ОХУ Украин руу эзлэн түрэмгийллээ эхлүүлсэн талаарх мэдээллийн дараа брент газрын тосны үнэ 100 ам.долларыг давж огцом өслөө.
ОХУ бол Саудын Арабын дараа бичигддэг, газрын тосны хоёр дахь том экспортлогч төдийгүй байгалийн хийн дэлхийн хамгийн том нийлүүлэгч улс юм.
Газрын тосны зах зээлийн тоглогчид яг одоо барууны орнууд ОХУ-ын эсрэг ямар хариу арга хэмжээ авахыг анхааралтай ажиглаж байгааг ING группийн түүхий эдийн стратегийн тэргүүн Уоррен Паттерсон Блүүмбергт ярьжээ.
Газрын тосноос гадна алтны ханш сүүлийн 13 сарын дээд түвшинд хүрч, мөн огцом өсөөд байна. Унц алтны үнэ 1,939.97 ам.доллар болж 1.7 хувь өсөөд байна.
ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин өнөөдөр зэвсэгт хүчиндээ Донбассын бүс нутагт “тусгай ажиллагаа” явуулах тушаал өгснөө зарласан ба Украин улсыг бүрэн эзлэх төлөвлөгөөгүй, зөвхөн салан тусгаарласан Донецк, Луганскийн иргэдийг Киевийн довтолгооноос хамгаалах тухай мэдэгдсэн. Харин Киев хотод тэсрэлтийн чимээ сонсогдож эхэлснийг тэнд байгаа гадаадын сурвалжлагчид мэдээлээд байгаа юм.