Categories
гадаад мэдээ

Украины сэтгүүлч хэрхэн Киевээс хүүтэйгээ гарсан тухайгаа хуваалцжээ || DNN.mn

Украины сэтгүүлч хэрхэн Киевээс хүүтэйгээ гарсан тухайгаа хуваалцжээ

ВВС агентлагийн Украин дахь салбарын эрхлэгч Марта Шокало хүүтэйгээ хамт хэрхэн Украинаас гарсан тухайгаа хуваалцжээ.

Тэрээр “Би үүрийн 3 цагт сэрээд хүүтэйгээ Киевээс явах ёстойгоо ойлгосон. Хотын хойноос болон бусад чиглэлээс танкууд орж ирж байсан. Оросын цэрэг хотыг бүсэлж, удахгүй нэвтрэх нь ойлгомжтой байлаа. Радиогоор өглөөний 8 цаг хүртэл агаараас цохилт өгөх магадлалтайг анхааруулж байв. Пүрэв гарагт олон хүн машинаараа Киевээс гарч, Польшийн хил рүү Львов хотыг зүглэн явж байсан. Нөхөр маань Киевт байгаагүй юм. Би нөхөр рүүгээ яриад, хадмынхаа байдаг тосгон руу явах гэж байгаагаа хэлсэн. Хүү маань /пүрэв гарагт/ өдөржин айснаасаа болж дагжин чичирч байсан учраас нөхөр бид хоёр хүүгийнхээ төлөө энэ шийдвэрийг гаргасан юм.

Өнөөдөр би дахиад жаргалтай байгаагаа мэдэрсэн. Гэхдээ арай өөрөөр. Киевээс гарч чадсандаа, амьд үлдсэндээ, хүүтэйгээ хамт аюулгүй газар хүрсэндээ жаргалтай байлаа.

Би юмаа цуглууллаа. Хэзээ буцаж ирэхээ мэдэхгүй болохоор авч явж чадах бүхнээ аваад гарсан. Тосгонд зун хүртэл амьдарч магадгүй учраас усны хувцсаа ч авлаа. Өглөө 07:30 цагт бид хоёр гэрээсээ гараад зүүн тийш чиглэн явав. Киевээр явсаар л байлаа. Зүүн тийшээ зам чөлөөтэй байсан юм. Хотын захад Украины танкуудтай тааралдав. Танкууд бидний эсрэг зүгт, Киев рүү чиглэн явж байлаа.

Бид хоёртой орос цэргүүд тааралдаад зогсоочих вийдээ гэж бодон явлаа. Би цаг үргэлж “Тийшээ л хүрэх хэрэгтэй, тийшээ л хүрчих юмсан” гэж бодсоор явсан. Би замдаа зогсож, утсаа шалган шинэ мэдээ гарсан эсэхийг шалгаж байв. Тэгж би Киевийн хойд захын Оболоньд тулаан болж байгааг мэдсэн. Тэнд амьдардаг ажлынхан маань яаж тэндээсээ гарах вэ гэцгээж байна.

Аймшигтай зүйлс тохиолдож байсан ч нарлаг сайхан өглөө болж, хаврын урь орсон байлаа. Үнэхээр үзэсгэлэнтэй харагдаж байсан.

Хэдэн цагийн дараа бид тосгонд очсон. Бид ноднин жимс түүж байсан моддын хажуугаар өнгөрлөө. Өнөөдөр би дахиад жаргалтай байгаагаа мэдэрсэн. Гэхдээ арай өөрөөр. Киевээс гарч чадсандаа, амьд үлдсэндээ, хүүтэйгээ хамт аюулгүй газар хүрсэндээ жаргалтай байлаа. Энд интернэттэй учраас би ажлаа хийж чадна. Цахилгаан тасалдвал цахилгаан үүсгүүр хэрэглэчихнэ.

ВВС агентлагийн хамтран ажиллагсдын маань аюулгүй байдал надад чухал байна. Зарим нь Киевээс өөр газар амьдардаг найз нөхөд, хамаатан саднаа хайж байна. Би бүгдийг нь хадмындаа урьж байна. Энд хоосон байшин зөндөө бий. Тэдгээр байшинд суувал ззэд нь баярлацгаах болно. Оросын танкууд хэзээ ч ийшээ ирэхгүй гэж бодож байна. Би Киев дэх гэр лүүгээ буцаад явж чадах болов уу? Хэн ч мэдэхгүй” гэжээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *