Categories
гадаад мэдээ

ӨДРИЙН СОНИН: В.Путин Украинд халдан довтлов

ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин өчигдөр иргэддээ зориулан үг хэлж “NATO, АНУ болон барууны улсууд биднийг хуурч дуусахгүй яриа хэлэлцээ өрнүүлж бидний саналыг огт тоосонгүй. Донбассын бүгд найрамдах ард улсууд Орос улсад хандан, тусламж хүссэн. Бидэнд улс, эх орон, ард иргэдээ хамгаалах өөр гарц үлдсэнгүй. Нөхцөл байдал биднээс шийдэмгий, шуурхай алхам хийхийг шаардаж байна. Үүнтэй холбогдуулан НҮБ-ын Дүрмийн 7 дугаар хэсэг, 51 дүгээр заалт, Холбооны хурал дэмжиж, ДБНУ, ЛБНУ-тай байгуулсан гэрээний дагуу Донбасст цэргийн тусгай ажиллагаа явуулах шийдвэр гаргаж байна. Энэ бол эзлэн түрэмгийлэл биш бидний дэргэд ирчихээд байгаа NATO-д өгч буй сануулга, төрийн эргэлтээр гарч ирсэн Украины одоогийн нацист төр, засагт өгч байгаа цохилт. Бидний энэ ажиллагаанд саад болох гэсэн аль ч улс түүхэндээ байгаагүй хатуу цээрлэл хүртэх болно” гэж хэлэв.

Үүний дараа ОХУ-ын Батлан хамгаалах яам бид энгийн иргэдэд цохилт өгөхгүй гэж мэдэгдсэн бөгөөд Украины цэргийн байрлал, нисэх буудал, зэвсгийн агуулах, цэргийн үйлдвэрүүдэд пуужин болон агаарын цохилт өгч эхлэв. Мөн Украины мэдээллийн гол гол сүлжээнүүд цахим халдлагад өртөв. Эдгээр мэдээллийн дараа рублийн ханш болон үнэт цааснуудынх нь үнэ Оросын хөрөнгийн зах зээлийн биржийн тогтоосон дээд хязгаарт хүрч унасантай холбоотойгоор Москвагийн бирж арилжаагаа зогсоосон бол удалгүй араас нь Санкт-Петербургийн бирж арилжаагаа зогсоолоо.

Ийнхүү ОХУ Украины бүрэн бүтэн байдалд халдсаны дараа В.Путины талынхны гол найдвар болоод буй БНХАУ “Украиныг тойрсон асуудлыг энхийн замаар шийдэх хаалга одоогоор хаагдаагүй байна” гэж мэдэгдэв. Австралийн ерөнхий сайд Хятад улсад хандан, ОХУ Луганск, Донецкийг тусгаар улс гэж хүлээн зөвшөөрснийг буруутгахыг уриалав. Норвеги улс Оросоос цэргийн ажиллагаа явуулах тухай шийдвэрээ эргэн харж, цэргээ татахыг уриалжээ. НҮБ-ын Аюулгүй байдлын зөвлөл Украины асуудлаар хуралдаж Ерөнхий нарийн бичгийн дарга Антониу Гуттераш хурлын эхэнд Путиныг дайралтаа зогсоож, энх тайван байдлыг сахихыг уриаллаа. Энэ хугацаанд Украины Зэвсэгт хүчин Оросын таван онгоц, нэг нисдэг тэрэг сөнөөсөн тухай мэдээлэв. Энэхүү мэдээллийг Оросын тал үгүйсгэж Украины Зэвсэгт хүчний агаарын баазын дэд бүтцийг ашиглалтаас гарган.Украины агаарын довтолгооноос хамгаалах системийг дарсан гэж ОХУ-ын Батлан хамгаалах яамнаас мэдээлэв. Украины Харьков, Краматорск, Николаевск, Бердянск дахь цэргийн байгууламжуудад дэлбэрэлт болж, түймэр гарч байгаа тухай Оросын төрийн мэдээллийн хэрэгслүүд мэдээлэв.

Их Британийн ерөнхий сайд Борис Жонсон Засгийн газрын “Cobra” онцгой комиссын хуралдаан зарлав. Японы ерөнхий сайд Фүмио Кишида Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн шуурхай хуралдаан зарлажээ. Мөн Европын холбооноос Оросын төрийн албан хаагчид, хууль тогтоогчдыг хар жагсаалтад оруулжээ. ОХУ-ын Бүгд Найрамдах Донецк, Луганск Ард Улсыг хүлээн зөвшөөрсөнтэй холбогдуулан Европын холбооноос Оросын улс төр, батлан хамгаалах, эдийн засгийн байгууллагын 400 шахам төлөөлөгч, сэтгүүлчид, олон нийтийн зүтгэлтнүүдийн эсрэг хувийн хориг арга хэмжээ авчээ. Хориг арга хэмжээний жагсаалтад ОХУ-ын ерөнхий сайдын орлогч Марат Хуснуллин, Дмитрий Григоренко, Батлан хамгаалахын сайд Сергей Шойгу, Эдийн засгийн хөгжлийн сайд Максим Орешников, ОХУ-ын ерөнхийлөгчийн тамгын газрын дарга Антон Вайно, ОХУ-ын гадаад хэргийн яамны албан ёсны төлөөлөгч Мария Захарова болон тус улсын Засгийн газрын гишүүд багтжээ.

Хар жагсаалтад орсон, шийтгэл авсан хүмүүсийн бүрэн жагсаалтад одоо 555 хүн, 52 байгууллага багтаж байна. Тэд бүгд Европын холбоонд нэвтрэх болон банкны системд нэвтэрч чадахгүй, хориглуулж байгаа юм. Тэгвэл Украины ерөнхийлөгч Владимир Зеленский Оросын ард түмэнд ерөнхийлөгч бус жирийн украин иргэний хувьд хандан “Та бүхэн л энэ дайны гамшгийг зогсоож чадна” гэж мэдэгдсэний дараа өөрийн улсын иргэддээ хандан үг хэлж, тус улс даяар байлдааны бэлэн байдал тогтоосноо мэдэгдэв. Тэрээр “Украины хүндэт иргэд ээ! Өнөөдөр ерөнхийлөгч Путин Донбасст тусгай ажиллагаа явуулах шийдвэр гаргаснаа мэдэгдлээ. ОХУ манай цэргийн дэд бүтцэд цохилт өглөө” гэж тэрбээр онцлон тэмдэглэсэн байна. Тэрбээр “Бид байлдааны бэлэн байдал зарлаж байна” гээд аль болох гэртээ байхыг иргэдээсээ хүссэн байна. “Бүү сандар, бид хүчтэй, бид бүх зүйлд бэлэн, бид бүгдийг ялах болно” гэж В.Зеленский цохон тэмдэглэжээ. Үүний дараа Цагаан ордноос “АНУ-ын ерөнхийлөгч Жо.Байден Украины Ерөнхийлөгч В.Зеленскийтэй утсаар ярьсан. Владимир Зеленский В.Путиныг зогсоох талаар дэлхийн улс орнуудын удирдагчидтай ярьж, нөлөөлөхийг хүссэн. Удахгүй ерөнхийлөгч Жо.Байден “Их 7”-гийн бүлгийн удирдагчидтай уулзана, холбоотнуудтайгаа нийлж, ОХУ-д маш хатуу хориг тавих талаар ярилцах болно” гэж мэдэгдсэн байна. Ийнхүү АНУ-ын тагнуулын байгууллагаас сэрэмжлүүлж байсан бүхэн хугацаанаас бусдаар яг таг үнэн байсан нь батлагдаж, В.Путин улс иргэдийнхээ эрх ашгийн төлөө гэж байгаа ч үнэн хэрэгтээ ОХУ-ын ерөнхийлөгч болон тойрон хүрээлэгчид эх орноосоо урван, сайн дураараа эзлэн түрэмгийлэгчид болж олон улсын Гаагийн шүүхийн өмнө очих болзол хангав.

Г.АМАРСАНАА

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *