Categories
мэдээ цаг-үе

DNN-СУРВАЛЖЛАГА: Хавдар бол эдгэрдэг өвчин || DNN.mn

Дэлхийн “Хөгжим эмчилгээний өдөр” өнөөдөр тохиож буй. Уг өдрөөр Хавдар судлалын үндэсний төв “Хөгжмөөр эмчлэхүй” өдөрлөгийг зохион байгуулж байна. Үүнд Монгол Улсын филармони, Монгол Улсын Консерватори, Хаан банк сан, Архангай аймгийн уран бүтээлчдийн Тайхар нэгдэл, Хавдрын даван туулагчид, сайн дурын идэвхитэнүүд оролцоно. Харин эмчилгээний жорд дэлхийн сонгодог хөгжим, ардын аялгуу, уртын дуу, яруу найраг, зөвөлгөө мэдээлэл гэсэн эмчилгээнүүд байх аж.

Дэлхий дахинд өнгөрсөн жил 19 сая хүн хавдраар өвчилж, 9.9 сая хүн хорт хавдрын улмаас нас баржээ. Тэгвэл Монгол Улсад 2021 онд 5981 хүн хавдраар оношлогдсоноос 4559 хүн хорвоог орхижээ. Хавдраар өвчилсөн хүмүүсийн 72.5 хувь нь хожуу шатандаа оношлогдож, үүний 60 хувь нь онош тогтоогдсоноос хойш нэг жил хүрэхгүй хугацаанд л амьдардаг аж. Мөн хавдраар өвчлөгсөдийн 80 хувь нь 45-аас дээш насныхан байдаг байна.

ХСҮТ-ийн ерөнхий захирал Н.Эрдэнэхүү: ” Монгол Улсад хавдарт өвчнөөр нийтдээ 25-27 мянган хүн амьдардаг. Хавдар өвчтэй тэмцэж яваа энэ хүмүүс ганцаараа биш байдаг. Ард нь маш олон хүн шаналсан зовсон хүмүүс байдаг. Хавдар өвчний шинж чанар нь санхүүгийн болон эрүүл мэнд, гэр бүлийн сэтгэл санаа зэрэг олон зүйлүүдэд асар их дарамт болдог. Энэ их дарамтыг байхгүй болгохын тулд урлаг эмчилгээг давхар хийх ёстой. Тиймдээ ч бид бүхэн өөрсдийн бололцоогоор ХСҮТ дээр Хавдар гэх өвчнийг даван туулж байгаа энэ хүмүүстээ сэтгэлийн дэм өгөн энэхүү өдөрлөгийг зохион байгуулж байна. Хүний биеийн эд эс сэтгэл хөдлөлөөр зохицуулагдаж байдаг. Аливаа өвчин эмгэг эрүүл байхын гол үндэс нь сэтгэцийн эмгэг байдаг. Хэрвээ тэр хүн амар амгалан эрүүл байхын бол бие мах бодийн тархлаа тогтож үйл ажиллагаа хэвийн явагддаг. Тийм ч учраас дэлхий дахинд art буюу урлагийн эмчилгээ, эмчилгээний дэмжлэг дэмжлэгээ гэж нэрлэгдсэн. Энэ эмчилгээ дэлхий дахинд эмнэлгийн болон эмнэлгийн бус орчинд өндөр хэмжээнд хийгддэг болсон” гэлээ.

Хавдрыг даван туулагч Д.Оюунтуяа: “Хавдар бол эдгэрдэг өвчин. Хавдрын өвчний оношоо сонсоод хүн өөрийгөө үхэлрүү орчихлоо гэж боддог. Яг үнэндээ өөрийнхөө өвчний талаар үнэн зөв, бодит мэдээллийг өөрсдөө уншиж судлах хэрэгтэй. Дээр үед л хавдрын хаалгаар орсон хүн гарч ирдэггүй гэдэг байсан. Одоо ХСҮТ эмнэлэг маань тоног төхөөрөмжтэй болж орчин үетэй хөл нийцсэн дэлхийн жишигт хүрсэн эмчилгээг хийж байгаа учраас хавдар эдгэрэх бүрэн боломжтой. Хамгийн гол нь өвчтөн болон ар гэр, эмч гурвын хамтын ажиллагаа чухал. Эмч эмчлээд байдаг. Өвчтөн өөрөө сэтгэл гутралтай сөрөг бодолтой байгаад байвал дархлааг дэмжихэд маш хэцүү. Мөн өвчтөн тэмцээд байдаг ар гэрийнх нь хүмүүс ойлгохгүй байвал бас хүндрэлтэй. Тиймээс энэ гурвын хамтын ажиллагааны үр дүнд хавдар эдгэрдэг. Миний хувьд хавдар гэдэг өвчинтэй гэрлээд дөрвөн жил болж байна. Хүн дотоод сэтгэлийн хүчээр энэ өвчнийг даван туулах ёстой байдаг. Би хүнд өвдсөн байх үедээ амьдралыг хар бараанаар харж амьдрал дуусаж байна гэж боддог байсан. Хавдрыг даван туулж байгаа хүмүүстээ сэтгэлийн дэм өгөх өгөх гэж мөн өөрийн гомдлоо тайлахын тулд шүлэг бичдэг. Миний хувьд энэ нь бясалгал болж өгсөн. Зовлон, жаргалтай, ерөөсөн олон шүлэг надад бий. ер нь ямар ч өвчин туссан хүн байсан би босож ирнэ, би эдгэж яваа, энэ хүмүүс намайг эмчилнэ, гэсэн итгэл дүүрэн байх ёстой шүү. Та бүхэн эдгэрэх болно” гэв.

Хорт хавдар нь осол гэмтэл, халдварт өвчин шиг биед гэнэт бий болдоггүй, хүний биед 15-30 жилийн өмнө үүсдэг байна.Тиймээс урьдчилан сэргийлэх бүрэн боломжтой өвчин гэж үздэг. Эрүүл мэндийн даатгалд хамрагдсан иргэн бүр жилд эрт илрүүлэг, урьдчилан сэргийлэх үзлэгт хамрагдах эрхтэй. Засгийн газар, Эрүүл мэндийн яамнаас иргэдийг урьдчилан сэргийлэх үзлэгт тогтмол хамрагдахыг уриалж иргэдийг Эрүүл мэндийн даатгалаар эрт илрүүлэгт тэгш хамруулах зорилгоор энэонд Улсын төсөвт 60.8 тэрбум төгрөг суулгасан.

М.САЙНЗАЯА

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *