Categories
гадаад мэдээ нийгэм

Олон мянган дүрвэгч Украины баруун хилийг давж байна || DNN.mn

Оросын цэрэг Украины нийслэл болон бусад хотуудад цохилт өгч байгаатай холбоотойгоор олон мянган хүн тус улсын баруун хилээр хөрш орнууд руугаа дүрвэж эхэлжээ.

Ерөнхийлөгч Зеленский цэргийн насны эрчүүдийг эх орноосоо гарч явахыг хориглосон тул дүрвэгчдийн ихэнх нь хүүхдүүд, эмэгтэйчүүд, өндөр настнууд байна.

Польш, Словак, Унгар, Румын, Молдов улсын эрх баригчид дүрвэгчдийг хүлээж авах, байрлуулах, хоол хүнсээр хангах ажлыг зохион байгуулж эхэлжээ.

Эдгээр орнууд коронавирусийн шинжилгээ авах зэрэг хилээр нэвтрэхтэй холбоотой журмуудаа цуцалж, хөнгөвчилсөн байна.

Дүрвэгчид галт тэрэг, автомашинаар мөн явган ирж байгаа ажээ.

Германы гадаад хэргийн сайд Анналена Баербок үүсээд байгаа нөхцөл байдалтай холбогдуулан Украины бүх дүрвэгчдийг Европын Холбоо хүлээж авахад бэлэн байгаа тухай мэдэгдсэн байна.

“Бид ийм байдалд хүргэхгүй байх бүх арга хэмжээг авсан. Гэвч Оросын ерөнхийлөгч дайн эхлүүлж, хүмүүсийн амь насыг золиосолж эхэллээ. Тиймээс бид дүрвэж ирж буй бүх хүмүүсийг хүлээж авна” гэж тэр хэлжээ.

НҮБ-ын дүрвэгчдийн асуудал хариуцсан агентлагийн тооцоолсноор одоогийн байдлаар Украинд 100,000 гаруй хүн орон гэрээ орхиж яваад байгаа гэнэ. Хэрвээ нөхцөл байдал хүндэрвэл 4 сая хүртэл тооны хүн эх орноосоо дүрвэх тооцоо гарсан байна.

Дүрвэгчдэд нэлээд хатуу ханддаг Унгар улсын эрх баригчид Украинаас ирж буй бүх хүмүүсийг хамгаалалтдаа авах шийдвэр гаргажээ.

Унгарын засгийн газар өмнө нь Ойрх Дорнодын дүрвэгчдийг газар нутагтаа нэвтрүүлэхгүйн тулд хил дээрээ хана хэрэм босгож байсан юм. Польш улс мөн хөрш Беларусь улсаас Ойрх Дорнодын дүрвэгчдийг нэвтрүүлэхгүйн тулд хил дээрээ хаалт босгож байв.

Харин энэ удаа Унгар, Польш улсууд Украины дүрвэгчдэд нэлээд ялгаатай хандаж байна.

Украины баруун хязгаарын Транскарпатад 150,000 орчим унгар үндэстэн амьдардаг. Угсаа гарал, хэл соёлын нэгдмэл байдал нь эдгээр улсуудыг Украины дүрвэгчдэд ялгаатай хандахад нөлөөлж байгаа бололтой.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *