Categories
гадаад мэдээ цаг-үе

Турк улс монгол иргэдийг Украинаас гарахад тусална || DNN.mn

Туркийн Гадаад хэргийн сайд Мевлют Чавушоглу Украинаас турк иргэдийг гаргах ажиллагаа эхэлснийг мэдэгдлээ. Тэрээр АПА агентлагт өгсөн ярилцлагадаа “Гадаадын долоон улс иргэдээ Украинаас гаргах ажилд туслаач гэж хүссэн. Эдгээр улс нь Азербайжан, Гана, Катар, Монгол, Сомали, Шри-Ланка, Туркменистан. Мэдээж бид өөрсдийн иргэдээс гадна энэ долоон улсын иргэдийг аюулгүй газар очиход нь дэмжлэг үзүүлнэ” гэжээ. Украины зүүн хэсгийн Днепр хотод Оросын зэвсэгт хүчин дайрч байхад хүүхдийн эмнэлгийн хоргодох байранд жирэмсэн эхчүүд амаржиж, дөнгөж төрсөн нярай хүүхдүүд агаарын дутагдалд орж буй харамсалтай дүрс бичлэг цахим орчинд тараад буй юм. Нярайн тасагт хэвтэн эмчлүүлж байсан арав орчим нярайг тус эмнэлгийн подваль дахь агуулахын өрөөнд бөмбөгдөлтөөс болж яаралтай оруулжээ. Тус бичлэгээр агаарын дутагдалд орсон хүүхдүүдэд хийлдэг уут ашиглан агаар хүргэж байгаа нь гарч байна. “Энэ бол Украины эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төв юм. Бөмбөгдөлтөөс хоргодох байранд эмч, сувилагч нар үүргээ гүйцэтгэсээр байна. Та төсөөлж байна уу?” гэж Днепропетровск мужийн хүүхдийн клиникийн эмнэлгийн нярайн тасгийн эрхлэгч, доктор Денис Сурков Нью-Йорк Таймс сонинд илгээсэн бичлэгтээ дурдсан байна. Нөхцөл байдал ийм хүнд байгаа үед хоргодох байранд буй жирэмсэн эхчүүд болон нярайн эрүүл мэндийг бодолцон үзэж, яаралтай тусламж илгээхийг доктор Денис Сурков хүсчээ. Одоогийн байдлаар ОХУ-ын түрэмгийлэл намжаагүй байгаа ч холбогдох албаны хүмүүс чадах бүх зүйлээрээ тусална гэж хариу мэдэгдсэн байна.

ТОВЧХОН


Өчигдрийн байдлаар эх орноо орхин хөрш зэргэлдээ улс руу дүрвэсэн Украин иргэдийн тоо 150.000 хүрчээ. Тэд Румын, Польш, Унгар, Словак, Молдав зэрэг улс руу дүрвэж буй тэднийг дулаан хувцас, байр, хоол хүнс зэргээр хангаж хууль эрх зүйн туслалцаа үзүүлж байгаа аж. Зарим иргэд галт тэргээр зорчин хил давж байгаа бол зарим нь машин, автобус болон явганаар хил давж эх орноо орхин гарч байна.

l l l

Мариуполь хотын төв эмнэлэг цусаа хандивлахыг хүссэн энгийн иргэдээр дүүрчээ. Тус эмнэлэг нь Украины зүүн хэсэг дэх Донецк муж дахь хамгийн том эрчимт эмчилгээний тасагтай ч өдөрт ердөө 200 хүнээс цус авах хүчин чадалтай аж. Оросын цэргүүд пүрэв гаригт дайралт хийснээс хойш иргэд цус хандивлахаар ихээр ирэх болсон бөгөөд эмч нар ачааллаа дийлэхгүйн улмаас тэднийг буцаахад хүрчээ. Цус сэлбэх төвийн захирал Мавров Володимир Георгиевич хэлэхдээ “Манай эмнэлэг амь насанд аюултай хүнд гэмтэл авсан энгийн иргэд болон цэргүүдийг эмчилдэг бөгөөд ойролцоох цэргийн эмнэлэгт иргэдийн хандивласан цусыг хүргэдэг. Манай эмнэлгийн гадаа нас, хүйс харгалзахгүй хүмүүс хэдэн цагаар ч хамаагүй дугаарлан, бусдыг аврахын тулд чадах бүхнээ хийж байна” гэжээ.

l l l

Украины хямралд нэлээд болгоомжтой хандаж байсан Герман улс байр сууриа эрс өөрчиллөө.Тус улсын засгийн газар танк эсэргүүцэгч зэвсэг 1,000, газар-агаар ангиллын Стингер пуужин харвагч зэвсэг 500 ширхэгийг Украинд яаралтай илгээх болсноо бямба гаригийн орой зарласан байна. “Украиныг Орос улс эзлэн түрэмгийлсэн нь эргэлтийн цэг боллоо. Дэлхийн хоёрдугаар дайны дараа бидний тогтоосон дэг журам устах аюултай тулгараад байна. Ийм нөхцөлд Владимир Путины эзлэн түрэмгийлэгч армиас өөрийгөө хамгаалахад нь Украинд чадах бүхнээрээ туслах бол бидний үүрэг юм” гэжÒÎâ×ÕÎÍ

Германы канцлер Олаф Шольц мэдэгджээ. Уг мэдэгдлийн өмнөхөн Герман улс өөрийнх нь үйлдвэрлэсэн зэвсгийг Украин руу илгээх хүсэлт гаргасан улсуудад зөвшөөрөл олгож эхэлсэн юм. Тухайлбал, Берлиний эрх баригчдын зөвшөөрлөөр Нидерланд улс Германд үйлдвэрлэсэн танк эсэргүүцэх зэвсэг 400 ширхэгийг Украинд илгээхээр болсон. Эстони улс мөн 9 ширхэг D-30 их бууг Украинд илгээх зөвшөөрлийг Германы засгийн газраас авсан байна. Дээрхээс гадна Герман улс 14 ширхэг хуягт машин, 10,000 тонн шатахуун нэмж илгээхээр болсныг тус улсын эдийн засгийн яам зарласан байна.

l l l

АНУ-ын Өвчинд хяналт тавих, урьдчилан сэргийлэх төв “Ковид-19” халдварын улмаас эмнэлэгт хэвтэн эмчлүүлэгсдийн түвшнийг харгалзан амны хаалт зүүх журмыг сулруулах удирдамжаа танилцуулжээ. Энэхүү шинэ удирдамжид “Ковид-19”-ийн өвчлөлийн улмаас эмнэлгийн ачаалал хэтэрч болзошгүй бүсийн оршин суугчдад битүү орчинд амны хаалт зүүхийг зөвлөнө хэмээн тусгажээ. Ингэснээр америкчуудын 70 гаруй хувь нь амны хаалт зүүх шаардлагагүй болж байгаа ажээ.“Хүн амын дийлэнх хэсэгт дархлаа тогтсон тул халдвар авсан тохиолдолд хүндээр өвчлөх эрсдэл ерөнхийдөө бага байна. Энэхүү шинэчлэгдсэн журам нь бидний урьдчилан сэргийлэх хүчин чармайлтыг хүндээр өвчлөх өндөр эрсдэлтэй хүмүүсийг хамгаалах, эмнэлэг, эрүүл мэндийн тогтолцооны ачааллыг хэтрэхээс сэргийлэхэд түлхүү анхаарах нөхцөлийг бүрдүүлнэ” гэжээ.

l l l

Европын Холбооны улсууд Оросын агаарын тээврийн компаниудад агаарын орон зайгаа хааж байна гэж “ARD” телевизийн сувгийн Берлин дэх товчооны сэтгүүлч мэдээлэлтэй эх сурвалжаас эш татан мэдээлсэн байна. Тэрбээр яг хэзээнээс хаахаар төлөвлөж байгаа талаар дурдаагүй байна. Өмнө нь Словак, Литва, Румын, Чех, Польш, Болгар зэрэг Европын хэд хэдэн орон Оросын нисэх онгоцуудад агаарын орон зайгаа хаасан. Герман ч мөн ийм алхам хийхээ мэдэгджээ. “Росавиация” буюу ОХУ-ын Иргэний агаарын тээврийн байгууллага хариуд нь эдгээр улсын нисэх онгоцуудад агаарын хилээ хааж эхэлсэн байна.

l l l

Америкийн “Consumer Reports” сэтгүүл 2022 оны шилдэг машинуудыг нэрлэжээ. Эдгээр загваруудыг шалгаруулахдаа аюулгүй байдал, эрчим хүчний хэмнэлт, хэрэглэгчийн сэтгэл ханамжид үндэслэжээ. Загваруудыг үнээр нь ангилахад 25000 доллар хүртэлх ангилалд “Nissan”-ний хоёр загвар хамгийн шилдэг нь болсон аж. Харин 25000-35000 ам.долларын ангилалд “Subaru Forester”, “Honda Accord”, “Toyota Prius” зэрэг машинууд өндөр үнэлгээ авсан байна. Тэгвэл 35000-45000 долларын үнэтэй автомашинуудаас “Toyota RAV4 Prime”, “Kia Telluride”, “Honda Ridgeline” нар шилдгээр тодорчээ. 45000 доллараас дээш үнэтэй загваруудын жагсаалтад “Ford Mustang Mach-E” цахилгаан кроссовер болон” Lexus RX SUV” багтсан байна.

BBC.CNN. REUTERS.TASS. RIA Novosti-гоос бэлтгэсэн Г.АМАРСАНАА

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *