлийг хөгжүүлэхэд хэрэгцээтэй суурь нь боловсон хүчин. Үйлдвэрлэлийн суурь капитал нь ажиллах хүч байдаг. Өнөөдрийг хүртэл хэрэгжиж ирсэн МСҮТ-ийн бодлого нь алдаатай явж байжээ. Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төв Хөдөлмөрийн яаманд харьяалагддаг байсан юм байна. Энэ асуудлаар Боловсролын яамны дэд сайд Г.Ганбаяртай уулзахад төрөлжүүлэхээр төлөвлөөд явж байгаа юм билээ. Зөв чигт л яваа шиг санагдсан. Үүнийг цаг хугацаа л харуулах болов уу. Дахин онцлоход, массын үйлдвэрлэлийг хөгжүүлэхэд тоног төхөөрөмж, зээл гэхээс илүү ажиллах хүчээ бэлтгэх шаардлагатай юм байна. Удахгүй сайн мэдээ дуулгана аа.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *