Categories
мэдээ нийгэм

Гүрж улс Европын Холбоонд элсэх хүсэлт гаргажээ || DNN.mn

Гүрж улс өчигдөр Европын Холбоонд гишүүнээр элсэх албан ёсны хүсэлтээ гаргажээ.

Орос улс Украины газар нутагт халдан довтолсонтой холбоотой үүссэн улс төрийн уур амьсгал ийм шийдвэрт хүргэснийг тус улсын эрх баригчид тайлбарласан байна.

Гүржийн ерөнхий сайд Иракли Гарибашвили гишүүнээр элсэх албан ёсны хүсэлтэд улс орноо төлөөлөн гарын үсэг зурснаа мэдэгдээд энэ өдрийг “түүхэн өдөр” хэмээн онцолжээ.

“Европын Холбоонд гишүүнээр элсэх хүсэлт гаргасан нь Гүрж улс Европын гэр бүлд интеграцчилагдах чиглэлд хийсэн чухал алхам, түүхийнхээ шинэ хуудсыг нээсэн үйл явдал юм” гэж тэр хэлсэн байна.

Гарибашвили цааш нь ярихдаа “Манай орон олон зууны түүхэндээ үргэлж Европын соёл иргэншлийн нэг хэсэг байсаар ирсэн. Өнөөдөр ч Гүрж улс үүнийг хамгаалах, хөгжүүлэхэд үнэтэй хувь нэмрээ оруулсаар байгаа” гэсэн юм.

Гүржийн нийслэл Тбилиси хотын захирагч Каха Каладзе “Гүрж улс өнгөрсөн 30 жилийн турш Европын Холбоотой харилцах гүүрээ тоосго тоосгоор нь өрж, босгосоор ирсэн юм. Миний бие, миний үеийнхэн, үр хүүхдүүд маань улс орноо Европын Холбоонд аль болох хурдан элсүүлэхийн төлөө бүхнийг хийсэн” гэж мэдэгджээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *