Categories
мэдээ нийгэм

Нийслэлийн харьяа байгууллагуудын ажилтнуудыг дохионы хэлмэрч, орчуулагчийн сургалтад хамруулна || DNN.mn

Нийслэлийн Засаг даргын дэргэдэх Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах нийслэлийн салбар зөвлөл өнөөдөр ээлжит хурлаа хийлээ.

Зөвлөлийн гишүүд 2022 онд хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах чиглэлээр хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөөнд саналаа нэгтгэн, хоёрдугаар сарын 25-ны өдрийн хурлаар хэлэлцсэн. Тэгвэл өнөөдрийн хурлаар үйл ажиллагааны төлөвлөгөөнд тусгасан 29 саналыг хэлэлцэн, баталлаа.

Мөн нийслэлийн нутгийн захиргааны байгууллага бүр бүтэц, орон тооны хязгаартаа багтаан, шинээр орон тоо нэмэхгүйгээр хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг хөдөлмөр эрхлэх боломжоор хангах буюу Хөдөлмөрийн тухай хуулийн 144 дүгээр зүйлийг мөрдөн ажиллах, хөгжлийн бэрхшээл үүсэхээс урьдчилан сэргийлэх, эрт үед нь илрүүлэх, асаргаа, сувилгаа хийх талаар зөвлөгөө мэдээлэл, сургалт, сурталчилгааг нэмэгдүүлэхийг холбогдох хүмүүст үүрэг болгов.

Нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудын ажилтан, албан хаагчдыг дохионы хэлмэрч, орчуулагчийн сургалтад үе шаттайгаар хамруулан, сонсголын бэрхшээлтэй иргэд төрийн үйлчилгээг хүндрэл бэрхшээлгүй авах боломжийг бүрдүүлэх хэрэгтэйг онцолсон юм.

Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн сургалтыг байгууллагадаа зохион байгуулах шаардлагатайг анхааруулж байлаа.

Нийслэлийн нутгийн захиргааны байгууллагууд, холбогдох хэлтэс, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн төрийн бус байгууллага, холбоодын төлөөлөл зэрэг 26 хүний бүрэлдэхүүнтэй тус зөвлөл нь хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд тулгамдаж буй асуудлуудыг судлах, бодлого, шийдвэрт нөлөөлөх зорилготой юм.

Хурлыг Нийслэлийн Засаг даргын Нийгмийн хөгжил, боловсрол, эрүүл мэндийн асуудал хариуцсан орлогч З.Төмөртөмөө удирдан явууллаа.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *